М.Энхсайхан: Би хувьдаа МАН болон АН-тай улс төрийн тооцоо бодох ёстой гэж боддог
Н.Энхбаярыг баривчилсан шөнөөс хойш огт сураггүй алга болсон М.Энхсайхан олны өмнө гарч эхэллээ. Түүнийг уг нь Н.Энхбаярыг баривчилсныг эсэргүүцэн тэмцэх байх гэж улс төрчид ажиглаж байсан. Гэвч тэр тэгээгүй юм. Харин ч бие өвдлөө БНСУ-д эмчилгээ хийлгэнэ гэж хэлээд явсан тухай яриа гарсан. Үнэн худлааг хэлэх хэцүү.
Уг нь Н.Энхбаярын баривчилгааны талаар түүнийг жинтэй үг дуугарах байх гэтэл бас тэгсэнгүй. Зүгээр л ёс төдий үг хэлэв. Тэрээр Н.Энхбаяртай ойр ойрхон уулзаж байгаа бололтой. Н.Энхбаяр журмын нөхөр М.Энхсайхандаа өлсөглөн зарлаад хэвтэж байхдаа олон зүйлийг тунгаасан, өөрийг нь яаж доромжилж, бөгсөөр нь хооллоно гэж галзууруулсан тухай, хүү нь богинохон хугацаанд танигдахгүй эр хүн болж өссөн тухай элдэвийг хөөрөлджээ.
Хэрэв Н.Энхбаярыг тэднийд Э.Батшугараас өөр эр хүн байхгүй гэж өрөвдүүлэх гэсэн өнгө аяс цухалдуулсан юм. Мөн “Н.Энхбаяр даргыг сүр дуулиантай баривчилсан нь хэрэг дээрээ томоохон сөрөг хүчин үүсэхээс айсан, тэдэнд цохилт өгөх гэсэн эрх баригчдын алхам юм” улс төржүүлсэн, өөрсдийгөө дөвийлгөх гэсэн санааг хавчуулахаа мартаагүй юм. Н.Энхбаярын баривчилгааг хүн ёсны хувьд дүгнэхээсээ илүү улс төр болгож ашиглахаар зүтгэж байгаа нь журамын нөхөрийн хувьд жудаггүй л хандлага л даа.
М.Энхсайханыг эдийн засгийн гайгүй реформист хэмээн үнэлдэг байсан цаг саяхан. Гэвч тэрээр энэ имижээ саринулж өс хонзон авахаар улс төр хийж байгаа гэсэн өөр сөрөг имижийг бүрдүүлэх болсон. Түүнийгээ ч нууж хаалгүй зарладаг. Тухайлбал хамгийн сүүлд ярилцлага өгөхдөө “Би хувьдаа МАН болон АН-тай улс төрийн тооцоо бодох ёстой гэж боддог” хэмээн ил цагаан зарласан юм. Ингэж ил цагаан өс хонзон зарладаг улс төрчид манайд цөөхөн л байдаг байх. Бараг үгүй. Харин ганцхан өс хонзондоо баригдсан нэгэн улс төрч ийнхүү олны өмнө сонгуулийн өмнө гарч ирлээ. Уг нь МАН болон АН-тай М.Энхсайхан биш ард түмэн л тооцоо бодох уу эсвэл дэмжих үү гэдэг нь харагдах биз дээ.
Мөн М.Энхсайхан “Монголоо зөв болгон өөрчлөх том багийг бий болсон” гэж МАХН-МҮАН-ын шударга ёс эвслээ дүгнэжээ. Сайхан л дүгнэлт. Даанч М.Энхсайханы бий болгосон шударга ёс эвсэлд нь дуучин С.Жавхлан, нам дамжсан, Н.Энхбаярт авлигач гэдэг имижийг бүрдүүлж, баталгаажуулж өгсөн Г.Уянга, бөх З.Ойдов зэрэг хүмүүс байгаа нь даанч итгэл төрүүлэхгүй нь. Харин ч итгэл алдагдуулна.
Ийнхүү М.Энхсайхан Н.Энхбаяр найзынхаа асуудлаар улс төр хийж парламентад суудал авахын төлөө улайран зүтгэж эхлэхээр бэлтгэж байна.
/24tsag.mn/
URL: