Арабын хувьсгал үргэлжилж, Facebook-ийн төгсгөл ирсэн долоо хоног

Тунист эхэлсэн “Facebook хувьсгал” ихээхэн эрэлттэй бараа болж, Египет улсад экспортлогдон амжилттай хэрэгжиж байгаа бол өнгөрсөн долоо хоногт Йемен, Ливи, Бахрайн, Алжирт ид хүчээ авч дэлхий нийтийн анхаарлыг татсаар байна. Эдгээр үйл явдлыг ажиглагчид “АНУ-ын хатгалгаар хийгдэж буй ажил” гэж яг хэлэхгүй ч хэрэг явдлын үр дүн цаашид АНУ-д ашигтай байна гэдэгт ерөнхийдөө санал нэгдэж байгаа юм.
Мөн олныг хамарсан интернэт сүлжээний сайн, саар талуудыг дэлгэн харуулж байна гэхэд болно. Дээр дурьдсан орнууд бол хувьсгал гарах магадлалтай орнууд бөгөөд цалин нэмэхийг шаардсан, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал бол бараг бүх улс оронд болсон. Хувьсгал хийж, сонгуульдаж, жагсч долоо хоногийг өнгөрүүлсэн энэ бүс нутгийнхан өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдийг хамгийн завгүй байлгасан юм. Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн интернэт хэрэглэгчдийн дунд тарсан шуугиан амьдрал дээр биеллээ олж, хамгийн олон хүнийг хамруулж чадсанаараа нийгмийн сүлжээ хэмээх нэрийг хүртсэн “Facebook” цахим хуудсыг үндэслэгч, Гиннессийн номд “Дэлхийн хамгийн залуу тэрбумтан” хэмээн бичигдсэн Марк Цукерберг тодорхойгүй шалтгаанаар компанийнхаа үйл ажиллагааг хаах болсноо мэдэгдсэн нь дэлхий нийтийн гайхлыг төрүүлсэн хамгийн хамгийн үйл явдлаар тодорлоо.
“Компанийнхаа ажлаас залхаж байна, бие дийлэхгүй нь. Facebook хяналтаас гарч болохыг би тооцсонгүй алдаа гаргалаа” (27-той залуу хүн шүү дээ) гэсээр Facebook-ийн дампуурлыг зарласан түүнийг үнэн хэрэгтээ оюуны бүтээл нь нийгэмд сайн сайхныг авчрахаасаа илүү цус урсгаж, манайх, дайсан аль нь мэдэгдэхгүй улсуудын улстөрийн тоглолтын зэмсэг болж байгаад цочирдсондоо ингэж шийдсэн гэж дэлхий нийт таамаглаж байна. Магадгүй, Ойрхи Дорнодоос түүнд заналхийлэл ирсэн ч байж болох. Ойрхи Дорнодын халуурлыг эхлүүлж, дэлхийн хамгийн тогтвортой удирдагчдын тоонд орж байсан Бен Али, Хосни Мубарак зэрэг улстөрчдийг унагасан, цаашид ч олон удирдагчдын карьерт нөлөөлж мэдэхээр байгаа Facebook ийнхүү ирэх сарын 15-наас хаагдахаар боллоо.
Компанийн техник, аюулгүй байдал хариуцсан захирал Аварат Хумнати энэ мэдэгдлийг баталсан ч үгүйсгэсэн мэдээлэл мөн цацагдсаар байна. Ерөнхийлөгчөө хамгийн түрүүнд буюу өнгөрсөн сарын 14-нд унагасан Тунис улсын төрийн эрхийг түр хамаарагч Фуэд Мебазаа улс төрийн хоригдлуудаа бүгдийг нь суллах амлалтаа өнгөрсөн бямба гарагт биелүүллээ. Тэрбээр өршөөлийн хуульд харьцангуй хөнгөн хэрэгтэй 3000 орчим хүн хамрагдана гэж лхагва гарагт мэдэгдээд байсан. Гэхдээ Хууль зүйн сайдынх нь хэлснээр одоо 500 улстөрийн хоригдол ялаа эдэлсээр байгаа юм байна.
Түүний энэ үйлдлийг иргэдэд тал олох гэсэн арга гэж үзэгсэд олон байгаа бөгөөд үлдсэн 500 хүнийг даруй суллахыг шаардаж байгаа аж. Түүнээс гадна засгийн эрхийг авах гэсэн улс төрийн намуудын тэмцэл эрс ширүүсч, иргэдийг дахин талцуулах болсон гэсэн мэдээлэл байна. Үүнээс үзэхэд, дарангуйлагч байсан гэх Бен Алиг огцорсны дараа Тунист бүх зүйл тийм ч сайхан болоогүй бололтой. Тунисын иргэдийн ихэнх нь өдөрт хоёр ам.доллараар амиа зогоодог учир гадаадад цагаачлахыг ихээр хүсдэг байна. Тиймээс улс орны нөхцөл байдал дэлхийн анхааралд орсныг далимдуулаад бараг хүн бүр Европт очиж, “Дарангуйлагч Бен Алигийн хамаатан“ эсвэл “Ойрын шадар хүн” байсан тул эх орондоо амьдрах аргагүй боллоо. Цагаачлах зөвшөөрөл олгоно уу” гэж мэдүүлэхээр яарчээ.
Тунисчуудын хамгийн их цагаачилдаг Итали, Франц төдийгүй Европын бүсийн орнууд “түгшүүр” зарлаад байгаа аж. Ливийн төрийн эрхийг 42 жил барьж буй Муаммар Каддафийг эсэргүүцсэн иргэд Facebook-ээр эвлэлдэн нэгдэж, хоёр дахь том хот Бенгазид энэ сарын 14, 18- ны өдөр эсэргүүцлийн жагсаал хийсэн явдал удирдагчийн уурыг хүргэж цус урслаа. Ер нь энэ өдөр Facebook хувьсгал дэгдээд буй орнуудад 84 хүн амь үрэгдсэний 40 гаруй нь ливи хүн байлаа. Ливийн хүчний байгууллагын мэргэн буучид бямба гарагийн өглөө урд өдөр нь амь үрэгдсэн хүмүүсээ оршуулахаар явж байсан иргэд рүү гал нээж, нийт хохирлын хэмжээг 99 болгосон.
Болсон явдлыг нүдээр харсан гэрч АП агентлагт утсаар өгсөн ярилцлагадаа “Өдөржингөө буудалцлаа. Лавтай 40 гаруй хүн үхсэн. Шархадсан хүмүүс тоймоо алдсан. Тэд чангаар ёолон тусламж гуйх нь аймаар, басхүү өрөвдөлтэй. Хотын төв яг л там шиг байна” гэж өгүүлсэн байна. Бенгази бол Ливийн хоёр дахь том хот гэдгийг дээр өгүүлсэн. Интернэт сүлжээг бүрэн тасалсан учир нийслэл Триполид байдал ямар байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоо болтол алга. Зарим нэг хүний утсаар өгсөн мэдээллээс үзвэл, М.Каддафи хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хатуу хяналт тавьж, сэтгүүлчдийг чөлөөтэй ажиллах бололцоог хаагаад байгаа гэнэ. Хотын баруун хэсэгт дан эмэгтэйчүүдээс бүрдсэн жагсаал хийсэн бөгөөд тэд нийслэлд эсэргүүцлийн хөдөлгөөн үүсгэх боломж тун хомс гэж ярьсан байна.
1001 шөнийн үлгэрт баян тансгаараа Синдбад далайчныг гайхуулсан хэмээн гардаг Йемений Сана балгадад мөн эсэргүүцлийн жагсаал хүчний байгууллагатай мөргөлдсөнөөс хүний амь хохирсон хэрэг гарчээ. Йемен оюутнууд хутга, модон саваагаар зэвсэглэсэн байсан гэнэ. Угандын Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр болсон. Тус улсын сонгогчид Хойд Африкийн удирдагчид дунд “Хосни Мубаракийн фракцийн хүн” гэгддэг Ерөнхийлөгч Йовери Мусевенигийн эсрэг санал өгсөн байж болох юм. Угандын социологийн судалгаа хийдэг агентлагууд сонгуулийн өмнө 1986 оноос хойш Угандын төрийн эрхийг барьж буй Мусевениг 68 хувьтай ялна гэсэн суртал ухуулгыг хийж байв.
Угандачууд Ерөнхийлөгчөө ийнхүү хэл ам хийлгүй сонгуультай золгуулсан бол Йеменчүүд Ерөнхийлөгч Салехынхаа бүрэн эрхийнх нь хугацаа дуусах 2013 оныг хүлээж тэвчихгүй байгаа бололтой. Энэ бүс нутагт багтдаг арлын жижиг улс Бахрейнд өнгөрсөн долоо хоногийн турш мөргөлдөөн болж, сүүлийн хоёр хоногт цуст мөргөлдөөн болж өргөжсөн. АНУ, Их Британи улс үүнд ихэд мэдрэг хандаж байгаа нь хийж байгаа мэдэгдлээс нь илт харагдана. Ираны тэнгисийн цэргийн флоттой ойр оршдог гэдгээрээ тус улс АНУ-д ач холбогдолтой тул Б.Обама БНХАУ, ОХУ-ын хэлдгээр “Бусдын хэрэгт хошуу дүрж” байна.
Алжирын ардчилсан үзэлтнүүд мянга мянгаараа цуглан сар гаруй хугацаанд жагссаны хүчинд Ерөнхийлөгч Абдель Азиз Бутефликагаас лалын хэт даврагчдын үйлдлээр сэргийлэн 1992 онд тогтоож байсан онц байдлаа цуцлах амлалтыг авч чадлаа. Х.Батсайхан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих