Улс төрийн хэтэвч ба такс төлөгчид

УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийн дунд хөрөнгө мөнгөтэй, үе залгамжлагч, өв залгамжлагч гэхмэтчилэн олон хүн орж ирсэн харагдана. Намдаа их хэмжээний хандив өгч зөөлөн суудал горилогсод ч энэ сонгуулийг тойрсонгүй. Үнэн хэрэгтээ УИХ-ын гишүүн гэдэг намын анхан шатнаасаа гишүүдийн санал дэмжлэг авч, тэдний хүсэл эрмэлзлэл, үзэл бодол, дуу хоолой нь болсон хүн байлтай. Гэтэл энэ нь манайд эсрэгээрээ үйлчилсээр 20-оод жилийг ардаа үдсэн. Нэг үгээр хэлбэл, жишиг тогтчихсон гэж хэлж болно. Одоо ч тэр жишиг нь үйлчилсээр байна. Цаашид ч энэ байдал үргэлжилсээр байх нь нууц биш юм. Эцэг нь төрийн өндөр албан тушаалтан бол суудлаа үе залгамжлуулан үлдээх эхний арга. Эсвэл хөрөнгө мөнгөтэй бол намд их хэмжээний хандив өгч улс төрийн цахилгаан шатаар өгсөх гэсэн хоёрхон арга бий. Аль, аль нь үгүй бол албан тушаал горилох хэрэггүй. Хэрвээ эрдэм мэдлэгтэй, оюуны өндөр чадвартай юм бол хэн нэгний туслах хийж, даргынхаа мэдэхгүй, чадахгүйг гүйцэлдүүл. Монголд өнөөдөр ийм л хууль үйлчилж байна. Энгийн ардуудын дундаас биш, эцэг эх, хөрөнгө мөнгөний хүчээр эрхэм гишүүний суудалд санаархагчдыг танилцуулж байна.

Н.Төмөрхүү: УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшигч. “Өндөр буянт” холдингийн захирал. Вакум цонхны үйлдвэр, оёдлын үйлдвэр, “ЕВРОПА” худалдааны төв, UBH бетон зуурмагийн үйлдвэр, “ЕВРОЛАЙН” харуул хамгаалалтын газрыг удирддаг. Тэрбээр эрх баригч хүчний шатсан байрны суурин дээр Тусгаар тогтнолын ордныг барьж ашиглалтанд хүлээлгэн өгснийг хүмүүс мэднэ. Нийт 14.6 тэрбум төгрөгийн өртөгтэй барилгыг нэг жил хагасын дотор босгосон сүйхээтэй эр л дээ. Ингэснээрээ Ардын намын “Алтан сарнай”-н эзнээр тодорч, компанийнхаа хоёр ажилчныг төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнуулсан. Н.Төмөрхүү намдаа хэдий хэмжээний хандив өргөсөн нь мэдэгдэхгүй байгаа ч УИХ-д нэр дэвших эрх авсныг харахад нэлээд мөнгө зарцуулсан нь тодорхой. Ямартай ч сонгуульд нэр дэвшихийн тулд дор хаяж 50 сая төгрөг намдаа хандив болгон өгсөн гэдгийг УИХ-ын зарим гишүүн мэдэгдсэн байдаг.

Н.Номтойбаяр: “Мак” группийн дэд ерөнхийлөгч Н.Номтойбаяр нэг л өдөр цэл залуугаараа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдын суудалд заларсан. Тэрбээр өмнө нь Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан эрхэм. Гэвч үнэн хэрэгтээ тэрбээр сургуулиа төгсөөд Тагнуулын ерөнхий газарт долоохон хоног дадлагажигчаар ажилласан гэдэг яриа ч бий. Түүний аав Б.Нямтайширын “Монгол алт” буюу “МАК” групп нь уул уурхайгаас цаг, минут тутамд тэрбум, тэрбумаар нь “халаасалж” байдаг учир залуухан дэд сайд маань МАН-ын томоохон санхүүжүүлэгч яах аргагүй мөн. Иймээс намдаа их хэмжээний хандив өргөсөн Н.Номтойбаярыг сайдын сэнтийд залж, УИХ-ын 2012 оны сонгуульд Дорнод аймагт нэр дэвшүүлж байгаа юм. Энэ сонгуулиар Дорнодод нэр дэвшинэ гэдгээ намынхаа дарга нартай аль эрт тохирсон Н.Номтойбаяр Дорнодод хаваржиж, иргэдэд “Янмал” оймс тэргүүтэй бэлэг сэлт, мөнгө тараагаад амжсан. Улаанбаатар хотод 1978 онд төрсөн тэрбээр улс төр судлал, практик бизнесийн мэргэжилтэй. “НС Мак” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг түүний жилийн орлого 49,268,200 төгрөг бөгөөд “Ланд Круйзер”, хоёр ширхэг “Мерседес бенз J300”, “Мерседес бенз J55”, мөн бас нэг “Мерседес Бенз” гэхмэтчилэн нийт таван машинтай юм.

С.Гэрэлмаа: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүүгийн охин. Аавынхаа замналыг үргэлжлүүлж Хөрөнгийн биржид ажиллаж байгаа нэгэн. Р.Содхүү хувьдаа газар тариалангийн компанитай гэх. Тэрбээр Хөрөнгийн биржийн захирлаар ажиллаж байхдаа охиндоо томоохон хөрөнгө оруулалт хийж, Хөрөнгийн биржийн зардлаар гадаадад суралцуулжээ. Р.Содхүү 1996-2004  онд УИХ-ын гишүүн байсан бөгөөд энэ суудлаа ч мөн охиндоо өвлүүлэхийг хүссэн бололтой. Гэхдээ журмын нөхөдтэйгөө ямар тохиролцоо хийж, хэн ч танихгүй шавилхан бүсгүй байтугай хашир бурхиуд тойргийн гадна үлдэж буй энэ эгзэгтэй үед охиндоо нэр дэвших “виз” авч өгсөн нь хачирхалтай. Угийн овжин Р.Содхүү охин С.Гэрэлмаагаа УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас Сэлэнгэ аймагт нэр дэвшүүлэхээр болжээ. Сэлэнгийнхэн “Р.Содхүү өөрөө сэргэлэн, Р.Содхүүгийн хүүхдүүд бүгд тэнэг” хэмээдэг гэнэ. Гэхдээ УИХ-ын гишүүн болохоор зүтгэж байгааг бодоход тийм ч тэнэг биш бололтой. Ямартай ч “Үг бүрийнх нь цаана мөнгө байдаг” гэсэн
тодотголтой Р.Содхүү охиноо УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж чадлаа.

Б.Батбилэг: УИХ-ын гишүүн молекул Батж.Батбаярын хүү. “Туул кашмер” ХК-ийн ерөнхий захирал. АН-аас мэндэлсэн “Мөнх тэнгэр” фракцийн гишүүн. Түүний аав УИХ-ын гишүүн Батж.Батбаяр 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр ажиллахдаа дөрвөн хүүдээ бүх хөрөнгөө хувааж өгсөн. Өөртөө бол олигтой хөрөнгө үлдээгээгүй л гэдэг. Гэсэн ч «Миний дөрвөн хүү Монголын толгой 20 баяны тоонд дөрвүүлээ орно» хэмээн онгирч байсан удаатай. Тэрбээр «Хэрэв миний хүүг Ардчилсан нам УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэвэл би дэвшинэ» хэмээн хатуухан хэлсэн гэдэг. Түүний энэ үг нь Ардчилсан намаас нэр дэвших эрхийг өөртөө битгий хэл хүүдээ ч худалдан авч чадна гэдгийг нь нотлох бөгөөд сүүлийн үед гэр бүлээрээ Монголын уул уурхайд хүч үзэж байгаа билээ. Батж.Батбаярын том хүү Б.Батбилэг нь Иргэний зориг намын гишүүн байсан бөгөөд УИХ-ын сонгуульд нэг бус удаа нэр дэвшиж байсан. Гэвч Чингэлтэй дүүргийн сонгогчид түүнд итгэл үзүүлсэн нь үгүй. Иймд тэрбээр намаа сольж, Ардчилсан намд элссэнээр өдгөө УИХ-ын 2012 оны сонгуульд намын жагсаалтын 26-д бичигдсэн нь энэ юм.

Б.Баттүвшин: Тэрбээр УИХ-ын гишүүн, “Мон-Атом” компанийн захирал асан Р.Бадамдамдингийн хүү. “Эрдэнэбулган” ХХК-ийн захирал, “Нэг Ардчилал” клубын Бодлогын зөвлөлийн гишүүн. Түүнийг Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт хөлөө жийн гараа тэлэн хэвтэж байгаа нэгэн гэх нь ч бий. Түүний талаар хэвлэлүүдэд “Могойн голын ордын өчүүхэн хэсэг Овоотыг тусгаарлан аваад “Бид өөрсдөө илрүүлсэн юм” хэмээн зарласан гэдэг. Түүний “Хургатай хайрхан” хэмээх компани сүүлийн үед олны анхааралд өртөөд байгаагийн шалтгаан нь дээрх хуурамч үйлдлийнх нь уршиг юм. Дээхнэ үед геологичид Могойн голын ордыг өнгөрсөн зуунд тогтоочихсон, төрийн өмчит орд бөгөөд Орхон, Сэлэнгийн нүүрсний сав газар гэдэг. Гэтэл гар хүрэх эрхгүй, төрийн ордын нэрийг нь өөрчлөөд Овоот орд гэдгээр нь эзэмшилдээ авчээ. Түүгээр ч зогсоогүй Австралийн “Aspire Mining” компанид “Овоот” ордын нэрээр IPO хийх боломжийг өгчээ” зэрэг нийтлэлүүд гарч байлаа. Ийнхүү Б.Баттүвшин хэмээх залуу УИХ-ын гишүүн байсан аавынхаа нэр сүр, нөмөр нөөлөг дор улам урагшилж явна. Тэрбээр “Аspire Mining” компани Хөрөнгийн биржид Овоот ордоор 32.8 сая ам.доллар босгосон байдаг. Б.Баттүвшин УИХ-ын 2012 оны сонгуульд Ардчилсан намын нэрсийн жагсаалтын 24-т бичигджээ.

Н.БУДСҮРЭН

info.mn


URL:

Сэтгэгдэл бичих