“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоолоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн, аж ахуйн нэгжийн хооронд худалдах, худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд тус компанийн 1072 хувьцааг 1 сая төгрөгтэй дүйцүүлэн хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тооцохоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Монгол Улсын иргэнд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг баталгаажуулж “Хүний хөгжил сан”-гийн дэвтэрт бичилт хийх юм байна. Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайд С.Батболд мэдээлэл хийхдээ “Манай Засгийн газар баялгийн шударга хуваарилалтын зарчмыг тодорхойлж, суурийг нь тавилаа” гэж онцолж байлаа.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар чухал асуудлууд шийдвэрлэлээ. Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийт 363 мянган иргэндээ нэг сая төгрөгийг бэлнээр олгох шийдвэр гаргаад “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан өнгөрсөн долоо хоногоос олгож эхэлсэн.
Нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт энэ ажил жигдэрч эхэллээ. 6 дугаар сард багтаан бэлэн мөнгөө олгож дуусахаар ажиллаж байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийт иргэддээ 1,5 сая төгрөгтэй тэнцэх хишиг, хувь олгоно гэж тусгасан. Үүнийг хэрэгжүүлэх шийдвэрээ өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасныг тэмдэглээд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэг сая төгрөгтэй дүйцэхүйц 1072 хувьцааг “Хүний хөгжил сан”-гийн дэвтэрт бичилт хийж ойрын хугацаанд дуусгана. Ингэснээр хишиг, хувийг бэлэн мөнгө болон хувьцаа хэлбэрээр сонголттойгоор олгох шийдвэр хэрэгжих юм гэдгийг онцоллоо.
“Хүний хөгжлийн сан”-гийн дэвтэрт бичилт хийгдсэнээр аж ахуйн нэгжүүд дүйцүүлсэн үнийн хэмжээнд хувьцааг бэлэн мөнгөөр худалдаж авах боломж нээгдэж байгаа гэж Засгийн газрын тэргүүн С.Батболд хэллээ. Мөн манай Засгийн газар нийгмийн баялгийн шударга хуваарилалтын үндсэн зарчмыг тодорхойлж, суурийг нь тавьж чадлаа. Нийгмийн баялаг, уул уурхай, түүнээс олж байгаа орлого бол ард түмний баялаг, ард түмэн эзэн нь юм. Баялгаа эзэмших, өмчлөх эрхтэй юм гэдгийг бодитоор хэрэгжүүлэх ажил үүргээр эхэлж байна гэдгийг онцоллоо. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох яам, агентлаг болон Төрийн өмчийн хороонд Ерөнхий сайд С.Батболд үүрэг болголоо гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
URL: