“Mine-Golia” юу, “Mongolia” юу

Монголын уул уурхайн салба­рын хөгжил сүүлийн хоёр жилд асар хурдацтай өсөөд бай­на. Тэр хэрээр энэ салбарын асууд­луу­дыг тойрсон маш олон удаа­гийн чуулга уулзалт, олон ул­сын хэлэлцүүлэг болох болов. Хэ­лэлцүүлэг болгон дээр шахуу, га­даад, дотоодын төлөөлөгчид, хө­­рөнгө оруулагчид, бүр цаа­шил­бал, гадаад улсаас Мон­гол Улсад суу­гаа элчин сайд нар оролцож бай­на. Тэдний хувьд Монголын уул уурхайн салбар сайнаар хэ­лэ­хэд хамтран ажиллах цоо ши­нэ боломж, муугаар бол эгээ л “мөнгөний авдар” маягтай хараг­даж буй биз ээ. Сүүлийн хэдэн сард энэ салбарт маш том том үйл явдал болж байна. Хамгийн тү­рүүнд “Оюутолгой” төслийн ба­рилгажилтын явц 85 хувьд хүрс­нийг төслийн гүйцэтгэх захирал Ка­мерон Макрей зарлалаа. Түүнч­­лэн Монголоос гарч буй хоёр дахь удаагийн маш том IPO-г “Алтайн хүдэр” ХК гаргах болс­­ноо мэдэгдэв. Тус компани Хон­­конгийн хөрөнгийн биржээс 300 сая ам.доллар босгохоор тө­лөв­лөж байгааг гадаадын олон хэвлэлүүд он­цолжээ. Монголын уул уурхайн салбар гадаадынхны анхаарлын төвд байгаа нь Хөгж­лийн банкны 580 сая ам.дол­ла­рын бонд ганц­хан өдөрт борлогд­со­ноос мөн ха­рагдаж байна. Монго­лын Засгийн газ­рын баталгаатай гаргаж буй анхны бондын эрэлт олон улсын зах дээр тооцоолж байснаас 10 да­хин илүү байсан. Одоо Хөгжлийн банкнаас олж ирсэн мөнгөөр томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ. Цаашдаа уул уурхайн салбар Монголын хөгжлийн гарц болох нь нэгэнт тодорхой болсон. Энэ онд л гэхэд Засгийн газрын тооцоолж байгаагаар ДНБ хоёр дахин өснө гэж байгаа. Өнгөрсөн онд энэ салбарын ачаар эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрснээрээ бид дэлхийд манлайлсан билээ.
Гэхдээ уул уурхайн салбарыг даган бий болсон энэ их өсөлттэй хамт “Mine-Golia” гэх шинэ хэллэг бий болоод байна. “Mongolia” биш “Mine-Golia” ажээ. Энэ ойлголтыг уул уурхай даган бий болсон экологийн сүйрэлд дургүйцсэн монголчууд бий болгосон гэж байгаа. Монголчууд “Mine-Golia”-г уул уурхайг дагасан байгаль орчны сүйрэл гэж хардаг бол гадаадынхан энэ ойлголтыг Монголын уул уурхайгаас их мөнгө олох боломж хэмээн ойлгож байна. Тэгэхээр гад­нынханд “Mine-Golia”, харин монголчуудад “Mongolia” чухал билээ. Цаашид уул уурхайн салбар “Mine-Golia” болох уу эсвэл “Mongolia” байх уу гэдэг нь ирэх жилүүдэд тодорхой болох болов уу. Мэдээж манай улс Ашигт малтмалын хуулиа шинэчилсэн, дээрээс нь уул уурхай дагасан дэд бүтэц, хүнд үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлэхээр болсон. Шинэ төмөр замын төсөл тун удахгүй ажил хэрэг болох талаар албаныхан хэлж байгаа. Тодруулбал, энэ ондоо багтаж, төмөр замын ажлыг эхлүүлбэл, хамгийн цаад тал нь 2.5 жилийн дараа монголчууд төмөр замын цоо шинэ сүлжээтэй болох ёстой. Үүнээс гадна “Сайншанд аж үйлдвэрийн парк” төсөл байна. Одоо ТЭЗҮ хийх ажил үргэлжилж буй билээ. Энэ мэт уул уурхайн салбарт чиглэсэн бодлогууд тодорхой хэмжээнд байна. Гэхдээ эдгээр бодлогууд зөв зүйтэй хэрэгжиж чадах уу, үгүй гэдгийг одоо амлаж хэлэх аргагүй юм. Юутай ч зөв хэрэгжиж чадвал бид “Mine-Golia”-гаас айх хэрэггүй болох учиртай.
Төмөр зам, хүнд үйлдвэр, тээвэр, дэд бүтэц гээд бүхий л салбарт гадаадынхны сонирхол маш их байгаа. Тэр бүх сонирхлыг тэнцвэржүүлж, басхүү жин банг нь тааруулах шаардлагатай гэдгийг төр засгийн эрхмүүд хэлдэг. Энэ мэдээж амаргүй ажил. Тавантолгойн ордын зүүн цанхид хийгдэж буй яриа хэлцэл хэрхэн удааширч, хой­шилж байгаагаас үүний жишээг харж болно. Ерөнхийдөө Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил сонгуулийн дараа л үргэлжлэхээр болж байна. Уг нь монголчууд Тавантолгойгоо аль болох богино хугацаанд ашиглалтад оруулж, монгол хүн бүртээ эрх тэгш хувьцаа олгохыг хүссэн. Гэвч тэр бүр санаснаар болсонгүй. Нэг талаас төр засгийн толгойд байгаа хүмүүстэй энэ асуудал шууд холбоотой ч нөгөө талаас бол гадаадынхны “гай”-гаас болж байгаа хэрэг. Дээр хэлсэнчлэн монголчуудын бодож төлөвлөж байгаа дэд бүтэц, хүнд үйлдвэрийн бодлого санасны зоргоор хэрэгжүүлэхэд хэцүү гэж эргэлзсэний шалтгаан энэ юм. Өөрөөр хэлбэл, бид хэчнээн хичээгээд ч уул уурхайн салбарыг зөв зүйтэй хөгжүүлэхийн тулд гадаадын оролцоо зайлшгүй байх ёстой гэсэн үг. Гагцхүү тэр оролцоог тэнцвэржүүлэх тухай асуудлыг л хөндөж байгаа хэрэг.
Нөгөөтэйгүүр бүх зүйл гадаадынхнаас боллоо гэж хэлчихээд зүгээр суугаад байж мэдээж болохгүй. Хууль эрх зүйн хүрээнд тодорхой зохицуулалт хийх шаардлагатай. Саяхныг болтол уул уурхайн салбарт орж ирж буй стратегийн гэж нэрлэгдсэнээс бусад хөрөнгө оруулалт төрийн хяналтын гадуур байлаа. Үүнээс болж, стратегийн маш чухал салбар болох нүүрсний салбараа хятадын төрийн өмчийн компанид алдах шахсан. Улстөрчид сая л нэг юм ухаарч, Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг баталсан. Ингэснээр хүссэн компаниуд нь Монголд орж ирээд уул уурхайн хөрөнгө оруулалт нэрээр баялгийг маань ухаад, гарч явдаг байдал арилахаар болж байна. Үүнийг тодорхой хэмжээнд гарч буй ахиц гэж ойлгож болно. Гэхдээ үүнээс гадна уул уурхайн үйлдвэрлэлийг даган бий болох сөрөг үр дагаврууд, экологийн сүйрэл, нөхөн сэргээлт, гадаадын хөрөнгө оруулалт орж ирж байгаа тохиолдолд монголчуудын оролцоо гэх мэт маш олон асуудлыг шийдэх шаардлагатай байна. Уул уур­хайн лицензүүд хэн нэгэн эрх мэдэлтний цүнхэнд явж, цүнхнээс цүнх дамжин авлигын хар мөнгөөр зарагддаг байдлыг ч “тас цохих” ёстой. Гэвч тийм зүйл өнөөг хүртэл харагдахгүй байна. Товчхондоо бол яг өнөө­гийн нөхцөлд монголчууд уул уурхай гэж цээжээ дэлдэхээс цааш хэтрэхгүй байгаа хэрэг. Нэг үе “Чингисийн Монгол” гэж дэмий хашгирдаг байсан бол одоо “Уул уурхайтай, баялагтай Монгол” гэдэг үгээр солигджээ. Гэтэл “Баялагтай Монгол” гэж хашгирахынхаа хамт баялгаа хамгаалах, зөв зохистой ашиглах, баялгаа хөгжил болгож хувиргах талаар юу ч хийгээгүй байна. Бүх зүйл яг л “Салан баавгайн үлгэр”-ээр явж ирсэн нь “South Gobi Sands“-ийн асуудлаар нэг юм ил боллоо. Одоо энэ байдлыг засч, залруулах шаардлагатай.
Хэрэв энэ янзаараа нөхцөл байдал удаан үргэлжилбэл бүх зүйл тодорхой байна. “Mine-Golia” болох уу “Mongolia” хэвээрээ байх уу гэдэгт эргэлзэх шаардлага алга. Өөрөөр хэлбэл, “Mine-Golia” л болж үлдэхээр байна. Монгол Улс “Mongolia” биш “Mine-Golia” болбол хэнд ашигтай бөгөөд ямар асуудал үүсэх талаар дээр дурьдсан. Дахин сануулахад “Mine-Golia” давамгайлсан үед уул уурхайн хөгжлөөс Монгол Улс, монголчууд бус гадаадынхан ашиг олж, халаасаа түнтийлгэнэ. Харин монголчууд хий дэмий ухсан газар, сүйрсэн байгаль, цөлжсөн тал нутагтайгаа л үлдэнэ. Ийм зүйл болохыг хэн ч хүсэхгүй байгаа. Төр засгийн эрмүүд ч бас уул уурхайн салбараа зөв замаар хөгжүүлье гэж бас ч гэж ярьж буй билээ. Одооноос эхлэн яриа хэлцэл яаралтай ажил хэрэг болох хэрэгтэй байна. Удахгүй болох сонгуулийн үр дүнгээр бас ч гэж тодорхой асуудлууд шийдэгдэх болов уу. Монгол Улс “Mine-Golia” болох уу, үгүй юу гэдэг нь ирэх дөрвөн жилд тодорхой болох учиртай.

Л.Энхдэлгэр

mminfo


URL:

Сэтгэгдэл бичих