“Korean Air” өрсөлдөгчөө шахахын тулд лоббидсон уу?
“Korean Air” компанийн тухай асуудал сүүлийн үед олон улсын анхаарлыг татах болов. Учир нь тус компани бизнесийн өрсөлдөөнд монополь эрх эдэлж буй гэдгийг БНСУ-ын Шударга өрсөлдөөний хорооноос баталсан аж.
Одоогийн байдлаар тус компани Инчоноос Улаанбаатар хүрэх нислэгийг үйлдэж байгаа. Монголчуудын хувьд БНСУ руу хамгийн их явдаг бөгөөд ингэхдээ сонголт хийх эрхгүйн улмаас зөвхөн “Korean Air”-ээр л зорчдог. Учир нь Инчон-Улаанбаатар-Инчон чиглэлийн нислэгийн эрхийг дээрх компани авсан.
Хамгийн гол нь Инчоноос Улаанбаатар хүрэх болон Инчоноос Гуанжу хүртэл нисэх хугацаа нь адилхан гурван цаг 30 минут. Гэтэл зуны улиралд, мөн сард үйлдэх нислэгийн тоо зэргээр хамгийн дээгүүр бичигддэг Улаанбаатарын нислэгийн тариф Гуанжүгийн чиглэлээс 20 хувиар өндөр үнэтэй байдаг ажээ.
Үүнээс гадна “Korean Air”-ээс өөр сонголтгүй зорчигчдод олон цагийн турш дугаарлан зогсох, суудал олдохгүй байх зэрэг бэрхшээл байнга тохиолддог. Зорчигчдын эрэлтээс шалтгаалж долоо хоногт зургаан удаа нислэг үйлддэг гэдэг ч дээрх асуудал багасах нь бүү хэл сүүлийн жилүүдэд бүр ч гаарсан гэхэд болно.
Гэхдээ ийм гомдол гарсан ч тус компани энэхүү бизнест бусад өрсөлдөгчийг оруулж ирэх сонирхолгүй гэдгээ батлах болсон. Тодруулбал, БНСУ-ын агаарын тээвэрт “Korean Air”-тэй эн зэрэгцэх, өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг “ASIANA” компани Инчон-Улаанбаатарын чиглэлийн нислэгийн эрхийг авахын тулд хэд хэдэн удаа санал гаргасан ч эсэргүүцэлтэй тулгарсаар өнөөдрийг хүрсэн юм байна.
Солонгосын “CBS” телевизээр энэ тухай мэдээ гарчээ. Энд, БНСУ-ын Шударга өрсөлдөөний хорооны шалгалтаар “ASIANA”-д зөвшөөрөл өгөхгүй байгаа шалтгааныг тодорхойлсон аж. Шалгалтын тайланд дурдсанаар “Korean Air” компанийг уг чиглэлд бусад авиа компанийг оруулахгүйн тулд лоббидсон гэжээ. Ингэхдээ “ASIANA”-д зөвшөөрөл олгоогүйн хариуд Монгол, Солонгосын албаны хүмүүсийн бүх зардлыг дааж, аялуулсан нь илэрсэн байна.
Хамгийн гол нь иймэрхүү байдлаар лобби хийх хооронд Монгол-Солонгосын хооронд зорчиж буй иргэд хохирсоор байгаа нь харамсалтай. Уг нь Шударга өрсөлдөөний хорооноос “Korean Air” компанийн үйл ажиллагаанд анхаарч, дахин иймэрхүү шударга бус бизнес явуулахгүй байхыг анхааруулсан ч одоогоор хариулт өгөөгүй байгаа гэнэ. Тиймээс уг хорооноос энэхүү шалгалтын дүгнэлтийг БНСУ-ын Газар, далайн яаманд мэдээлэхийн зэрэгцээ гаргасан тушаалыг даруй биелүүлэхгүй бол прокурорын газар өгнө гэж сануулсан байна.
“ASIANA” компанийн хувьд заавал Инчон-Улаанбаатарын хооронд биш Пусан-Улаанбаатарын нислэгийг үйлдэх хүсэлтийг ИНЕГ-т тавьсан ажээ. Тодруулбал, 2011 оны дөрөвдүгээр сарын 18-нд зургаадугаар сарын нислэгийн эрхийг авахаар албан санал хүргүүлсэн ч ямар нэгэн хариу өгөөгүй гэнэ.
Дээрх компанид Монголын агаарын тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудтай түншилж байсан туршлага бий. Тухайлбал МИАТ, “Mongolian Airlines” зэрэг авиа компанитай үйлчлэгч сургах, онгоцны засвар хийх зэргээр хамтран ажиллаж байжээ. Түүнээс гадна 22 улсын 27 хотод нислэг үйлддэг энэ компани “Golden Grand Slam” хэмээх дэлхийн хэмжээний нэр хүндтэй шагналыг хүртэж байсан. Мөн 2009, 2010 оны Шилдэг авиа компаниар тодорч байсан амжилттай аж.
Уг нь Монголын агаарын тээвэрт үйл ажиллагаа явуулдаг компанийн тоо нэмэгдвэл бизнесийн цэвэр өрсөлдөөн бий болж, үүний дүнд зорчигчдод таатай нөхцөл үүсэх нь ойлгомжтой. Ийм байтал өнөөдрийг хүртэл хамгийн олон зорчигчтой нислэгийн замд монополь үүссэн нь анхаарал татахаас өөр аргагүй юм.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: