Түвдэд хоёр лам өөрийгөө шатаажээ
ЛХАС./ФРАНС-ПРЕСС/. Тавдугаар сарын 27-нд буюу өнгөрсөн ням гарагт Лхас хотын Жоканг сүмийн хаалганы өмнө хоёр лам өөрийгөө шатаажээ. Тэдний нэг нь газар дээрээ нас барсан бол нэгийнх нь биеийн байдал хүнд байна. “Radio Free Asia” сувгийн мэдээлснээр, лам нарын нэг нь 19 настай, нөгөө нь 22 настай байсан байна.
Дээрх явдлын дараа Лхас хотод аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авч, үүрэн телефоны холбоог тасалсан байна. Мөн хувь хүмүүсийн биеийн байцаалтыг тодорхойлох баримт бичгүүдийг шалгаж эхэлжээ. Учир нь тус хотод өмнө нь ийм төрлийн эсэргүүцлийн ажиллагаа болж байгаагүй юм. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол, лам нарыг өөрийгөө шатаасны дараа Лхасын оршин суугчид эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсан бөгөөд жагсаал цуглаан баривчилгаагаар дууссан байна.
Хятадын Коммунист намын тус хот дахь салбарын төлөөлөгч Хао Пен болсон явдлыг эрс бууруушаажээ. Өөрийгөө шатаасан явдал нь Түвдийг Хятадаас салган тусгаарлах зорилгоор явуулсан ажиллагаа гэж тэрбээр хэлсэн байна.
Түвдийн лам нар өөрийгөө шатаах эсэргүүцлийн ажиллагааг өнгөрсөн оны гуравдугаар сараас явуул эхэлсэн бөгөөд үүнээс хойш 30 орчим лам Түвдийн эрх чөлөөний төлөө өөрийгөө шатаажээ. Түвдийн оршин суугчид соёл, шашин шүтлэгийг нь хавчин шахан, Түвдийн ард түмний эрхийг зөрчиж байна хэмээн Хятадын эрх баригчдыг буруутгадаг байна.
Хятадад өөрийгөө шатаасан лам нарыг “террорист”, “ухаан солиот”, гэмт хэрэгтэн гэж нэрлэдэг бөгөөд ийм ажиллагаа явуулах болсонд Далай ламыг буруутгадаг ажээ. Хятадын эрх баригчид “түвдүүдийг гадуурхаж байгаа тухай асуудлыг” эрс няцаадаг бөгөөд “Хятадын хүчинд Түвдэд амьдрал дээшилсэн” хэмээн мэдэгддэг байна.
Түвд нь 1950 онд Хятадад эзлэгдсэн юм. Түвдийн тусгаар тогтнолын төлөөх тэмцэл 2008 онд буюу Лхас хотод олныг хамарсан эмх замбараагүй байдал дэгдэж, улмаар цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн болж даамжирсан явдлын дараа идэвхжиж эхэлжээ. Мөргөлдөөний үеэр20 орчим хүн амиа алдаж, хэдэн зуун лам нар баривчлагдсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ”
URL: