“Тираннозавр батаар” нь зөвхөн Монгол Улсаас олддог гэсэн баримтуудыг цуглуулжээ
АНУ-ын ”Heritage auction” худалдаагаар өнгөрөгч сарын 20-нд орсон “Тираннозавр батаар” /Тарбозавр батаар/ үлэг гүрвэлийн олдворын гарал үүслийг тогтоох, судлах үйл явцын тухай хамгийн сүүлийн мэдээгээр уг ажилд Монголын талыг төлөөлж оролцох ажлын хэсэг АНУ-ын Нью-Йорк хотыг өчигдөр зориод байна.
Одоогийн байдлаар Монголын талын хуульчаар ажиллаж буй Роберт Пейнтэрийн хүсэлтээр Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай /хэсэгчлэн/, Эрүүгийн хууль /хэсэгчлэн/-иудыг англи хэлнээ хөрвүүлж, ХЗДХЯ-аар хянуулан, Гадаад харилцааны яамаар албажуулан түүнд илгээгээд байгаа юм байна. Хуульч Роберт Пейнтэрийн өгсөн мэдээллийн дагуу энэ сарын 5-6-ны хооронд “Тираннозавр батаар” үлэг гүрвэлийн хэлхээ ясанд гарал үүслийг тогтоох шинжилгээг хийх болжээ. Уг ажилд шинжээчээр ШУА-ийн Палеонтологийн төвийн Лаборатори, музейн эрхлэгч Х.Цогтбаатар, ажлын хэсгийн ахлагч Б.Наранзун нар оролцох юм.
Мөн шинжээчийн багт Америкийн байгалийн түүхийн музейн Палеонтологийн хэлтсийн удирдагч доктор Марк Норел, Канадын Палеонтологи Үлэг гүрвэлийн тэргүүлэх судлаач, Сээр нуруутны Палеонтологийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, доктор професссор Филип Керри нарыг оролцуулахаар тохирчээ.
Түүнчлэн уг ажилд АНУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Чулуунхүү, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан нар оролцох юм байна.
ШУА-ийн Палеонтологийн төвийн Лаборатори, музейн эрхлэгч Х.Цогтбаатар “Тираннозавр батаар” нь зөвхөн Монгол Улсаас олддог гэдгийг нотлох баримтуудыг цуглуулсан байгаа аж.
Нөгөөтэйгүүр уг ажилтай холбоотойгоор Монгол улсын нутагт хийгдэж байсан палеонтологийн хайгуул, судалгаа, малтлага, улсын хилээр нэвтрэх зөвшөөрөлтэй холбоотой бүхий л мэдээллийг цуглуулж шүүлт хийсэн ч дуудлага худалдаанд орсон олдвортой холбоотой мэдээлэл илрээгүй байна. Тиймээс уг олдвор нь Монгол улсаас гаралтай гэгдгийг албан ёсоор тогтоовол түүнийг хууль бусаар малтсан, улсын хилээр нэвтрүүлсэн асуудлыг Интерполын Монгол дахь төвтэй хамтран шалгах ажиллагааг үргэлжлүүлэх болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс уг олдворын гарал үүслийн тогтоохоор ”Heritage auction” дуудлага худалдааны газартай хамтран ажиллахаар болсон. Уг олдвор Монгол Улсаас гаралтай гэдэг нь тогтоогдвол түүнийг шүүхийн журмаар, эсвэл худалдан авагчтай тохиролцон тодорхой нөхөн төлбөртэйгөөр эргүүлэн авчрах асуудлыг судалж байгаа юм байна.
Цаашид уг ажилд шинжээчээр ажиллах гадаад улсын иргэдийн зардал, хууль зүйн үйлчилгээний зардал, худалдан авагчтай тохирвол түүний нөхөн төлбөр зэрэг зардалд хөрөнгө хуваарилах шаардлагатай бөгөөд одоогоор нийт зардлыг урьдчилан тооцоолох боломжгүй байгаа тухай БСШУЯ-наас мэдээлэл өглөө.
Н.Туяа
Эх сурвалж: “Монцамэ”
URL: