Өш өвөрлөгч
Улс төрд Энхбаярынхан заавал байх ёстой юу-
“Би хувьдаа МАН, АН-тай улс төрийн тооцоо бодох ёстой гэж боддог” гэж М.Энхсайхан хэлжээ.
УИХ-ын сонгууль болж улс төрийн намууд өрсөлдөж байгаа. Хэн хүнгүй л ялалт мөрөөдөн өрсөлдөж байна. Энэ бол зүй ёсны хэрэг. Гэхдээ бие биетэйгээ “тооцоо” бодох бус биелүүлэх бодлогоо мөрийн хөтөлбөр болгоод өрсөлдөх нь ардчилсан орны сонгууль явах шударга зарчим. Харин цагтаа Монгол Улсын Ерөнхий сайд, том намуудын нэг Ардчилсан намын дарга асан М.Энхсайхан ардчиллын алтан зарчим болох шударга сонгуулийн талаар бус өш хонзон авах талаар ийнхүү их улс төрийн галт тэрэг хөдлөх гараан дээр ярьж яваа нь хэр зохистой вэ. Ерөөс ийм хэмжээний ажил алба хашиж явсан хүний зангарагт нийцэх үү гэх асуултууд гараад байна л даа.
Улс төрийн намууд шат шатны сонгуулиар бодлого, мөрийн хөтөлбөрөө гарган тавьж, ард түмэн түүнийг нь сорчлон сонголтоо хийдэг ганцхан зарчим дэлхий дахинд үйлчилж байгаа. Харин М.Энхсайхан хийгээд “МАХН-МҮАН шударга ёс “эвсэл” энэ удаагийн сонгуулийг өш хонзон авах гараа болгоод байгаагаа ийнхүү зарлалаа.
Үүнээс гадна М.Энхсайханы ярианаас нэгэн хачин үг харагдав. Тэрбээр “Н.Энхбаяр дарга шоронд орвол Э.Батшугараас өөр эр хүн энэ айлд байхгүй учраас нэр дэвшсэн” гэв. Монгол төрд заавал Энхбаярынхнаас хэн нэг нь байх ёстой гэж ер нь хэн хаана зарлан хуульчилчихав аа. Төрийн хүн гэдэг алдаа хийсэн бол хариуцлага хүлээж чаддаг, өндөр сэнтийд сууж чаддаг шигээ бууж ч бас чаддаг байх ёстой бус уу. Яг ийм өөрөө үгүй бол үр хүүхдээ байлгах гэсэн, Монгол төрийг хувьчилж авчихсан мэт авирлах нь л өөрөө төрийг хүчгүйдүүлж, түмэн олныг туйлдуулж байгаа юм шүү дээ.
Монгол төрийн түшээ явсан хүн захын ийм зарчмыг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж баймаар. Гэвч Ардчилсан намаасаа сайдын суудлаас болж хөөгдсөн, ахиад төрд шургалж дөнгөлгүй дөрвөн жил завсарлачихсан М.Энхсайхан, Н.Энхбаяр нарт өш өвөрлөж өөнтөглөхөөс өөр өөдтэй бодол орж ирэхгүй байгаа бололтой. Түүний өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагаас харахад бүүр нэг албан тушаалаас атгах хүсэлдээ автчихаад байж ядаж байгаа нь шууд харагдав. Айдас хүрмээр адийн хүсэл.
“Ардчиллын хэмээх 20 жилд алдсан нь их. Хур хогийг тийм ч амархан зайлуулчихгүй. Бид таван хувьсгал хийх төлөвлөгөөтэй байгаа. Монголоо зөв болгон өөрчлөх томоохон багийг нэр дэвшигчдээрээ бүрдүүлсэн. Хүчирхийлэл хүчирхийллийг бий болгодог” гэх үгсийг тэрбээр амнаасаа унагажээ.
Энэ үгсийг байнга шахам амнаасаа унаган цэвэрлэгээ хийх тухай яриад байгаа М.Энхсайхан, Н.Энхбаяр хоёр өөрсдөө Монгол төрийн өнөөгийн системийг гардан бий болгоогүй гэж үү. Ардчиллын гэх 20 жилийн түүхэнд энэ хоёр л хамгийн их эрх мэдэлтэй байж харин ч албан тушаалын төлөө бие биетэйгээ арсалдан тэмцэлдсээр, араасаа гарах улстөрчдөд үлгэр дуурайллаа үлдээгээгүй гэж үү.
Нэгэнтээ Э.Бат-Үүл “Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд байсан хүмүүс бослого, хувьсгалд ард түмнийг турхирч байгаа нь үндэсний эрх ашигт ноцтой байдал үүсгэж байна. Ерөөс энэ тухай хуульд хатуу тусгамаар юм. Одоо Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс ард түмнээ ил цагаан бослого, үймээн самуунд уруу татдаг боллоо” хэмээн УИХ-ын чуулганы танхимд халаглаж суусан. Үнэхээр ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан, хамаг л улсын нууц, төрийн зохион байгуулалтыг гардан хийж байсан хүмүүс ийнхүү эргээд лааз өшиглөмөгцөө өш өвөрлөөд байгаа нь зүй зохистой үйлдэл яавч биш. Иймээс ч ард түмэн амралт өгөхөд амрахгүй, ажил хийж байгаа хэсгээ буруутган өш авахаар зүтгэгчдээс жийрхэж байна.
С.Баяр
URL: