Египетийн дарангуйлагч Хосни Мубарак бүх насаараа хорих ял авлаа

Египетийн шүүх ерөнхийлөгч асан Хосни Мубаракт өчигдөр бүх насаар нь хорих ял оноолоо. Түүнийг төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа энгийн номхон ард иргэдийг хэлмэгдүүлж, эрх мэдлээ урвуулан ашиглаж их хэмжээний хөрөнгө мөнгө завшсан хэрэгт буруутай гэж үзсэний үндсэн дээр дээрх ялыг оноосон байна. Хосни Мубарак ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Хабиб Аль-Адлийг мөн шүүх бүх насаар нь хорихоор шийдвэрлэжээ. Хосни Мубаракийн хоёр хүү болох Гамал болон Алаа нарыг авлигын хэрэгт буруутгасан аж. Мубаракийн ялын тогтоолыг уншиж байх үеэр шүүхийн танхимд үймээн шуугиан дэгдээж, ял сонсож буй талынхан эсэргүүцэн орилолдож байсан бол шүүхийн байшингийн гадаад цугларсан олон хүн баяр хөөр болж шүүхийн шийдвэрийг дэмжин шуугиж байлаа.

Шүүгч Ахмед Рефаат хэлэхдээ “Арав гаруй сарын турш үргэлжилсэн шүүхийн ажиллагаа ийнхүү дуусгавар болж, бид шударга шийдвэр гаргасандаа сэтгэл хангалуун байна. Египетийн ард түмнийг 30-аад жилийн турш дарангуйлж, улс орноо түнэр харанхуйд автуулсан энэ гэмт этгээдийн бусармаг үйлдлийг бид эцэс сүүлдээ шүүн тасалж чадлаа” гэжээ.

Хосни Мубарак нь 1981 оноос 2011 оныг хүртэл Египетийг удирдах хугацаандаа олон зуун хүнийг хэлмэгдүүлж, хорих ангиудыг улс төрийн хоригдлуудаар дүүргэсэн юм. Энэ хугацаанд улс төрийн хөдөлгөөн, ардчилсан бослого зохион байгуулах олон удаагийн оролдлого гарч байсан ч Мубарак тухайн бүрт нь цэрэг зэвсгийн хүчээр таслан зогсоож байсан. Бослого хөдөлгөөнийг дарах үед болон хэлмэгдүүлэлтэд нийт 850 гаруй энгийн номхон иргэд амь насаа алдсан гэж тогтоосон байна.
“Арабын хавар” буюу 2011оны хавар Арабын орнуудад хувьсгалын салхи дэгдсэн нь Египетийг тойролгүй дайрч дарангуйлагчдыг түлхэн унагаахад хүргэсэн билээ. Ингээд Мубарак босогчдын гарт орсон ч эрүүл мэнд нь муудаж, хэвтэрт ороод байсан юм. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сараас хойш эмнэлэгт эмчлүүлсэн нь шүүх хуралд сөргөөр нөлөөлж байв. “Арабын хавар”-ын ачаар Египетийн удирдагч Хосни Мубаракаас гадна Ливийн дарангуйлагч Муамар Каддафи, Йемений дарангуйлагч Али Абдула Салех нарын 20-иод жилийн турш ноёлсон дэглэм нуран унаад байна.
24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих