Н.Номтойбаяр Дорнодоос сонгогдоно гэж сэрүүн зүүдэлж яваа бололтой

Дэд сайд болохоосоо өмнө өмссөн хувцас, унасан машинаараа олны ярианы сэдэв болдог байсан Н.Номтойбаяр сайдын суудалд сууснаасаа хойш мэдлэг боловсролгүй, толгой муутайгаараа ярианы сэдэв болоод удаж байна.

Мөнгөтэй эцгийнхээ хөрөнгөөр зодож, НХХ-ийн дэд сайд болсон тэрбээр удалгүй МАН-аас УИХ-д нэр дэвших нь тодорхой болсон. УИХ-ын гишүүн болохоор хөөрцөглөж яваа учраа мэдэхгүй сайдтан эгээтэй л Дорнодод хаваржаагүй.

Мань хүн УИХ-ын ги­шүүн болоход олон дутагдал байна аа. Тухайлбал, дэд сайд болсныхоо дараа УИХ- ын чуулганы үеэр хоёр ч гишүүнээс хатуухан үг хүртэж байв. Ирэх оны улсын төсөвт халамжийн бодлогыг хэрхэн тусгаж байгаа талаарх гишүүдийн асуултад тэрбээр юу гэж хариулахаа мэдэхгүй түгдэрч, багшдаа загнуулж байгаа сурлага муутай сурагч шиг л баахан бүлтгэнэж билээ. Саяхан МАН-ын удирдах зөвлөлийн хуралд асуугдаж байсан Н.Номтойбаяр томчуудын өөдөөс учир утга нь мэдэгдэхгүй олон юм ярьж гэнэ. Урдаас нь намын лидерүүд нь «Хүүе хүн ойлгогдохоор ярь! Үгүй бол даасан дээр бичээд буулгаад ир» гэж ээ.

Таван cap яамны ажил хийчхээд ажлаа мэдэхгүй байгаад нь ихэд бухимдсан С.Ламбаа гишүүн Н.Номтойбаярын оруулж ирсэн заалт түүхий байгааг сануулж, буцааж татахыг шаардаж байсан юм. Харин Сангийн сайд асан С.Баярцогт «Засгийн газрын гишүүн юм бол хэлэлцүүлэх гэж байгаа тоо баримтаа ядаж хамгаалаад ярьчихдаг байх ёстой» гэх зэргээр олон талаас нь гишүүд шүүмжилж байсан. Аргагүй Монгол Улсын парламентын танхим юм болохоор «МАК»-ийн Б.Нямтайшир орж ирж хүүгээ өмөөрч чадаагүй.

Энэ мэтээс харахад Монголын улстөрд «МАК» ХХК-ийн захирал Б.Нямтайширын хүү МАН- ын мөнгөлөг залуусын нэг гэдгээрээ түрий барьж, төр түшихийг мөрөөдсөн ч түмэнд яаж үйлчлэх аргаа олохгүй явна. Ийм хүн Дорнод нутгийн ард түмнийг төлөөлж УИХ-д сууна гэдэг бүтэшгүй зүйл. Дорнодчууд тэнэг л биш бол ийм хүнийг УИХ-ын гишүүнээр сонгохгүй байлтай.

Хамгийн гол нь яамдынхаа ажилчдын хийж гүйцэтгэсэн ажлын тайланг ч УИХ-д тайлагнаж чадахгүй байгаа хүн төр түшилцэнэ гэдэг үнэхээр инээдэмтэй зүйл. Улстөр гэдэг тоглоом биш. Улстөрч хүн, УИХ-ын гишүүн байна гэдэг баар сав хэсч, хүүхэн найрах, компани удирдахаас шал өөр. Үнэндээ Н.Номтойбаяр «МАК»-ийг удирдаад өдий зэрэгт хүргэчихсэн юм биш. Иймээс түүний оронд аав нь байсан бол арай өөрөөр харж болох байлаа. Энэ мэтээр Н.Номтойбаярын паян сайд болсон цагаас нь л доогтой улстөрчдийн амны зугаа болсон. Яамных нь сайд нь шинэ засаг бүрдмэгц Унгарт Элчин сайдаар суухаар болсон. Гэтэл учраа мэдэхгүй мангар бацааныг сайд болгосны төлөөсийг Т.Ганди сайд төлж, энд, тэндхийн хуралд очиж чихээ халууцуулж, нүүрээ улалзуулдаг болсон.

Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр Н.Номтойбаярын бантагнуулсан бүхнийг засч залруулах гэж хамтран зүтгэгч нөхөд нь харин ч нэг зовж байгаа сурагтай. Дэлхийн банкнаас зохион байгуулсан нэгэн хуралд Н.Номтойбаяр яамаа төлөөлөн очоод гадныхны элэг доог болсон тухай хөгтэй паян саарал ордноор хөвөлзөж, Н.Номтойбаярт «болоогүй бор будаа» гэсэн хочийг хайрласан гэнэ билээ.

Бас болоогүй ээ, Дэлхийн банкны төлөөлөгчид түүнийг «Юу ярьж байгаагаа өөрөө ч мэдээгүй байх. Монгол Улс ийм хүнээр дэд сайд хийлгэх гэж» хэмээн халаглаж, толгой сэгсэрч байсныг тухайн үед хэвлэлүүд бичиж байв. Энэ явдлаас хойш нэг хэсэг Н.Номтойбаярын тухай сонирхолтой яриа намжсан ч тун удалгүй түүний паянгууд үргэлжилсэн. УИХ-ын чуулган дээр П.Алтангэрэл гишүүн «МАК»-ийн ханхүүгийн тухай яриаг дахин сэдрээчихэв. Тэрбээр «Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Н.Номтойбаяр Дорнод аймагт хаваржиж байна. «Сонгуулиас өмнө нэг сая төгрөгийг бэлнээр өгнө» гэж яриад явж байна. Ажил хийлгэх гэж төрийн албанд томилсон юм уу, эсвэл Монголын хуулийг уландаа гишгэж улстөр хийгээд яв гэж дэд сайдын албанд томилсон юм уу» хэмээж мөнгө, төсөв ярьж толгойгоо өвтгөж суусан гишүүдийн инээдийг хүргэж, сэргээсэн.

Хамгийн гол асуудал нь дэд сайд болсон таван сарын хугацаанд ажилдаа тэнцэхгүй гэсэн утгатай шүүмжлэлийг олон удаа авсанд байгаа юм. Гэтэл даварсан ханхүү Н.Номтойбаяр УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авсан нь олон хүний эгдүүцлийг хүргэж байна.

Зарим нь нэр дэвших тойрог олдохгүй урваж, шарваж, нэгнийгээ хүртэл захиалгаар шоронд хийлгэж байхад «МАК»-ийн хүү ногоон гэрлээр парламентын танхим руу зүтгэж байгаа нь тус нам зөвхөн мөнгөтэй хүмүүсийг дэмжиж буйг илтгэв.

Гэхдээ «МАК»-ийн хан­хүүгийн хандыг хага дарах хүчтэй хүмүүс Дорнод аймагт бий. Дорнодчууд үүний нэгээр орон нутгийн бизнесмэн «Дорнод гурил» компанийн захирал Х.Болорчулууныг нэрлэж байна билээ. Х.Болорчулууны хувьд МАН-ын Бага хурлын гишүүн хэдий ч Н.Номтойбаяр мэтийн бацаануудад шахагдаж, улмаар бие даан нэр дэвшихээр гарын үсэг цуглуулж эхэлсэн аж.

Манай сонины редакцид Дорнод аймгийн тавдугаар багийн иргэн Г.Хэнмэдэх гэдэг буурай холбогдож, «Н.Номтойбаяр хүүхээ, эхлээд өөрийнхөө амьдралыг цэгцэлчихээд төрөө засах хэрэгтэй байх. Нас чинь арай эрт байна. Зурагтаар харах бүртээ муу хүүгээсээ ичих юм. Юу ярьж байгаагаа ч ойлгодоггүй хүн яаж дорнодчуудыг бүтэн дөрвөн жил төлөөлж суух юм бэ. Манай аймагт ирээд хэрэггүй. Хий дэмий баахан зардал үрэхийн нэмэр гэж хэлмээр байна» гэлээ.

Н.Номтойбаярын энэ мэт үйлдлүүдэд нь тус аймгийн хэчнээн иргэд дургүйцлээ илэрхийлж байгаа нь тодорхой. Нутгийн иргэд нь дургүйцлээ илэрхийлж байхад Н.Номтойбаяр Дорно­доос сонгогдох нь юу л бол. Хааны алба шиг болгож буй төрийн суудлыг хэн дуртай, мөнгөтэй айлын хүүхэд дайлаар морддог болж дээ.

Ийнхүү дэд сайд нэрээр аймаг дамжин хэсч, Дорнодод хаваржих дөхсөн Н.Номтойбаяр өөрийгөө УИХ-ын гишүүн болно хэмээн сэрүүн зүүдэлж яваа бололтой.

Р.Саруул

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих