Эхлээд эх орондоо албаа хаагаад ир дээ
Энэ удаагийн улс төрийн сонгуульд 11 нам, хоёр эвсэл өрсөлдөхөөр батламжаа гардлаа. Мэдээж нэр дэвшигчдээ эцэслэн тодруулснаар сонгуулийн өмнө явагддаг хамгийн хүнд ажлынхаа ард гарсан гэсэн үг. Энэхүү үйл явц цаг хугацаа ихээхэн авдаг, намын шийдвэр гаргагчдын хувьд жинхэнэ толгойны өвчин байдаг төдийгүй бүх намын адилхан амсдаг зовлон билээ. Тухайлбал, эрх баригч МАН гэхэд намын анхан шатны байгууллагаасаа санал болгогдсон 1000 гаруй хүн дотроос шигшиж, эцэст нь санал хураалтын зарчмаар УИХ-ын сонгуульд намаа төлөөлөн өрсөлдөх шилдэг 76 нэр дэвшигчийг тодруулсан хэмээн тус намын дарга С.Батболд мэдэгдсэн. Үнэхээр ч 200 шахам мянган гишүүнтэй энэ том нам дотроос 76 хүнийг тодруулна гэдэг туйлын бэрх бөгөөд дарамттай ажил биз. МАН энэ удаагийн сонгуульд ахмад, дунд, залуу үе гэсэн гурван үеийн төлөөллүүдээсээ эн тэнцүү хувиар нэр дэвшүүлжээ. Тус намын багт энэ удаа парламентын 35 гишүүн, Засгийн газрын 19 гишүүн, сайд, дэд сайд, мөн янз бүрийн төвшний намын удирдах ажилтнуудын дотроос шигшигдсэн 11 хүн, бизнесийн салбараас долоон хүн, төрийн бус байгууллагын төлөөллүүдээс гурван хүн тус тус дэвшүүлжээ. Тэдний дотор академич, доктор, профессор цолтон 12, генерал, хөдөлмөрийн баатар, Монгол Улсын аварга, гавьяат цолтон 11 байна. Эмэгтэйчүүдийн хувьд 10-ыг нь намын листээр, зургааг нь тойрогт нэр дэвшүүлэхээр батламжиллаа.
Нэр дэвшигчдийг чанар чансаагаар нь авч үзвэл намуудын нэр дэвшигчдээс төрд зүтгэсэн түүх, ачаа дааж явсан туршлага, эзэмшсэн эрдэм чадвар, мэдлэг боловсролоороо хамгийн хүчирхэг нь эрх баригч МАН, сөрөг хүчин АН хоёрын дэвшүүлсэн багууд байна. Аль ч талаас нь харсан тус намуудын баг жин дарж байгааг ажиглагчид санал нэгтэй дүгнэж байгаа юм.
Энэ удаагийн сонгуульд эхнээс нь түрэмгийхэн “үзэж” байгаа өөр нэгэн баг бол шинээр байгуулагдсан МАХН, МҮАН-ын шударга ёс эвсэл юм. Тэдний нэр дэвшигчдийг Н.Энхбаяр, Ч.Улаан, О.Чулуунбат, М.Энхсайхан, М.Сономпил, Д.Тэрбишдагва нарын улс төрийн хуучин тоглогчид тэргүүлжээ. Энд тэндээс цуглуулсан, эрээвэр хураавар тус баг дотор эцэг хүүхдүүд хоёр гурваараа нэр дэвшсэн нь улс төрийг гэр бүлжүүлсэн, хэтэрхий сайн дуржуулсан гэх шүүмжлэлд өртөж байна. Зөвхөн намын жагсаалтад гэхэд Н.Энхбаяр өөрөө нэгээр, харин хүү Э.Батшугарыгаа зургаад эрэмбэлүүлжээ. Энэ бол ахиад л нэг хүний дарангуйлалд гэрээ ч бүрэн барьж чадаагүй байж орж эхэлсний илрэл. Яаж ч бодсон Л.Эрдэнэтуул, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар, Ж.Батхуяг нарын хүмүүсийг улаан нялзрай Э.Батшугарын дор эрэмбэлнэ гэдэг санаанд багтамгүй явдал. Жишээ нь, Н.Энхбаяр нэгд юм бол М.Энхсайхан хоёрт зогсох нь эрүүл үзэгдэл биш гэж үү. Энэ удаа МАХН-ынхан шаваа ч олигтойхон тавьж чадахгүй, шальдар бульдар явахад нь ирж ханьссан М.Энхсайхан тэргүүтэй МҮАН-ын нөхдүүддээ үнэхээр хорлон, ханилгаагүй ханджээ. М.Энхсайханыг жагсаалтын хоёрт зогсоохгүй хөдөө рүү “хөөж” чадаж байгаа юм бол элдвийн нэр хоч зүүн энэ лидерийн баруун гарт алхаж ирсэн М.Сономпилыг дөнгөж саяхан оргож гүйж ирсэн Ч.Улаанаас дор үзэж яахин болох билээ дээ. Бүх зүйлийг явж явж хүн ёсны харилцаа, цаадах наадахаа бодсон уужуу ухаалаг сэтгэл л тодорхойлдог шүү дээ. Жишээ нь, энэ багийн төлөө хэдэн жил гудамжинд тэмцсэн Г.Уянгыг жагсаалтын эхний 10-т оруулаагүйг гайхаж барамгүй. Хөхнийхөө сүүг дуслуулан баригдах хоригдохдоо тулан үзэлцэж ирсэн түүнийг хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүсийн зодооны талбарт чулуудаж өгсөн нь бас л өөдгүй явдал мэт санагдана. Ерөөс эрчүүд эмэгтэй нэр дэвшигчдийг энэ удаа илтэд басамжилж байна. Хүүхнүүд тэдний хулгай зэлгий элдэв аргаар олсон бохир мөнгөнд даруулаад л өнгөрөх вий. МАХН өөр нэгэн эцэг, хүү хоёрыг нэр дэвшүүлсэн нь Ч.Хурц болон түүний хүү хоёр гэнэ. Эдгээр явдлууд энэ намыг ерөөсөө гэр бүлийн компани гэж харагдуулж байна. Ийм явдал Монголын улс төрд эрүүл агаар хэзээ ч авчрахгүй. Ийм эз дийлсэн, дур зоргоороо гишгэсэн авираа Монгол төрийн алтан сэнтийний өмнө татаж чадах соёлгүй нөхдүүдийг сонгогчид өлмий дээр нь гишгээд буцаах хэрэгтэй. Бид төрийг тогтворжуулах, парламентыг мэргэшүүлэх, улс орныхоо хөгжлийн бодлогыг шат шатаар ахиулахыг хүсч байгаа болохоос хэдэн амбицтай айлуудыг эхнэр хүүхэдтэй нь эрхлүүлэх гэж сонгууль хийдэггүй. Манай монголчууд эрт дээр үеэс ийм хэтэрсэн ямба, хэтийдсэн шунал хоёрын хоншоор дээр хөө түрхээд буцаадаг чанга бодолтой улс байсан. Одоо тэр дархлаагаа сэргээх цаг болжээ.
Зүй зохисгүй гэж хэлэхэд багадам өөр нэгэн жишээ байна. Тус эвслээс нэр дэвшиж буй Их сургуулийн багш С.Авирмэд, С.Нарангэрэл нар төрийн албаны ажлаа 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс “өгөх” байсан ч өгөлгүйгээр нэр дэвшсэн талаар ажиглагчид гайхан хэлэлцэж байна. Тэр бүү хэл С.Нарангэрэл багш гэхэд эрх баригч МАН-ын гишүүн төдийгүй бүр Бага хурлынх нь гишүүн юм байна. Гэвч тэрбээр энэ намаас гарах өргөдлөө өгөлгүйгээр өөр намын нэр дээр сонгуульд өрсөлдөж яваа нь бөхчүүд хийгээд зохиолын дуучныг тойрсон хошин явдлуудаас илүү ойлгомжгүй харагдана. Ийм сонгогчдын ой санамжийг илт басамжилсан явдлууд олон гарч байна.
Монгол Улсын Үндсэн хуульд 25 нас хүрсэн Монгол Улсын иргэн улс төрийн сонгуульд өрсөлдөх эрхтэйг хуульчилсан байдаг. Тэгвэл шинэ хуулиар 27 хүрсэн, цэргийн алба хаасан эрэгтэйг улс төрийн сонгуульд нэр дэвшихийг хуульчилжээ. Гэтэл Н.Энхбаярын хүү Э.Батшугар цэргийн алба хаагаагүй. Хуулийн дагуу дүйцүүлэх албаар шийдэх ёстой ч энэ асуудал цэрэг татлага явагдаж дууссанаар хаагдсан гэх… Ийм шүүмжлэлүүд гадуур салхины хурдаар түгэж байна. Гэвч эрх танхи байлаа байлаа гэхэд эцэг шигээ дунд хуруу муруу, “п…” үсэг мүсэг болохгүйгээр хуулийн дагуу асуудлаа зохицуулах биз ээ.
Дараагийн нэгэн шуугиан МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс түр татгалзсан хариуг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан явдал болоод байна. Н.Энхбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүрэгт болох юм. СЕХ-нд нийслэлийн прокурор болон Сүхбаатар дүүргийн шүүхээс шүүх ажиллагаа эхэлсэн учраас Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхгүй байхыг хүссэн бичгийг СЕХ-нд хүргүүлсэн байна. Тиймээс СЕХ-ны өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд Н.Энхбаярыг бүртгэх эсэхийг түр хугацаагаар хойшлуулжээ. Одоо бас л хараал занал, үнэн худал хоол сойлт болох байх даа гэж хүмүүс ярьж байна. Зарим нь бүр манай экс энэ удаа хоёр зэрэг дунд хуруу гозойлгоод л асуудлыг шийднэ биз дээ гэж хошигноно. Ингэтлээ замарч замбараагүйтэх гэж дээ. Ичих ч багадах үе ирдэг ажээ.
Хоёр хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийлсэн 13 нам, эвслээс тойрогт нэр дэвшигчдээс бусад нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Уг хуралдаанаар бүх нэр дэвшигчидтэй холбоотой тус хороонд ирүүлсэн бичиг баримтуудыг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгаж, улмаар бүртгэх эсэх асуудлыг нам, эвсэл бүрээр нэгбүрчлэн хэлэлцэж шийдвэрээ гаргасан байна. Ингээд хуульд заасан болзол, шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр Монголын Уламжлалын нэгдсэн нам, Эх орон нам, Монголын социал демократ нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хөгжлийн хөтөлбөр зэрэг намуудын тойрогт нэр дэвшигчдээс бусад нийт нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг гаргажээ. Мөн зарим нэр дэвшигчийг төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тухай шийдвэр, өр төлбөргүй болох тухай эрх бүхий байгууллагын тодорхойлолтоо ирүүлээгүй тул бүртгэхээс татгалзжээ.
Ямартай ч эрх бүхий байгууллагаас тодорхой хүмүүст ил далд утгаар хуульт ёсны дагуу асуудлуудаа шийдвэрлүүлчихээд өрсөлдөөнд орохыг “анхаарууллаа”. Заримыг нь шүүхийн асуудлаа цэгцэл, заримыг нь төрд хашиж байсан албаа өгдөг горимоор нь өг, заримыг нь эхлээд эх орондоо албаа хаачихаад ир дээ гэж аядуухан “гуйсан” хэрэг. Одоо манай хууль сахиулах төрийн байгууллагууд хүсээд ч хана мөргөдөг, аргадаад ч алганы амт үздэг, гуйж гувшаад, элдэв гар хуруу оролцоотой доромжлол амсаад л бүлтгэнэж зогсдог болсон шүү дээ. Тийм болохоор би “гуйлт” хэмээн онцолж байгаа хэрэг юм.
URL: