“Монроуд”-ын Б.Гарамгайбаатар энэ удаа ямар банкийг дампууруулах бол

Компани байгуулахын тулд эх орноо худалдах шахсан Б.Гарамгайбаатар энэ жил ямар банкийг дампууруулах бол оо.

Улсаа зарахад ч бэлэн тэрбээр 2000 оноос хойш “Анод” банкийг саалийн үнээ шиг л сааж ирсэн. Шунал ихэдвэл шулам болно гэгчээр 2008 оны УИХ-ын сонгуульд “Анод” банкийг эргэлтийн хөрөнгөгүй болтол нь шавхаж байгаад дампууруулчихсан гэдэг.

Харин энэ жил ямар банкийг сонгож, дампуу­руулах гэсэн юм бол. Сураг сонсвол Б.Гарамгайбаатар өнгөрсөн жилээс эхэлж л Хэнтий аймагт шоугаа хийсэн гэсэн. Одоо ид дундаа яваа учраас мөнгийг ч цацаж байгаа аж. Жилийн өмнөөс хөрөнгө зарсан сонгуулийн сурталчилгаандаа хэдэн тэрбумаар нь цацсан байж таарна. Тэгэхээр Б.Гарамгайбаатар энэ их хөрөнгийг хаанаас авсан бэ гэдэг асуулт гарч ирнэ. Мэдээж замын компани нь том ч гэсэн хэдэн арван тэрбумаар нь ашиг олоод байдаггүй л байх. Тиймээс аль нэгэн банкнаас их хэмжээний зээл авсан гэдэг нь ойлгомжтой.

Харин ямар банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр сонгуульд өрсөлдсөн нь хэдэн сарын дараа тодрох бололтой. “Анод”-ыг дампууруулсан шигээ их хэмжээний зээл авсан бол ирэх аравдугаар сар гэхэд Монголын бас нэгэн банк дампуурч, хаалгаа барихад хүрэх биз. Үүний дараа ахиад л олон зуун хадгаламж эзэмшигч хохирч үлдэнэ. Энэ үед Б.Гарамгайбаатар мэтийн хүмүүсийн тавьсан өр, зээлийг төр төлөх үү. Бодох л асуудал. Ийм зүйлийг дахин давтагдуулахгүйн тулд холбогдох байгууллагууд шалгах л хэрэгтэй.

2008 онд “Анод” банкны ТУЗ-ийн гишүүд Б.Гарамгайбаатарыг тэрбу­маар нь мөнгө нэхэхэд тат­галзаж чадаагүй аж. Учир нь Б.Гарамгайбаатар “Анод” банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранзтай хамтарч, алдарт “Номаранг”-ийн мөнгөөр “Монроуд” компаниа байгуулсан болохоор тэр. Иймээс охин компанийг нь удирдаж яваа хүнээ УИХ-д гаргахын тулд банкныхаа хадгаламжийг хоосолжээ. Өөрсдөөс нь хэн нэгэн нь УИХ-ын гишүүн болчихвол бизнест нь ч ашигтай гэж бодсон хэрэг биз.

Харамсалтай нь Б.Гарам­гай­­баатар Э.Гүр-Аранз нарын итгэлийг ал­даж, банкийг нь дампуу­руул­чих­сан. Дампуу­руулаад зогссонгүй ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранзыг ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх захирал­тай нь хамт хэрэгтэн болгочихоод байгаа билээ. Б.Гарамгайбаатарын “буя­наар” банкны дарга нар нь хэд хэдэн удаа аавын хаалга татсан.

Харин олон тэрбумаар нь зээл авч, сонгуулийн шоунд цацсан Б.Гарамгайбаатар нэр цэвэр үлдчихээд дахин сонгуульд үзнэ гээд явж байна. Уг нь Э.Гүр-Аранз Б.Гарамгайбаатарыг ажилгүй гэртээ хэвтэж байхад нь дуудаж, “Нома­ранг”-ийн хөрөнгө оруу­лалтаар компанитай болгож өгсөн их “ачтан”. Үүнийг Б.Гарамгайбаатар өөрөө ч ярьдаг юм билээ. Гэтэл үүрэхийг нь чи үүр, янцаглахыг нь би янцаглая гэдэг шиг банк дампуурсан хамаг бурууг нь хэдэн дарга нартаа тохчихоод өөрөө нэр цэвэр үлджээ.

Шууд утгаараа “Мон­роуд”-ын хөрөнгийг “Анод”-ын өрөнд хураачихад буруу­даад байх зүйлгүй. Хэдийгээр хадгаламж эзэмшигчдийн хохирлыг төр барагдуулсан ч Б.Гарамгайбаатар мэтийн “том” зээлдэгчдийн хөрөн­гийг хураах ёстой. Хуулийн тогтолцоо нь ийм. Тэгээд ч Б.Гарамгайбаатарын “Мон­роуд” ХХК “Анод”-ын охин компани шүү дээ. Магадгүй Б.Гарамгай­баатарын өрсөл­дөж байгаа Хэнтий аймагт “Анод”-ын дампуур­лаас болж хохирсон хохирогчид байгаа ч юм бил үү, хэн мэдлээ.

Хэрэв Хэнтийд “Анод”-ын хохирогчид байвал Б.Гарамгайбаатар сонгог­чийнхоо мөнгийг хулгайлж авчихаад хоёр дахиа сонгуульд өрсөлдөж байна гэсэн үг.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих