Энэ жилийн сонгуулиар 600 орчим хүн нэр дэвшинэ

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав өчигдөр хэвлэлийнхэнд дараахь мэдээллийг өглөө.

-Энэ сарын найманд сонгуульд санал өгөх хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргана гэсэн. Иргэд санал өгөх эсэх мэдээллээ хаанаас, яаж авах вэ?

-Сонгуулийн үеийн үйл ажиллагааны цагийн хуваарийг хуулиндаа тусгаад өгчихсөн байгаа. Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар сонгогчид УБЕГ-ын цахим хуудсанд нэвтэрч өөрийн нэрийг шалгах боломжтой. Мөн энэ сарын 8-наас сонгуулийн хэсгийн хороод дээр сонгогчдын нэрсийн жагсаалтыг наана. Харин сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой санал гомдол байвал санал хураах өдрөөс арван хоногийн өмнө зогсох учир санал гомдлоо хуулийн хугацаанд нь гаргах нь чухал.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналаа өгөх боломжийг яаж хангасан бэ?

-Энэ тухай мөн л хуулийн заалттай. Энэ хүрээнд асуудлыг шийдэх болно. Тодруулбал сонгуулийн тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэн саналаа тэмдэглэх чадваргүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тусламжтайгаар саналын хуудсыг бөглүүлэх боломжтой.

-МАХН-аас нэр дэвшиж буй зарим хүмүүсийг бүртгэхээс татгалзсан гэсэн. Ямар шалтгаантай вэ?

-МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл нийт 28 хүнийг намын жагсаалтаар дэвшүүлсэн. Үүнээс дөрвөн хүний асуудлыг эвслээс зохих ёсны тодруулга авсны дараа бүртгэх эсэхыг шийдье гэж СЕХ шийдсэн байгаа. Энэ нь МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой нийслэлийн прокурор СБД-ын шүүхээс ирсэн албан бичгийг эвслийн зохих ёсны хуралдаанаар хэлэлцэж тодруулгаа ирүүлэх ёстой гэсний дагуу асуудлыг шийдвэрлэхийг түр хойшлуулж байна. Н.Энхбаяраас гадна энэ эвслээс гурван хүний нэрийг бүртгэхээс түр татгалзаад байгаа. Эдгээрт Т.Нарангэрэл, Энхтөр, Санжаадорж нар багтаж байгаа юм. Энэ нэр дэвшигчдийг төрийн албан хаагч мөн эсэхийг нь нягталж, төрийн албан хайгч байвал ажлаас чөлөөлөгдснийх нь дараа СЕХ бүртгэхээр болсон.

-Н.Энхбаярыг шүүх хурал энэ сарын 12-ныг хүртэл хойшилсон. Харин энэ хооронд нэр дэвшигчийг бүртгэх ажил дуусчихна. Тэгэхээр асуудлыг яаж шийдвэрлэх вэ?

-Ял шийтгэл авахгүй л бол нэр дэвших эрх нь нээлттэй гэж болно. Бусад нэр дэвшигчдийг бүртгэх асуудлаар СЕХ дахин хуралдана. Энэ хуралдаанаас эцсийн шийд гарах байх.

-Үүнээс гадна хэд хэдэн намаас нэрдэвшигчийгбүртгээгүй байсан. Сонгуулийн хуулийн ямар заалтыг зөрчсөн юм бол оо?

-МУНН, ЭХ орон нам, МСДН-ын хувьд бол хуулийн 27.2-т заасан нийт нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь эмэгтэй нэр дэвшигч байна гэсэн шаардлагыг хангаагүй учраас нийт нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан. Эдгээр намууд хуульд заасны дагуу зөрчлөө арилгах боломж нь нээлттэй байгаа. Харин Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын хувьд хуулийн 27.4-т зааснаар нууц санал хураалтаар намын жагсаалтад нэр дэвшигчдийг тодруулах ёстой гэснийг зөрчсөн учраас нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзлаа. Мөн Хөгжлийн хөтөлбөр намынхан дээрх заалтын дагуу нэр дэвшигчдээ тодруулаагүй байсан. Тиймээс мөн нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан хариуг тус намд хүргүүлээд байна.

-Нийт хэдэн нэр дэвшигч бүртгүүлсэн бэ?

-Намын жагсаалтаар сонгуульд өрсөлдөхөөр 207 хүн бүртгүүлсэн байна. Харин тойрогт 343 хүн нэр дэвшиж байгаа. Ингээд харахаар намуудаас нэр дэвшигч 550-д хүрч байна. Бие даан нэр дэвшигчдээ нэмвэл 600-д дөхөх байх.

-Бие даан нэр дэвшигч хэд байгаа вэ?

-Тойргуудаас мэдээлэл нь бүрэн гүйцэд ирээгүй байгаа учир энэ талаар ярихад эрт байна. Ер нь СЕХ хуулийн дагуу нийт нэр дэвшигчдийн нэрсийг зарлана. Хараахан хуулийн хугацаа нь болоогүй байгаа.

Л.ТӨР


URL:

Сэтгэгдэл бичих