Уильям гүнгийнх хүүхэдтэй болохоор яарч байна

Их Британийн угсаа залгамжлах гүн Уильям хүүхэдтэй болохыг маш их хүсч байгаагаа хэвлэлд нуулгүй дэлгэлээ. Ганцхан сарын дараа 30 нас хүрэх гүн Уильямын хувьд одоо хамгийн чухал зүйл нь ханхүү юм уу гүнжтэй болох хэмээн АНУ-ын “ABC” телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Их Британийн ирээдүйн хаан Уильям одоогоос жил гаруйн өмнө дэлхийд цуутай хурим хийж, олон жил үерхсэн найз бүсгүй Кейтийгээ эхнэрээ болгосон билээ.

Тэднийг хуримаа хийсэн өдрөөс л британичууд бяцхан ханхүү, гүнжийн тухай баярт мэдээг хүлээж эхэлсэн. Тиймдээ ч өнгөрсөн нэг жилийн хугацаанд гүнгийн авхай Кэтериний алхам бүрийг алдалгүй ажиглаж, бие давхар болсон шинж тэмдэг мэдэгдэж буй эсэхийг харж байсан. Гэвч Кэмбрижийн гүнгийнхэн хараахан баярт мэдээ дуулгаж амжаагүй л байна. Гэхдээ тэдний тун ойрын хамгийн чухал төлөвлөгөө бол хатан хааны гэр бүлд нэгэн шинэ гишүүн нэмэх гэдгийг Уильям гүн хүлээн зөвшөөрсөн байна. Түүнийг ямар нэгэн мэдээ нууцлаж байгаа юм биш биз хэмээн сэтгүүлч асуухад “Та намайг ам алдуулж чадахгүй. Би уруулаа тас жимийх ёстой” гэсэн нь магадгүй гүнгийн авхай Кэтерин бие давхар болсныг ч илтгэж байж болох юм гэж хэвлэлүүд шуугьж эхэллээ.

Гүн Уильям хатан хаан II Элизаветагийн хаан ширээнд заларсны 60 жилийн ойг тохиолдуулан Америкийн телевизэд ярилцлага өгсөн нь тун ховор тохиолдол болж байна.

Түүнээс гадна дүү Харри нь ч тус телевизэд ярилцлага өгчээ. Хатан хааны очир эрдэнийн ойн хүрээнд Британийн язгууртан, ихэс дээдсүүд хэвлэлд нээлттэй хандаж байгаа нь энэ юм. Ханхүү Харри ч ярилцлагадаа гэр бүлийн амьдрал зохиож, хүүхэдтэй болохыг хүсч байгаагаа хэлжээ. Тэрээр бүр бага залуу байхаасаа л хүүхдэд хайртай байсан учир амьдралынхаа зөв ханийг олчихвол хурдхан гэрлэж, хүүхэдтэй болоход бэлэн байна гэж ярьжээ.
Гүн Уильям, ханхүү Харри нар ярилцлагадаа өөр нэг ижил сэдэв хөндсөн нь өнгөрсөн жилийн цуутай хуримд тэдний хамгийн хайртай хүн болох Диана гүнжийн орон зай хэрхэн үгүйлэгдсэн тухай хөндүүр сэдэв байлаа. Гүн Уильям хуримынхаа өдөр ээжийгээ хамгийн ихээр санаж үгүйлсэн ч гэлээ хэдэн зуун сая хүн харж байсан учраас сэтгэл хөдлөлөө барихын тулд эртнээс сэтгэлзүйгээ бэлдсэн хэмээн ярьжээ. Тэрээр гэргий Кейтийгээ ээжтэйгээ танилцуулж чадаагүйдээ харамсдаг, хэрэв Диана гүнж амьд сэрүүн байсан бол хуримын ёслолд нь хамгийн хүндтэй байранд сууж, бахархалтайгаар тэдний гэрлэлтийг адислан ерөөх байсан гэж өгүүлсэн байна. Уильям гэргийгээ ээжид нь маш их таалагдах сайн бэр болох байсан гээд хуримаа хийснээс хойшхи нэг жилийн хугацаанд тэд хоорондоо маргалдаж муудалцаагүй аз жаргалтай сайхан амьдарч байгаа гэдгээ ч хэлжээ.

Кэмбрижийн гүнгийн хуримын өдөр ханхүү Харри ч ахынхаа өмнөөс маш их сандарч байсан бөгөөд тэр үед ээжийгээ ихэд санагалзаж, хэрэв дэргэд нь байсан бол асар их нөмөр, түшиг болох байсан хэмээн дурсжээ.

ARDCHILAL


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих