Мөнгөтэй бүхэн улстөрд ордог ёс хаа байна аа, Номтойбаяр аа
Сүүлийн үед Н.Номтойбаяр гэгч сүрхий эрх мэдэлтэй залуу хэвлэлийн хуудаснаас салахаа болилоо. Түүнийг «МАК» / Монголын алт корпораци/-ийн өв залгамжлагч, хөрөнгөтэй айлын хүүхэд, улстөрд орж ирэхийн тулд мөнгөөр гүүр хийсэн гэж олон хүн ярьдаг юм билээ. Түүнчлэн намын байрны шинэ барилгад тэрбум төгрөг хандивласан гэдгийг өдгөө монгол хүн бүр мэддэг болсон. Нэг үгээр тэр мөнгөтэй хүн. Гэхдээ улстөрд мөнгөтэй хүн бүр орно гэвэл төр, засаг юу болж хувирах вэ.
Харин Н.Номтойбаяр үнэндээ хийсэн, бүтээсэн гавьтай зүйлгүй. Гадаадад сурч байхдаа амралтаараа ирж, хэдэн найз болон мисс охидыг зад шоудуулсан, «Амьд АТМ» шиг загналаа, тэдэн саяын тийм машинаар салхи таттал давхилаа гэдгээс өөр Н.Номтойбаяртай холбоотой юм сонсогдоогүй юмдаг. Тэгсэн гэнэт л намын гишүүн боллоо гэж байсан. Тэгэхээр түүний улстөрд орох гэж ухаангүй зүтгээд байгаа шалтгаан нь ердөө мөнгө болж таарлаа.
Тэрбээр УИХ-д өөрийгөө сойхын тулд эртнээс Дорнод аймагт «хайр зарлаж», нутгийн удирдлага болон дарга нарт нь нүнжигтэй хаялга шидэж, ЗДТГ-т нь их хэмжээний мөнгө хандивлаж, тал зассан гэсэн яриа Дорнодын талаар цурманд тавьсан гал шиг хурдтай тархсан.
Түүний хаялга үнэхээр нүнжигтэй. Хамгийн сүүлд л гэхэд түүнийг ноолууран оймс тараасан гэж сонслоо. Бусад нь ч оймс тараадаг, гэхдээ ноолууран биш. Гэхдээ их сонин. «МАК»-ийн ханхүү Монголын улстөрд орж ирэх гээд эрх мэдэл бүхий хүмүүст чамгүй их хөрөнгө хаях нь хаясан. Хаялгыг нь хүмүүс хүртсэн үү гэвэл хүртсэн. Гэвч хаялга энгийн иргэдэд хүрээгүй. Үнэндээ монголчууд хаялга гэдэг үгэнд дургүй ч хаясан юмыг нь авах сонирхолтой. Тиймээс Н.Номтойбаярт гомдсон хүмүүс «Ээ тэгээд, хаялга хаяхдаа ялгаварлаж байгаа нөхөр төрд гарвал бүр сураггүй болно. Больё оо, нутгийн дүү Ш.Болорчулуунаа дэмжинэ» гэлцсэн сурагтай.
Н.Номтойбаяр шиг юм үзэж, нүд тайлсан, бас гадаад дотоодод сурч, гахай шувууны мах идсэн хүн сонгуулийн гол хүч энгийн иргэд гэдгийг мэдэх л учиртай баймаар. Ард иргэд саналаа өгнө үү гэхээс хэдхэн эрх мэдэлтнүүд санал өгөхгүй л баймаар юм.
Тэрнээс гадна хэрвээ оймс, бүр ноолууран оймс тараасан нь үнэн юм бол эвгүй л юм. Учир нь Сонгуулийн тухай хуульд оймс гэж тодорхой заагаагүй ч мөнгөөр үнэлэгдэх эд юмс тараах нь ихээхэн буруу тул үүнийг хууль зөрчсөн гэж үзнэ гэх утгатай заалт бий. Мөн тэрбээр Монголын газар нутагт байдаг ихэнх нүүрсний ордыг түүний эцгийн мэдлийнх гэдгийг монгол хүн бүр мэддэг болсон.
Энэ ч яах вэ. Учир мэдэх хүн тэр зэргийг ойлгож, дотроо тоотой хандсан байх нь дамжиггүй. Хамгийн гол нь нөөцийн хэмжээ нь тэрбум хэмжигдэх нүүрсний бүлэг ордоо бид Хятадын төрийн өмчит «Чайналко»-гийн охин компани «Чалко»-д алдах гэж байгаа гэж ярьсаар чамгүй удаж буйг эрхэм дэд сайд та сонссон байлгүй. Хариуцсан салбарынх нь асуудал биш ч, үүнтэй нэр холбогдогчийн нэг нь эрхэм дэд сайдтан, бас «МАК» билээ. Хэдийгээр. энэ асуудлыг эрчимтэй ярьсны хүчинд АМГ-аас «Саусгоби сэндс» компанийн нэр дээрх лицензүүдийг түдгэлзүүлээд байгаа ч тайвшрах болоогүй.
Ер нь энэ асуудалд «Айвенхоу Майнз» болон «Чайналко »-г буруутгаж байгаа боловч бид өөрсдийгөө нэн түрүүнд буруутгах ёстой. Үүний гол буруутнуудын нэг нь «МАК» юм билээ.Тухайлбал, «Өмнийн говийн элс» /Саусгоби сэндс/ ХХК-ийн мэдлийнх гэгдэж ирсэн Овоот толгой, Сүмбэр билүүт, Заг сүүж зэрэг нүүрсний ордын геологийн бүтэц, тогтоц, үүссэн нөхцөл, насжилтаар нь аваад үзэхэд Нарийн сухайт ордын шууд үргэлжлэл гэдэг. Харин Нарийн сухайтын орд Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын хоёрдугаарт бичигддэг стратегийн орд. Гэхдээ «Монголын алт» корпорацийн мэдлийнх.
«Монголын алт» корпорацийн мэдэл дэх Нарийн сухайтын ордын хайгуулыг улсын төсвөөр 1990-1991 онуудад гүйцэтгэж, тухайн үеийн яамны Шинжлэх ухаан техникийн зөвлөлөөр хэлэлцэж, нөөцийг нь баталсан байдаг. Улмаар тус компани нь 2003 онд дээрх ордын хайгуул болон ашиглалтын 22 км/кв талбай хамарсан лицензүүдийг авсан. Харин «Айвенхоу Майнз Монголия Инк» компани 2005 онд Нарийн сухайтын хил залгаа зүүн болон өмнөд хэсгүүдэд хайгуулын ажил гүйцэтгэж, зүүн ба баруун гэсэн хэсэгт 2006-2007 онуудад нөөцийн тайлан бичиж, 2007 оны долоодугаар сарын 26-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар нөөцийг хэлэлцэж, 340 м давхаргад 188 сая тонн нүүрс бий гэж бүртгэсэн байдаг юм. Цаашлаад, «Айванхоу Майнз Монголия Инк» компани тэрхүү нүүрс агуулсан талбайг Овоот толгойн орд гэж нэрлэсэн түүхтэй. Гол нь эх сурвалжуудын өгдөг мэдээллээр «МАК» Нарийн сухайтын ордын шууд үргэлжлэл болсон талбайг «Айвенхоу Майнз Монголия Инк» компанид худалдсан байна.
Тэгснээр «Айвенхоу Майнз компани хайгуул хийж, улмаар Овоот толгой зэрэг ордыг нээсэн болж байгаа юм. Харин өдгөө бол «Айвенхоу Майнз»-ын охин компанийн нэрээр овоглодог нүүрсний ордууд Хятадын төрийн өмчит компанийн мэдлийнх болж, цаашлаад хятадууд манай улсын нүүрсний зах зээлийг өөрийн бодлогоороо залах, монополь үнээр дарамтлах аюул хаяанд ирчхээд байгаа.
Сонирхолтой нь, ийм үр дагаврыг дагуулахад хүргэсэн байж болзошгүй талуудын нэг «МАК». Тухайн үед «МАК» «Айвенхоу Майнз»-тай тохиролцож байхдаа ийм зүйл болно гэж зүүдлээгүй нь харамсалтай. Тэгсэн бол өдийд Нарийн сухайтын орчмын нөөцийг төр мэдэлдээ авчихсан байх биз. Ер нь Монгол Улсын төр Монгол Улсынхаа баялагт эзэн сууж чаддаггүй яачихсан учир вэ. Тэгээд бас төрөөс дээгүүр жаалж, цаашилбал үндэстэн дамнан ажилладаг яачихсан том компаниуд байдаг юм бэ.
Дахин хэлэхэд мөнгөтэй бүхэн төрд шургалдаггүй юм шүү. Мөнгөөрөө мөрөн урсгаж болох хэдий монголчуудыг хуурч бас дөнгөхгүй л болов уу.
Р.Саруул
Өглөөний сонин
URL: