УИХ-д нэр дэвшиж чадаагүй Ш.Сайхансамбуу сайд болохыг хүсчээ

УИХ-ын гишүүн  Ш.Сайхансамбуу Завхан аймгийн тойргоос дахин нэр дэвшинэ гэсэн бат итгэлтэй байсан ч энэ нь МАН-ын Бага хурлын дараа талаар болсон. Уг нь МАН-ын дарга С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар түүнтэй уулзан Завхан аймагт нэр дэвшүүлнэ гэдгээ хэлж байжээ. Дөрвөн жил парламентад суусан хүний хувьд тэрбээр намын жагсаалтын 12-т ор гэхэд нь голж, зөвшөөрөөгүй аж. Ш.Сайхансамбуу гишүүн өөрийнх нь хэлснээр “Гишүүнийхээ хувьд Завхан аймагт хангалттай ажил хийсэн” тул ямар ч байсан намаасаа тойрогт өрсөлдөх эрх авна гэж итгээд дараагийн алхмаа төлөвлөж суужээ. Гэтэл гэнэт Сонгинохайрхан дүүргээс нэр дэвш, намын листэнд ор гэхэд зөвшөөрөөгүй, бие даан нэр дэвшихээр гарын үсэг цуглуулж эхлээд байсан Д.Балдан-Очир гишүүн Завханы тойргийг авсанд тэрбээр ихэд бухимдаж байна. Намын бодлогоор  Ш.Сайхансамбууг гаргахаар ярилцаж, тохироод байсан ч хурлын үеэр Д.Балдан-Очир гишүүнийг заалнаас нэр дэвшүүлж, санал хураахад тэрбээр 130 хүний санал авсан. Ш.Сайхансамбууг тэр өдөр ерөнхийлөгчийн оролцсон “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэгт орж байх үед нь асуудал орвонгоороо эргэжээ. Санал хураалтаар Ш.Сайхансамбуу 108, Д.Балдан-Очир 130 хүний санал авсан аж.
Нэр дэвших эрхгүй болсон гишүүний хэлснээр намын удирдлагууд нь “намын бодлогыг дагасангүй” гэж энэ үйл явдалд дургүй байгаа аж. Ядаж байхад Завханаас сонгуульд өрсөлдөнө гэж бат итгэж байсан тул Ш.Сайхансамбуу гишүүн бие дааж нэр дэвших тухай бодоо ч үгүй байжээ. Бие даая гэсэн ч хугацаагүй болчихсон. Тиймээс Д.Балдан-Очир гишүүний арга зальтайд эгдүүцэж байгаа юм. Гэлээ ч тэрбээр тойроггүй болчихлоо гэж гуйж, гувшсангүй харин намын дарга нараасаа оронд нь том юм гуйхаар зэхжээ. Үүнийгээ ч аль хэдийн хэвлэлээр дайгаад эхлэсэн байна. Тэрбээр “Мэдээж би УИХ-д орж чадахгүй болсон юм чинь Засгийн газарт орж ажиллах хүсэлт тавина. Тэгээд дөрвөн жилийн дараа дахин Завхан аймагтаа нэр дэвшинэ. Миний улс төрд ажиллах нас дуусаагүй байна” гэжээ. Завхан аймагтаа нэр дэвшсэн бол яаж ч байсан суудал авах байсан гэж өөртөө итгэлтэй байгаа түүнд сайдын суудал бүр ойрхон харагдах болсон байна. Түүнийг бизнесээс улс төрд орсныг хүн бүр мэднэ. Харин “хүн хөлсөлж Эрүүгийн хуулийн төсөл боловсруулсан” гэх хэл аманд өртсөн түүнийг сайдын ажилд тохирох эсэхийг хэлж мэдэх хүн цөөн байна. Ядаж л Ш.Сайхансамбуу гишүүн ямар яамны сайд болвол тохирох вэ гэдэг нь өөрөө сонирхолтой асуудал болно. Сангийн яам уу, Батлан хамгаалахын яам уу? Аль эсвэл Эрүүл мэндийн салбар уу, Зам тээвэр, барилга хот байгуулалтын салбар уу? Одоогоор энэ бүхнийг төсөөлөн хэлэхэд бэрх байна. Ямартаа ч тэрбээр УИХ-ын гишүүн болж чадаагүй ч “Нэр дэвшиж чадахгүй нь гээд Д.Балдан-Очир шиг арх тараан, уйлж гүйхгүй” гэж бардам байгаа нь сайдын суудалтай холбоотой байж болох. Намынхан нь ч түүнийг шинэ Засгийн газарт багтаана гэж сэтгэлийг нь тайвшруулсан гэж нам доторхи эх сурвалжууд хэлж байна.
Т.Гэрэл /24tsag.mn/


URL:

Сэтгэгдэл бичих