Л.Байгальмаагийн ялыг хөнгөрүүлжээ
БНХАУ-ын Ардын шүүхээс бүх насаараа хоригдох ял авсан Монгол Улсын иргэн Л.Байгалмаагийн ялыг 19.6 жил болгон хөнгөрүүлсэн байна. Түүний эрүүл мэндийн байдал, насанд хүрээгүй хүүхдүүдийн байдал болон манай улсын холбогдох байгууллагаас удаа дараа тавьсан хүсэлтийг харгалзан үзэж уг шийдвэрийг гаргасан гэнэ. Хэргийг сануулбал, Л.Байгалмаа 2009 оны зургадугаар сарын 28-нд Бээжинд 149 ширхэг үрэл гар тээшиндээ авч явсан нь илэрсэн байна. Гаалийнхан үрлийг хар тамхи байж болзошгүй гэж үзээд түүнийг саатуулсан гэдэг. Шалгах төхөөрөмжөөр Л.Байгалмааг шалгахад гар тээшинд нь байсан үрэл цөөнгүй байгааг нь мэдсэн ажилтнууд Бээжин хотын Тяньтан Пуха эмнэлэгт хүргэж туулга хийлгэсэн байдаг. Гэтэл сэжигтний биеэс 52 ширхэг үрэл гарсан. Ингээд шалгалтын ажил нарийсч, шинжилгээ хийж эхэлсэн юм. Бээжин хотын Нийгмийг аюулаас хамгаалах газрын Мансууруулах бодисын судалгааны лабораторын шинжилгээгээр дээрх үрэл нийт 2004 гр жинтэй 48.7 хувийн герион болох нь тогтоогдсон юм. Харин Л.Байгалмаагийн хамсаатан болох Ё.Оюунбилэг, Гантуяа нарт Монгол Улсын шүүхээс 5-7 жилийн хорих ял оноосон юм.
Э.БААТАР
URL: