Д.Зоригт сайдын 30 хувь
Сонгууль эхэлсэн учраас нэр дэвшигч бүхэн л төрөөс өгснөө, бас өмнөх тоо баримтыг хэрхэн нэмэгдүүлснээ ярьж явна. Бүгдээрээ нэг л их өгдөг, нэмэгдүүлдэг хүмүүс. Гэтэл тэдэн дунд адилхан нэр дэвшигч, басхүү нэр дэвшинэ гэдгээ эртнээс мэдэж байсан мөртлөө төрд буцааж авдаг, төрөөс өгснийг нь цөөрүүлдэг нэг нөхөр байх юм.
Тэр бол Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт. Тэрээр хамгийн сүүлд буюу саяхан Монгол Улсын газар нутгийн 30 хувийг мэдэлдээ авчээ. Зорилготой хүмүүс л зориуд ингэж мушгиад байгаа болохоос Д.Зоригт хувьдаа авна ч гэж юу байх вэ. Д.Зоригтод газар нутгийнхаа 30 хувийг алддаг төр засаг, ард түмэн ч гэж хаана байх билээ. Тэрээр салбарын сайдын хувьд асуудал оруулснаар Монгол Улсын газар нутгийн 30 хувийг төр мэдэлдээ буюу нөөцөд авсан байна. Засгийн газрын хуралдаанаас ийм шийдвэр гаргаснаар энэхүү 30 хувьд ногдох газар нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй юм. Олгохгүй учраас л зарим хүн бухимдахдаа “Д.Зоригт мэдэлдээ авлаа” гэж бухимдсан хэрэг.
Засгийн газрын хуралдааны мэдээнд “Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас санаачлан 21 аймгийн 326 сумын нутаг дэвсгэрийг хамруулан Улсын нөөцөд авах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүллээ. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн 30 хүртэл хувийг хамрах бөгөөд эдгээр талбайг нөөцөд авснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгох ажиллагаа Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт таван жилийн хугацаанд бүрэн зогсох юм” гэжээ.
Сайд Д.Зоригтод 30 хувийн бас нэгэн сайн жишээ бий. Тэр нь бас л уул уурхайн салбарт хамаатай. Ашигт малтмалын лицензийг замбараагүй олгож байна, Монголын газар нутгийн 60 гаруй хувь нь лицензит талбай боллоо гэх шүүмжлэл байдаг байв. Харин сүүлийн жилүүдэд Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цэгцлэхээр нэлээд арга хэмжээ авч ажиллажээ. Үр дүнд нийт нутаг дэвсгэрийн 44.5 хувийг эзэлж байсан тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ 14.2 хувь болж буурсан байна. Энэ нь өмнө нь байсан лицензит талбайг 30 хувь болтол бууруулсан гэсэн үг. Одоо улстөрч бүхний ярилцлага, үгэнд “лицензит талбайг 70 хувь бууруулсан” гэж яриад байгаа биз.
Тэр чинь сайд Д.Зоригтын тэргүүлдэг Эрдэс баялаг эрчим хүчний яамныхны гардаж, үүрч хийсэн ажил юм шүү дээ. Тамхичид тамхиа харамладаггүй гэдэг шиг улстөрчид ч сонгуулийн үеэр автор булаацалддаггүй учраас л “олон эзэн” гарч зэрэг аахилаад байгаа юм. Түүнээс бус, “чи дуугүй бай, би зуун хувь” гэж залуусын нэг дуу байдаг даа, үүн шиг Д.Зоригт сайдын 30 хувийн хоёр жишээ бол үг дуугүй түүний хийсэн ажил.
URL: