Д.Зоригт: Ирэх таван жилд нэг ч ашигт малтмалын лиценз шинээр олгохгүй боллоо
Монголын байгалийн баялагийг гадны компаниуд эзэмших болсон нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрлээ гэх үг олон сонсогдох болсон. Малын бэлчээрийг ашигт малтмал олборлохоор ухаж, сэндийчэн, түүний үр шим нь монголчуудад ирэхгүй байгаа гэсэн шүүмжлэл байнга явсаар ирсэн. Тэгвэл Эрдэс баялаг, эрчим хүчний яам ирэх таван жилд нэг ч ашигт малтмалын лицензийг өгөхийг зогсоож, шинээр олгохгүй байх тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар оруулж батлууллаа.
Энэ тогтоолын дагуу 21 аймгийн 326 сумын нутаг дэвсгэрийг Улсын нөөцөд авахаар болсон бөгөөд эдгээр нь Монголын нийт нутаг дэвсгэрийн 30 орчим хувийг эзэлж байгаа аж. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгаа болох эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх талбайг хуулийн дагуу улсын нөөцөд авдаг. Ашигт малтмланы тухай хуулийн 13-р зүйлийн 13,1,3 дахь хэсэгт “улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа геологийн судалгаа хийх, ашигт малтмал эрэх, хайх ” гэж заасан байдагт эдгээр газар орох болж байна. Харин уг заалтын дагуу батлуулж буй тогтоолд Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд олгогдосон болон тусгай зөвшөөрөлд олгохыг хориглосон, хязгаарлсан талбай, тусгай хамгаалалттай болон дархан цаазат газар, нөөцөд авсан газар орохгүй юм.
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “Улсын төсвийн хөрөнгөөр геологийн иж бүрэн судалгааны ажил явуулснаар нийт нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, түүний онцлог, эрдэс баялагийн хэтийн төлвийн талаар анхдагч мэдээллийг авах, цаашид хуулийн дагуу геологийн судалгааны ажлыг ес шаттай, системтэй явуулах нөхцөл бүрдэнэ” гэлээ.
Энгийнээр тайлбарлавал ирэх таван жилд Монголын нутаг дэвсгэрийн 30 хувийг улсын нөөцөд авч байгаа бөгөөд эдгээр нутаг дэвсгэрт дахин ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй болж байгаа юм. Энэ хооронд хэт олон тусгай зөвшөөрлийг цэгцлэх, тэдгээр талбайд гүйцэтгэж буй хайгуулын ажлын чанар, ашигт малтмалын олборлолтод хяналт тавьж ажиллах боломж бүрдэж байна. Мөн байгаль орчны нөхөн сэргээлтийг нэмэгдүүлж, лицензийн наймааг зогсоохыг зорьж байгаа аж.
Сүүлийн жилүүдэд Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цэгцлэхээр олон арга хэмжээ авч ажиллажээ. Үүний үр дүнд нийт нутаг дэвсгэрийн 44,5 хувийг эзэлж байсан тусгай зөвшөөрлийн хэмжээ 14,2 хувь болж буурсан байна.
URL: