МАН-ын сүйрүүлсэн хоёр дахь “Хонгор”-ын дүр төрх

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Хонгор багийн нутаг Хараат Уулын орчим “Шанжин-Орд” ХХК цайр төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэр барихаар үйл ажиллагаагаа явуулаад эхэлжээ. Хараат Уулаа нутгийн иргэд тахиж шүтдэг ажээ.

Монгол Хятадын засгийн газрын зөвшөөрөлтэй хэмээн нүүрээ далдлах “Шанжин орд” ХХК Говь-Угтаал сумын малын бэлчээрийг гамшгийн байдалтай болгож байна.

Монгол хүний хөдөлмөрийг шулж байна. Өдрийн 12 мянган төгрөгөөр нойр хоолоо хасан өөрийн газар нутаг дээрээ харийнхны боол болж буй нь эмгэнэлтэй.

”Шанжин-Орд” ХХК-ийн их бүтээн байгууламжийн урд харагдаж буй уул бол энэ нутгийн тахилгатай уул юм. Монголчууд бид эрт үеэс газар нутаг ялангуяа тахилгатай уул усаа хүндлэн дээдэлсэээр ирсэн заншилтай ард түмэн. “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг”

Эдгээр хүнд даацын машинууд дуртай газраа зам гарган малын бэлчээрийг талхалж байна. Өдөрт 40 гаруй удаа ирээс хийдэг аж.

Урин цаг ирсэн энэ улиралд нүдэнд торох өвс ургамал үгүй харин том том чулуу л үзэгдэх юм. Уул уурхайн нөхөн сэргээлт хийхгүй. Ухсан газраа хэвээр нь үлдээгээд байгалийнхаа жамаар усаар дүүрэхээр нь загас үржүүлгийн газар байгуулна хэмээн үлгэр ярьжээ.

“Шанжин Орд” ХХК удахгүй цайр төмрийн хүдрийн үйлдвэрлэлээ явуулаад эхлэх нь. Тоног төхөөрөмжөө оруулаад ирсэн байгаа нь энэ. Зөвхөн бүтээн байгуулалтын ажилд газар нутгийг ингэж сэндийчиж байхад жинхэнэ ажлаа хийгээд эхэлвэл энэ газар нутаг ямар байдалд орох бол оо.

“Шанжин-Орд” компанийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ гэдгийг хуурамчаар гаргасан гэж нутгийн иргэд үзэж байгаа юм. Учир нь Говь-Угтаал суманд байтугай Монголд байхгүй гурван хүнийг зохиомлоор бий болгож, энэ нутаг яаж ч сүйрсэн бидэнд хамаагүй та нарын мэдэлд гэх маягийн зүйлийг үйлдэж нутгийн иргэдэд үзүүлжээ.

1982 онд Орос Монголын хайгуулын хамтарсан баг гарч яг энэ газрыг төмрийн хүдэр, цайрын арвин их нөөцтэйг тогтоогоод улсын өмч хэмээн хүлээлгэн өгсөн байдаг аж. Түүнээс хойш 2009 онд өмнөд хөршөөс ирсэн хайгуулын багийнхан хоёр жил гаруй хугацаанд ажиллаад “Х” лиценз эзэмшин энэ орд газар эзэн суужээ.

Говь нутагт сүндэрлэсэн ганган ганц 00-ын зүг яваа хүн бол инженер гэсэн. Боссууд нь байхгүй учир яриа өгөхгүй гэж байв. Буруу зөрүү ярихаас айсан байх л даа.

Үйл ажиллагаа явуулах эрхийн бичигт “Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт 32 га газар олгов” гэсэн байдаг гэнэ. Гэвч одоо ашиглаж буй газар нутаг бол Говь-Угтаал сумынх. Дундговь аймгийн мэргэжлийн хяналтаас ирсэн төлөөлөгчид “Энэ чинь компьютерийн нэг шивээсний л алдаа Говь-Угтаал гэж бичих гэж байгаад Сайнцагаан гээд биччихсэн” гэжээ. Андуурна андуурна гэхэд арай дэндэнэ ээ. Үг андуурснаас болж энэ бүтээн байгуулалт өрнөж эхэлсэн гэхэд та итгэх үү.

Бид ч яахав жам ёсоороо хорвоогийн мөнх бусыг үзүүлнэ. Хойч үеийнхэнд маань Монголын газар нутаг бүхлээрээ өвлөгдөж очих эсэх нь чухал асуудал болоод байна. Энэ бол Монголын эмгэнэл.

Тайчир


URL:

Сэтгэгдэл бичих