МӨНГӨ ҮҮ, ХУВЬЦАА ЮУ?

Сүүлийн хэд хоног нийслэлийн төв гудамжаар “Мөнгө үү, хувьцаа юу” хэмээх самбар үзэгдэх болов. Мөнөөх самбарт “Зууны гарц секьюритис” хэмээх брокер дилерийн компанийн утасны дугааруудыг байршуулчихаж. Чухам ямар учиртай сурталчилгаа болох талаар “Зууны гарц секьюритис” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Содхүүтэй ярилцлаа.

-Танай компаниас “Мөнгө үү, хувьцаа юу” гэдэг асуултыг иргэдэд хандан тавьж байгаа бололтой. Яагаад ийм асуулт тавих болов гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

-“Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг бэлэн мөнгө хэлбэрээр авах хүсэлтэй иргэд олширч байгаатай холбоотой. Бэлэн мөнгө авсан нь дээр үү, хувьцаа болгож ашиг хүртэх нь илүү чухал уу гэдгийг иргэдээс асууж, тэдэнд сонголт хийх боломжийг олгоё гэж мэргэжилтний хувьд энэ чиглэлийн ажил эрхэлж байгаа юм. Иргэн бүрт эх орны баялгийг хуваарилах үүднээс эхлээд 536 ширхэг, дараа нь нэмж 536 ширхэг, нийт 1072 ширхэг хувьцаа олгох шийдвэрийг төр, засгаас гаргасан. Ингэхдээ өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тус бүр 1 сая төгрөг, оюутнуудад сургалтын төлбөр, тэтгэлэг хэлбэрээр, зарим иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төлөх байдлаар эх орны хишгийг хуваарилж байгааг бид мэднэ. Аж ахуйн нэгжүүд тодорхой нөхцөлтэйгээр мөн энэ зах зээлд оролцоотой. Тэгэхээр үлдсэн хүмүүсийн хувьд 1072 ширхэг хувьцаагаа авах учиртай болж таарна. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн байдлаар 1 сая 490 мянган иргэн тэдгээр хувьцаагаа нэг сая төгрөгөөр зарах хүсэлтээ Засгийн газарт ирүүлсэн тухай Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвөөс хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлж байсан. Энэ тоо цаашид ч нэмэгдэж болзошгүй. Ингэхээр хувьцаа ашигтай юу, мөнгө хэрэгтэй юу гэдэг талаар иргэд, олон нийтэд сургалт хийж, сурталчилгаа хүргэх зайлшгүй шаардлагатай болж байгаа юм.

-Хүмүүс хувьцааны талаар тодорхой ойлголтгүй болохоор тэр байх. Ер нь хувьцаа гэж яг юу юм бэ?

-Хувьцаа гэдэг нь энгийн үгээр бол хөрөнгө эзэмших эрхийн баталгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн компанид оруулсан хөрөнгө гэсэн үг. Хувьцаа эзэмшсэнээр Та тухайн компанийн цаашдын бодлого, арга хэмжээнд өөрийн санал бодлоо тусгуулах боломжтой болно.  Хувьцаанаас 2 төрлийн ашиг олж болдог. Нэгдүгээрт, ногдол ашиг. Энэ нь тухайн компани тухайн жилд олсон ашгаа хувьцаа эзэмшигчиддээ тараах явдал юм. Хоёрдугаарт, үнийн зөрүүнээс олох ашиг. Хувьцааны үнэ нь байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Энгийн жишээ авъя. “АПУ” ХК пивоны үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр болж бүх техник технологио байрлуулаад үйлдвэрлэлээ эхлэхэд тухайн компанийн олох ашиг нь тухайн жилдээ өсөх учраас хувьцааны үнэ эрэлт ихтэй болж дагаад өсөх болно.

-“Мөнгө үү, хувьцаа юу” гэдэг асуултыг би өөрт тань хандаж тавья л даа. Та алийг нь сонгох вэ?

-Мэдээж, би хувьцааг нь сонгоно. Манай гэр бүлийнхэн, миний өндөр настай ээж ч хүртэл хувьцааг сонгож байгаа. Ахмадуудад бэлэн мөнгөө авахыг хүчээр тулгаагүй. Миний ээж хувьцаагаа эзэмшинэ, үр хүүхдэдээ өвлүүлнэ гэж байгаа. Би өөрөө хөрөнгийн зах зээлийн мэргэжилтэн. Тэр утгаараа хувьцааны ашиг тусыг ойлгодог, мэдэрдэг. Тиймээс би хүмүүст хувьцааны давуу тал, ач холбогдлыг харуулсан сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулж эхлээд байна.

-Тэгвэл 1072 ширхэг хувьцаа авснаараа чухам ямар ашигтай байх вэ? Хэр зэрэг баталгаатай вэ?

-Хувьцаанаас 2 төрлийн ашиг олж болдог тухай түрүүн хэлсэн. Та 1072 ширхэг хувьцаагаа авсан тохиолдолд дээр дурдсанчлан ашиг олох боломжтой. Хувьцаа авсан нь ашигтай. Учир нь манай Монголын нөхцөлд сүүлийн 5 жилийн турш анх гарч буй IPO буюу шинээр гарч буй хувьцаа нь зах зээл дээр гарч ирмэгцээ өсөх хандлагатай байна. Тийм болохоор олон хүн шинээр гарч буй IPO буюу шинэ хувьцааг хүлээж байдаг. Тухайлбал, “Оллоо” ХК-ийн хувьцаа анх 100 төгрөгөөр гарсан даруйдаа 400 төгрөг хүрч байсан тохиолдол бий. Түүнээс гадна “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцаа нь олон улсын бирж дээр арилжаалагдах учраас өсөх магадлал нь төдий чинээ их. Энэ хувьцааг Хонгконг, Лондонгийн бирж дээр арилжаална гэж байгаа. Эдгээр хөрөнгийн биржүүд хувьцаат компанийн санхүүгийн чадавх, төлбөрийн чадавхи, өр, нийт хөрөнгө гээд бүх зүйлд хяналт тавьдаг.

-Зарим хүн “Өгч байгаа дээр нь авъя” гэсэн сэтгэхүйгээр бэлэн мөнгө авах хүсэлтэй байгаа. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?

-Та өнөөдөр санал болгож байгаа 1 сая төгрөгийг авч болно. Аваад яах вэ? Юу хийх вэ? Та тэр мөнгийг ажилдаа зарцуулж болох юм. Зарим нь банкинд хадгалуулах гэх байх. Эсвэл зүгээр л дэмий үрэгдчихэж болох мөнгө. Миний бодлоор өнөөдөр 1 сая төгрөг бэлнээр авах нь ирээдүйдээ хийх хөрөнгө оруулалтаа хааж байгаа явдал. Түүнээс гадна нэг том эрх ашиг бас бий. Энэ нь эх оронч зүрх сэтгэлтэй хүн бүхэнд хамаатай. Жаахан тоо бодъё. Хэрэв Монгол Улсын хүн амын 1 сая нь 1 сая төгрөгөө авна гэж бодъё. Тэгвэл нийтдээ 1 их наяд төгрөг болж байна. Манай улсад энэ их мөнгийг шууд гаргах боломж байгаа юу гэдэг бас асуудалтай юм. Ядаж 30 хувийг нь тараалаа гэж бодоход мөнгөний зах зээл дээр маш их хэмжээний мөнгө гараад ирнэ. Тэгэхээр нөгөө инфляци гэдэг зүйл чинь талийж өгөх болно. Таны нөгөө бэлнээр авсан 1 сая төгрөгийн үнэ цэнэ огт байхгүй болно шүү дээ. Тийм болохоор аль болох бэлэн мөнгөнөөс татгалзах хэрэгтэй.

-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшихэд ямар бэрхшээл байна вэ?

-Ямар ч бэрхшээл байхгүй. Та Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТТТХТ/-д брокер дилерийн компаниар дамжуулан үнэт цаасны данс нээлгэснээр “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа нь шууд Таны дансанд орох болно. Та данс нээлгэснээр дан ганц “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцаанаас гадна Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудаас сонирхсон компанийнхаа хувьцааг худалдан авч хувь эзэмших эрхтэй бөгөөд цаашид олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаа хийх боломжтой болох юм. Магадгүй, Та Нью-Йоркийн томоохон трейдэрүүдийн нэг болохыг байг гэх газаргүй. Харин Та өөрийн мэддэг дурын брокер дилерийн компани дээр иргэний үнэмлэх болон дансны хураамжтайгаа өөрийн биеэр очиход л болно.

-Та өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулаач?

-Би жирийн л нэгэн залуу. 1976 онд төрсөн. МУИС-ийн Эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч, менежер мэргэжлээр төгссөн. ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн академи, Шинэ Зеланд улсын Англи хэлний коллеж, АНУ-ын Виржиниягийн Олон улсын их сургууль төгсч, мэргэжил дээшлүүлсэн. Эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу брокер дилерийн компани байгуулаад ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч. Урт цагааны зүүн талд эхнэр, гурван хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Өвөлдөө угаартаж, өдөртөө түгжирч, хог хөглөрсөн давчуухан гудамжаар алхаж, там болсон замаар сажлан машинаа эвдэж, хувцсаа бохирдуулж нервээ бардаг нийслэлчүүдийн л нэг. Бухимдаж цухалдах үе байвч энэ бохир байдлыг өөрчлөх хүсэлтэй хөршүүдээ хараад, нэг байранд амьдардаг оршин суугчдаа хараад сайн сайхан ирээдүйдээ итгэдэг юм. Бид ийм заваан хотыг үр хүүхдэдээ үлдээх ёсгүй. Хот шиг хот, соёл шиг соёлыг өвлүүлэн үлдээх хэрэгтэй гэж үздэг. Үүний төлөө хэлэх ч болно, хийх ч болно.

-Би ч бас тан шиг ингэж бухимддаг…

-Одоо л бидний хийх үе. Хангалттай ярилаа, шүүмжиллээ. Одоо гүйцээ, хийе, хийцгээе. Манай залуучууд бусдыг дагадаг биш, бусдыг дагуулдаг байх хэрэгтэй тийм цаг үе ирээд байна. Ялангуяа миний амьдарч байгаа дүүрэг хотын төв, нийслэлийн нүүр царай болох учиртай. Манай Чингэлтэй дүүрэгт чиглүүлж залах хүн үгүйлэгдээд байна. Нэг бол улаан зангиа зүүчихээд дарга царай гаргана, эсвэл хөх дарцаг хийсгээд улс төр хийчихнэ. Энэ бүхнээс чинь хүмүүс залхаж байна шүү дээ. Чингэлтэй дүүрэгт чиглүүлэгч хэрэгтэй байна.

А.БИЛГҮҮН


URL:

Сэтгэгдэл бичих