Ч.Амарболд бие нь муу байсан ч “Төрдөө салаавч үзүүлж, зугтдаг нь би биш” гэж хэлээд шүүх хуралд очжээ

Өчигдөр 7 сарын 1-нд 4 хүн буудан алсан хэрэгт яллагдагчаар татагдаад буй генерал Ч.Амарболд, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан Г.Ганбаатар, Эрүүл хамгаалалтын газрын дарга асан Ш.Батсүх нарт  холбогдох шүүх хурал  болох байсан билээ.
Өглөө 10 цагаас эхлэх ёстой байсан шүүх хурал 16 цагийн үед эхэлсэн ч  зургадугаар сарын 6-ны өдрийг хүртэл  хойшлуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан тухай ч Сонин.мн мэдээлсэн.
Учир нь өглөө 10 цагийн үед хорт хавдар боолгосон Ч.Амарболд , хагалгаанд орсон О.Зориг нар шүүх хуралд очих ямар ч боломжгүй гэж эмч нар нь мэдэгдэж байлаа. Гэсэн ч  Цагдан хорих 461-р ангид болсон уг шүүх хуралд Ч.Амарболд, О.Зориг нарыг албадан авчирах шийдийг Сүхбаатар дүүргийн шүүх гаргаад байсан юм.
Улмаар ар гэрийнхэн нь хичнээн хориглож байсан ч  хэвтэрт байсан Ч.Амарболд “Намайг аваад яв. Шүүх дээр хэлэх үгээ хэлье.”Төрдөө салаавч үзүүлж, зугтдаг нь би биш” гэж чанга дуугарснаар дамнуурган дээр хэвтсээр хорих ангид хүргэгдсэн байна.
Гэсэн ч эрүүл мэндийн байдал нь хуралд оролцох боломжгүй болон өмгөөлөгч нарт нь хавтаст хэрэгтэй танилцах боломжийг өгөх зорилгоор Сүхбаатар дүүргийн шүүх 6 сарын 6-ныг товлосон юм.
Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч  асан хошууч генерал Ч.Амарболд, тэргүүтэй хүмүүст  Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 буюу гэмт хэрэгт хамтран оролцож гардан гүйцэтгэсэн, 274 дүгээр зүйлийн 274.2 буюу Монгол Улсын иргэн зэвсэгт хүчин, бусад цэрэгт, цэргийн үүрэгтэн дайчилгаа, сургууль, цугларалтын үед цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчиж энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэсэн үндэслэлээр  ял төлөвлөөд буй ажээ.

Э.Мягмар


URL:

Сэтгэгдэл бичих