Хар тамхины хэргээр Хятадад ял эдлэж байгаа монгол эмэгтэй ДОХ-ын халдвар авчээ
Дэлхий нийтийн анхаарлыг татаж, “Цагаан тахал” хэмээн нэрлэгдэх болсон хар тамхи, мансууруулах бодистой холбоотой таагүй мэдээлэл байнга цацагдаж байна. Өнөөдөр харийн нутагт 14 монгол иргэн цаазын ял сонсож, 50 гаруй иргэн хоригдох ял сонссон гэдэг мэдээлэл монгол төрийг ч, монголчуудыг ч цочироож чадсангүй. Өнчин ишиг алга болоход ч эрж, хайж, чоно нохойн хоол болчих бий гэж сандардаг монгол хүний өр нимгэн сэтгэл хэдийнээ алга болж, монгол хүн харийн нутагт хэрхэн зовж, шаналж байгааг тоох ч хүн алга. Хар тамхины хэргээр ял сонссон олон эмэгтэйчүүд Хятадад хоригдож байгаа. Тэдний нэг Оюунаа гэгч эмэгтэй ДОХ-ын халдвартай болох нь тогтоогдож, биеийн байдал нь эрс муудсан тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. Гурван хүүхдийн ээж, 1966 онд төрсөн Оюунаа гэгч энэ бүсгүй хар тамхи тээвэрлэсэн хэргээр 2009 онд Хятадуудад баригджээ. Үүний дараа түүнд шинжилгээ хийхэд ДОХ-той болохыг нь тогтоосон байна. Одоогоор эмэгтэйн бие хүнд байгаа бөгөөд манай талаас шилжүүлэн авах хүсэлтийг тавьсан ч Хятадын тал зөвшөөрөхгүй байгаа аж.
URL: