Ховдын тойргийн халз учраанууд
УИХ-ын сонгуулийн 16 дугаар тойрог, Ард Аюушаас улбаатай Ховдын дайчин хязгаар нутагт улс төрийн намуудаас нэр дэвшигчид тодорч гарааны зурхайд зэрэгцэж ирээд байна. Хорин хоёр жилийн тэртээ ардчилсан хувьсгалын салхийг нийслэлтэй нэгэн зэрэг сэвэлзүүлсэн Ховдын хязгаарынхан яагаад ч юм өнгөрсөн хугацаанд жаахан улаан талдаа явж ирсэн юм.
УИХ-ын 1992 оны анхны сонгуулиас хойш МАХН буюу өнөөгийн МАН-ынхан голлон Ховдод ялалт байгуулж байв. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гэхэд тэндээс 1990 оноос хойш завсаргүй таван удаа сонгогдон Төрийн Дархан түшээ цолыг эчнээ хүртээд буй. Энэ жил улс төрийн “Өвгөн бүргэд” Д.Дэмбэрэл дарга МАН-ын жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгдэн дахин нэг удаа сонгогдох мандатаа баттай өвөртөлчихөөд байна. Үүгээрээ тэрбээр Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентад завсаргүй сонгогдсон цөөхөн дархан түшээгйин нэг болоод байгаа юм. Нэг хүн тойргоо солилгүй тавантаа ялна гэдэг байнгын ажиллагаатай парламентын түүхэнд том амжилт. Сонгогдсон тоогоороо түүнтэй эрхэм гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нар л зэрэгцэж очих болов уу.
Тойрогтоо нэр дэвшсэн ч ховдынхон түүнд тун ам сайтай. Хориод жил төр түшихдээ нутгийнхаа олны чихийг халууцуулаагүй гэж хүндэтгэдэг юм билээ.
УИХ-ын 2000 оны сонгуульд тус тойргоос Дархан түшээ Д.Дэмбэрэлийн хамт “Сайд” хэмээн нэршсэн Ц.Дамиран агсан, аймгийн Засаг дарга Г.Нямдаваа нар сонгогдон төр түшиж байв. Гурвуулаа МАХН /МАН/-ын гишүүн. Ц.Дамиран сайд гэж нүдэнд дулаахан, жигтэйхэн найрсаг уриалгахан түшээ байсныг “ангийнхан” нь одоо ч дурсдаг юм. Дараагийн 2004 оны сонгуульд Ц.Дамиран агсан, Д.Дэмбэрэл дарга нар улиран, шинээр Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж орж ирж байлаа. Мөн л МАХН-ын кадрууд. Ингэж 2008 он хүртэл ардчиллын анхдагч Ховдын тойрог алдартай амтат тарвасныхаа дотор шиг час улайсаар ирсэн юм.
УИХ-ын 2008 оны сонгуулиар Д.Дэмбэрэл даргатай хамт МАХН-ын залуу гишүүн С.Бямбацогт ялалт байгуулан орж ирэв. Тэгэхэд МАХН буюу одоогийн МАН нэг суудлаа ардчилагчдад алдсан. АН Ховдод ялж “гүйцэд боловсорсон тарвасны дотор шиг улайран байсан” Ховдын улс төрд цэнхэр туяа татуулсан нь эрхэм гишүүн Р.Амаржаргал байлаа. Ардчиллын анхдагч өлгий нутаг атлаа МАХН дандаа ялдаг байсан Ховдод ардчилсан сонголт 18 жилийн дараа ингэж ирсэн юм. Түүнээс өмнө АН-ын урдаа барьдаг гишүүдийн тоонд ордог, одоо Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болсон Т.Лхагва, ҮЗХ-ны гишүүн байсан Д.Баяндалай тэргүүтэй гишүүд нэр дэвшдэг байсан ч нутгийн босго өндөрдөж өвдгөндөө шороотой эргэж ирдэг байсан юм. Гэм нь Р.Амаржаргал гишүүн сонгогдсон намраа тойргоо нэг эргээд сураг алдарсанд ховдынхон жаахан эмзэглэдэг юм билээ.
Энэ удаа Ховдын гурван мандат нэгээр цөөрч хоёр болов. Ерөөсөө л хоёр гол намын хоёр хоёр нэр дэвшигч халз үзэх янзтай. Бусад намуудаас нэр дэвшигчид бий ч сулавтар юм.
МАН-аас УИХ-ын залуу гишүүн С.Бямбацогт, аймгийн Засаг дарга Г.Нямдаваа нар нэр дэвшээд байна. УИХ-ын эрхэм гишүүн С.Бямбацогтын хувьд том улс төрд асар түргэн хөлөө олсон хүн гэж хэлж болно. Парламентад анх сонгогдсон залуухан гишүүнийг олон улирсан хашир ах нар нь “айлгах” гэж оролддог нэг хэцүү үе бий. Мэдлэг тааруу, жаахан бүрэгдүү нэг нь тэр үе дээрээ нам дарагдаад өөх ч биш, булчирхай ч биш дөрвөн жилийг өнгөрөөгөөд “асан” гэсэн тодотгол зүүн улс төрийн данснаас бүрмөсөн арчигддаг юм.
Харин С.Бямбацогт гишүүний хувьд тэр үеийг торолгүй даван туулж чадсанаар барахгүй архагуудтай ана мана хууль ярилцсаар ирээдүйтэй лут улстөрч болох зам мөрөө тавьж чадсан юм. Чуулганы танхимд орж суусан цагаасаа л ач тач үзэлцсэн болохоор зарим нэг гишүүн шиг “Эхний удаа сонгогдсон маань надад том хичээл боллоо. Хичээлээ сайн сурсан болохоор дахин сонгогдохоороо ажлаа сайн хийнэ ээ” гэсэн болчимгүй юмыг тэрбээр ярихгүй. Ерөөсөө зүгширсэн улстөрч гэж түүнийг бардам нэрлэж болно.
Аймгийн Засаг дарга Г.Нямдаваа өмнө нь нэгэнтээ парламентын тогоонд чанагдаж үзсэн хүн. Нэг их гялалзсан улстөрч байгаагүй ч хийх юмаа хийж гүйцэтгэх ажлаа гүйцэтгэж яваад ажлаа өгсөн. Одоо аймгаа тэргүүлж яваа түүнийг “Хөшөөтийн уурхайд хятадууд дургиж байхад үг хэлж иргэдээ өмөөрсөнгүй, Хар ус нуурын загас жараахайгаар бизнес хийж лус гомдоов” гэж хэлэх хүн нутагт нь явж байхад тааралддаг юм билээ.
АН-аас УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаярыг Ховд руу илгээгээд байна. Өмнө нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс мандат өвөрлөж төр түшсэн сумоч гишүүн энэ удаа өвөг дээдсийн нутгийг дагаж, бас ч болоогүй Ховд аймгийн бөхийн дэвжээний тэргүүнээр сонгогдоод буй. Их Хурлын мандат авахаасаа өмнө бөхчүүдээс оноо авсан гэсэн үг. УИХ-д байхдаа телевиз байгуулж, гэргийнхээ нөлөөн дор урлаг, уран сайханд ойр болсон Кёкүшюзан Д.Батбаяр дээдсийнхээ нутгийн бөхчүүдээр дээлийнхээ захыг мушгиулсхийн хүрч очих гэж байна.
Түүнтэй хамт АН-аас аймгийн АН-ын дарга Д.Пүрэвдорж төрөлх аймагтаа нэр дэвшээд буй. Бизнес сэтгэлгээтэй, нэлээд хөдөлгөөнтэй залуу шиг харагддаг. Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айлчлалын бизнесийн хэсгийн бүрэлдэхүүнд багтаж хойд хөршийн бизнесийнхэнтэй яриа хөөрөө хийгээд ирсэн бас ч сүйхээтэй бизнесмэн. Энэ талаараа олонд танигдсанаас биш том улс төрд бол “битүү морь” гэдгээр битүү хүн. Битүү морь наадамд түрүүлдэг байхад битүү улстөрч өнгөлөөд ирэхийг ч үгүйсгэхгүй.
Бусад намуудын нэр дэвшигчид олонд төдийлөн танил бус хүмүүс. ИЗНН-аас Т.Хүдэрчулуун, Л.Алтанхуяг, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс Г.Доёд, Д.Батцогт нарын нэрийг дэвшүүлжээ. МУНН-аас Ч.Нанхир, МСДН-аас Т.Баярхүү, Монголын Ногоон намаас Х.Жавзандулам, Б.Батдорж нарыг дэвшүүлсэн байна. Төдийлөн сайн танигдаагүй хүмүүс.
Тэгэхээр нэр дэвшигч олонтой ч Ховдын тойргийн халз учраануудаар МАН, АН-ын нэр дэвшигчдийг нэрлэж болохоор байна. Хосоор нь сонгоно уу, холиод мандат өгнө үү, Ховдын сонгогчдын л эрх юм даа.
Д.Оюун
URL: