Би сая төгрөгөө болиод тавантолгойн хувьцаа болгоё оо
Сүүлийн үед иргэдийн амнаас ийм утга бүхий үг унах боллоо. Олон жилийн өмнө цэнхэр, ягаан тасалбар гээчийг тарааж Монгол Улсын иргэн бүр энэхүү тасалбараас авсан. Цэнхэр ягаан тасалбар нь манай улсын томоохон компаниудын хувьцаа байсан. Ерээд оны эхээр байсан болохоор нөгөө хэдэн үйлдвэрүүд нь хаалгаа барьж бидний авсан хувьцаа зүгээр л нэг өнгийн цаас болж хувирсан. Гэхдээ сэргэлэн нэг нь тун ч их ашгийг энэхүү цэнхэр ягаан тасалбараар босгож авсныг мэдэх юм. Зарим хашир толгойнууд бол одоо ч ашиг шимийг нь хүртэж суугаа шүү. Тэр дундаа Өмнөговь аймгийн бага Тавантолгойн хувьцааг авсан нөхдүүд ёстой нөгөө зүгээр сууж байгаад л мөнгө авчихдаг юм. Тэгэхээр одоогийн энэ Засгийн газрын хийгээд байгаа “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг Монгол хүн бүр эзэмшинэ гэдэг тэнгэрийн умдаг атгахтай л адил юм даг уу даа. Магадгүй зарим нөхдүүд энэ нь сонгуулийн шоу болоод өнгөрнө хэмээн хаширлаж нэг сая төгрөгөө авна гэсэн сонголтыг хийж өргөдөл болоод бусад зүйлээ бүрдүүлж өгсөн биз.
Харин одоо сая төгрөг авна гээд өргөдөл бичиг баримтаа бүрдүүлж өгсөн хүмүүс хувьцаагаа авахаар санаа эргэсэн тухай албаны хүмүүс хэлж байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн, аж ахуйн нэгжийн хооронд худалдах, худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд тус компанийн 1072 ширхэг хувьцааг 1 сая төгрөгтэй дүйцүүлэн хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөг байхаар тогтоосон. Монгол Улсын иргэнд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг баталгаажуулж “Хүний хөгжил сан”-гийн дэвтэрт бичилт хийнэ. Ингэснээр хишиг, хувийг бэлэн мөнгө болон хувьцаа хэлбэрээр сонголттойгоор олгох шийдвэр албан ёсоор хэрэгжсэнээр хэн нэг нөхөр өөрийгөө улстөрч хийгээд төр засаг барьж буй нөхдүүдийн тоглоомын золиос болчихлоо гэж хар санах хэрэггүй болж байгаа.
Шулуухан хэлэхэд та хувьцаагаа авахад хэзээ ч алдахгүй гэсэн үг. Тийм болохоор ч тэр үү холбогдох албаны хүмүүсийн хэлсэнчлэн нэг сая төгрөгөө “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа болгох хүсэлтэй иргэдийн цуваа үргэлжлэх бололтой. Ямартай л Ерөнхий сайд С.Батболд нийгмийн баялгийн шударга хуваарилалтын үндсэн зарчмыг тодорхойллоо гэх вэ дээ. Яг үнэндээ баялгаа эзэмших, өмчлөх эрхтэй юм гэдгийг бодитоор харуулах гэж л мэрийсэн хэрэг. Хувьцаа худалдаалах ажиллагааг өнгөрсөн долоо хоногт багтан зохион байгуулахыг холбогдох газруудад үүрэг болгосон. Компаниудаас цуглуулсан орлогыг иргэдэд тараах бөгөөд брокер дилерийн компаниар дамжуулан хүсэлтээ гаргах төдийгүй мөнгөө ч гэсэн брокер дилерийн компаниар дамжуулж авна. Энэ талаар Татварын ерөнхий газар, Үнэт цаас, төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв хамтран “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг аж ахуйн нэгжүүдэд хэрхэн зарах талаар мэдээлэл хийсэн юм.
“Эрдэнэс Таван толгой”-н 20 хувийг иргэд үнэ төлбөргүй эзэмшинэ. Харин 10 хувийг нь үндэсний аж ахуйн нэгжүүд худалдан авна. 20 хувь нь олон улсын болон дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалагдана. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлэн хувь тэнцүүлэн олгож эхлэхээр болжээ. 41390 аж ахуйн нэгжид 36240 ширхэг хувьцаа ноогдох ажээ. Ингэхдээ хувьцаа худалдан авах компани харьяа Татварын албандаа хувьцаа худалдан авах хүсэлт гаргах бол улсын төсвийн орлого хяналтын газартай харьцдаг томоохон татвар төлөгчдийн хувьд харилцдаг газартаа хүсэлтээ тавих юм байна. Хувьцааны худалдааны хувьд брокер дилерийн компаниудаар дамжуулна. Хувьцаа худалдан авах хүсэлтэй компаниуд худалдан авах мөнгөө “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн 3603005 тоот дансанд байршуулах юм байна. Гэхдээ хувьцаа худалдан авах компани нь 2010 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс өмнө байгуулагдсан, улсад татвар төлж байсан компани байх ёстой ажээ.
Иргэдийн тухайд бол дээр хэлсэнчлэн хувьцаагаа бэлэн мөнгө болгох хүсэлтэй иргэд өргөдлөө өгчихсөн бол Засгийн газарт худалдана гэсэн үг юм байна. Харин Засгийн газар иргэдээс худалдаж авсан хувьцаагаа аж ахуйн нэгжүүдэд худалдах юм байна. Өнөөдрийн байдлаар нэг сая 490 мянган иргэн хувьцаагаа зарж мөнгө болгох хүсэлт ирүүлжээ. Гэхдээ энэ бол эцсийн тoo баримт биш гэнэ. Учир нь хувьцаагаа бэлэн мөнгө болгох хүсэлтэй иргэдийн тоо эцэслэн гараагүй байгаа учраас. Энэ асуудлыг эцэслэн шийдсэний дараа иргэдээс хэчнээн ширхэг хувьцаа худалдан авахыг тогтоох юм байна. Хэрвээ иргэн та сая төгрөгөө биш хувьцаагаа сонгоод мөнгөө больё гэвэл хорооныхоо нийгмийн ажилтанд хандаж өргөдөл гаргахад болох юм байна. Нөгөө талаар хувьцаагаа авах бол аль нэг брокер дилерийн компанид хандан данс нээлгэх шаардлагатай гэсэн яриа байгаа ч харин албаны хүмүүс заавал дансаа нээлгэж баталгаажуулах ёстой гэсэн зүйл байхгүй хэмээж байх юм.
Харин Тавантолгой биш өөр компанийн хувьцааг эзэмших гэж байгаа бол үнэт цаасны данс нээлгэх ёстой ажээ. Өөрөөр хэлбэл үнэт цаасны данс гэдэг нь үнэт цаасны харилцаанд оролцохын тулд тавигдах ёстой нөхцөл бөгөөд нэг үгээр банканд харилцах дансаа нээлгэж гүйлгээ хийдэгтэй адил юм байна. Харин Засгийн газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 116 дугаар тогтоол батлагдсан. Уг тогтоолоор Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд нэмж 536 ширхэг хувьцаа эзэмшүүлэхээр болсон. Мөн эзэмшиж байгаа хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах хүсэлтэй иргэний өргөдлийг хүлээн авч, иргэдийн нэрс, худалдах хувьцааны тоог нэгтгэн гаргах ажлыг 2012 оны зургаадугаар сарын нэгний дотор улсын хэмжээнд зохион байгуулахыг НХХЯ-нд даалгасан. Уг тогтоолыг шуурхай хэрэгжүүлэх зорилгоор НХХ-ийн сайдын тушаалаар 2012 оны зургаадугаар сарын нэгэн хүртэлх хугацаанд зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган харьяа агентлаг, аймаг, дүүргийн хэлтсүүдэд хүргүүлэн, иргэний хүсэлтийг тавдугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд авч, мэдээллийг нэгтгэсэн байгаа.
Гэхдээ нэг сая төгрөгнөөсөө урвах иргэдийн тоо өсч байгаагаас энэ тоог дээр өгүүлсэнчлэн нарийвчлан гаргахад нэлээд төвөгтэй байгаа юм байна. Хэрвээ өмнө нь Хүний хөгжил сангаас хишиг, хувиа бэлэн мөнгө хэлбэрээр авахаар хүсэлтээ гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн бол тухайн иргэнд ноогдох хувьцаанаас хасч тооцох юм билээ. Тодруулбал, бэлэн мөнгө авахтай холбоотой сургалтын төлбөр болон эрүүл мэндийн даатгалд төлсөн иргэдийн хүсэлт дээр өмнө нь авагдсан мөнгөн дүн мэдээлэгдэх учраас өмнө нь авсан бүх мөнгө нь тухайн хүний авах нэг сая төгрөгөөс суутгагдана гэдгийг дахин хэлэхэд илүүдэхгүй биз.
Ерөөсөө хувьцааныхаа хэдэн ширхгийг худалдаж авах эсэх нь иргэн таны сонгох эрх. Хэрэв хувьцаагаа бүрэн аваад хэн нэгэнд өвлүүлэх бол энэ эрх бас нээлттэй байгаа юм билээ. Хувьцаа эзэмших хамгийн сүүлийн хугацааг энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс өмнө төрсөн хүүхдүүдээр тасалбар болгосон.
Тэгэхээр хувьцаагаа авах эсэх нь иргэн таны сонголт бөгөөд харин миний хувьд нэг сая төгрөг бус “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг сонгох минь.
Б.Анар
ulaanbaatar
URL: