Дөрвөн жил мах, ноос, сүү ярьсан ”байгалийн гамшиг” Фортуна Н.Батбаяр архангайчуудыг молигодно

АН-ынхан дотроо «байгалийн гамшиг» гэж хочлогддог УИХ-ын гишүүн Фортуна Н.Батбаяр Архангай аймгаас дахин нэр дэвшихээр болсон. Түүний хувьд өмнөх сонгуулиар архангайчуудад амласан амлалтынхаа дээлийнх нь өнгийг солиод зүтгүүлэх санаатай нэр дэвшсэн нь ойлгомжтой. Ямартай ч тэрбээр Монголын улстөрд молигодохдоо гарамгай гэдгээрээ алдаршаад байна.

Хамгийн эхний жишээ гэхэд л Барилга хот байгуулалтын сайд байхдаа 40 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ гэчихээд эцэс сүүлд нь Жар- галан хотхоныг барьснаар дуусгавар болж, молиго үмхүүлсэн.
Мөн ашигт малтмалын үнэ дэлхийн санхүүгийн хямралаас болоод унахтай зэрэгцэж Монголбанканд тушаагддаг алтны хэмжээ гэнэтийн ашгийн 68 хувийн татварын улмаас эрс багассан.

Учир нь эрхэм гишүүн нэг л өдөр 68 хувийн татвар гэгчийг бодож олсноо зарлаж, Монголын төрд их хэмжээний мөнгө орж ирж байна хэмээн улстөрчдийн тархийг угаасан. Ингэж молигодсоноор үндэсний гэх компаниуд гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг төлж чадахгүйд хүрч, олборлосон алтаа Монголбанканд биш арилжааны банкуудад тушааж, Монголын баялаг эмх замбараагүй гадагш ур- саж эхэлсэн.

Улмаар архангайчуудыг молигодохдоо гарамгай тэрбээр Монголын ард түмнийг бөө удмаараа гайхуулаад авлаа. Үүгээр ч зогсохгүй «Фортуна Батбаяр» гэж дуудсан нэгнийг загнан, мөнх тэнгэрийн тухай лекц уншчихдаг болсон. Юмыг яаж мэдэх вэ, ирэх сонгуульд өөрийнхөө хувь заяаг бөөлж байгаад эргүүлчихнэ гэж итгэж яваа юм ч юм бил үү, хэн мэдлээ. Тэглээ гээд архангайчууд түүнийг дагаж намирахгүй нь мэдээж.

Аливаа асуудлыг хэлэлцэх үед тас зөрж, «Энэ чинь ийм байхгүй юу, тийм үү» гэж ирээд л үзэлцэж гарна. Намынхан дундаа ч нэр хүнд тааруу аливаа асуудлыг сөрдөг болохоор түүнийг намынхан нь «байгалийн гамшиг» гэж зүгээр ч нэг нэрлээгүй бололтой. Арга ч байж уу, хэлснийхээ дараа бодож, сэтгэдэг, түргэн зантай, хэтэрхий туйлшрамтгай тэрбээр түрүүлж дуугарахдаа гаргууд.

Дөргүй бух шиг зүтгэх ч энүүхэнд. Засгийн газрыг огцруулахаар найман гишүүнтэй нийлж, УИХ- ын дарга руу албан бичиг хүргүүлж, чуулганы танхимд жүжиг тоглоод ч амжилт олоогүй. Сүүлийн үед «Батбаяр явсан газар балагтай» гэсэн хэлц үг хүртэл гарсан байна лээ шүү.

Нөгөө талаар, 2000 оны УИХ-ын сонгуульд Архангай аймагт «АХ» эвслээс нэр дэвшиж, өвдөг шороодсон ч 2004, 2008 оны сонгуулиудад АН-аас нэр дэвшин сонгогдохдоо багагүй зүйл амласан ч өдгөө ажил хэрэг болсон нь тоотой цөөн. Түүний хамгийн супер гэмээр молигодолт тухайн үеийн «Монгол шуудан» банкны ТУЗ-ийн дарга, одоогийн УИХ-ын гишүүн Д.Зоригттой хамтран 10 жилийн дотор 100 үйлдвэр барина хэмээн амласан.

Одоо л хийхгүй бол хэзээ хийх вэ? Өнөөдөр л эхлэхгүй бол хэзээ эхлэх вэ? гэсэн сүржин уриатай эхлүүлсэн 10 жилд 100 үйлдвэр байгуулах санаагаа монгол хүний төлөө, хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болохын төлөө, импортлогч орноос экспортлогч орон болохын төлөө, иддэг хүнс, өмсдөг хувцас, хэрэглэдэг эрчим хүч, нефть бүтээгдэхүүнээр өөрсдийгөө хангаж, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулахын төлөө, монгол хүн бүрийн эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулж, ажилгүйдэл, ядуурлыг өнгөрсөн түүх болгон хувиргахын төлөө, ажил хөдөлмөртэй, боловсролтой, эрүүл чийрэг, аз жаргалтай, баян чинээлэг хүн ардтай улс үндэстэн болохын төлөө гаргасан хэмээн тайлбарласан нь бас л хөөс болон замхарсан.

Ийнхүү эрхэм гишүүний энэхүү «мэргэн» санааг нам нь талархан хүлээн авч, мөрийн хөтөлбөртөө тусган мөрөөдлөө санаачилга болгож, ажил хэргийн түвшинд эхлүүлэхээ амлаж, молигодолт болоод дууссан. Яаж ч бодоод үзэхэд 2008- 2018 онд 100 үйлдвэр барина гэж үзвэл 2012 он гэхэд 40 үйлдвэр шинээр бий болсон байх учиртай байлаа. Эрхэм гишүүний амлалт өгснөөс хойш өнөөдрийг хүртэл манай улсад хэдэн үйлдвэр шинээр баригдав гээд тоолох гэтэл даанч олдсонгүй. Ийн­хүү 100 үйлдвэр барих амлалт зугаатай яриа болоод өнгөрөв.

Бид дараагийн дугаартаа УИХ-ын гишүүн Фортуна Н.Батбаярыг хэний захиалгаар Р.Амаржаргалын гэгдэх Засгийн газрыг унагасан болоод хувийн бизнесийнх нь талаар хүргэх болно.

Б.Туяацэцэг

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих