Ж.Батсуурь орчин үеийн “Түгжил”-ээр тодорлоо
МАН-ынхан ийнхүү хөнжилдөө хөлөө жийлцэж эхэллээ
Тунгалаг тамир кинонд шилийн сайн эр Цахиур Төмөрийг дагаж хөлд орсон Түгжил гэдэг хулгайч хэдэн адуунаас болж ар нуруунд нь хутга зоодог. Тэгвэл үүн шиг ичгэвтэр явдал МАН-ын зарим гишүүдийн дунд тохиолдлоо.
Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Дорноговь, Говьсүмбэрт нэр дэвших эрхийг “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарт өгсөн. Гэтэл нэр дэвших эрхээ аваад удаагүй Ц.Анандбазарыг өнгөрсөн баасан гарагт АТГ-аас баривчлаадахав. Харин юуны учир ингэх болов гэдгийг холбогдох албаныхан мэдэгдээгүй ч улстөрийн зорилготой гэдэг нь нэгэнт илэрхий болсон.
Учир нь Ц.Анандбазарыг баривчлахтай зэрэгцэн МАН-аас Ж.Батсуурьд нэр дэвших эрхийг өгөх шийдвэр гаргасан. Сураг сонсох нь ээ Ж.Батсуурь Ц.Анандбазараас уг тойргийг авах гэж нэлээд эртнээс хүч, зав, цагаа гаргасан ч тусыг эс олсоор ийнхүү цагийг нь тулгаж орхисон байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Ж.Батсуурь орчин үеийн Түгжилээр тодорлоо.
Ер нь Ц.Анандбазар сонгуульд хүч үзвэл намдаа нэг суудал чирээд ирэх нь дамжиггүй. Иймээс л өрсөлдөгч нь эцсийн мэхээ хийхэд хүрсэн аж. Уг нь нам суудал авч чадвал бусад нь маньд падгүй гэдэг ч өнөөгийн улстөр намаас бус хувь хүнээс амбиц шаардаад байгаа юм шиг байна.
Энэ нь сонгууль дөхөхтэй уялдан олон ч улстөрчийн суудал ганхаж, зарим нь тэнцвэр алдсанаас шууд харагдана. Гэхдээ нэр дэвшигчдийн нэр тодроогүй байхад яагаад Ц.Анандбазарыг шалгаагүй юм бол. Тэгэхээр тойргоо алдах вий гэсэн айдастай байсан Ж.Батсуурийг хор найруулж эхэлсэн гэж үзэхээс өөр аргагүй гэдгийг намын нөхөд нь саарал ордноор шивнэлдэх болсон нь нууц биш.
Хамгийн гол нь энэ нөхөр ийм арга хэрэглэн байж сонгуульд өрсөлдөөд Дорноговь аймгаас гарч ирэх нь юу л бол. Ц.Анандбазар Ж.Батсуурийг бодвол тус аймагт хийсэн юмтай, хэлэх үгтэй хүн гэдгийг нутгийн зон олон ч ярьдаг юм билээ. Тухайлбал, Дорноговь аймгийн Мандах сум эрчим хүчний эх үүсвэрт холбогдолгүй удаж байгаа. Ж.Батсуурь 2008 оны сонгуульд Дорноговь аймгаас сонгогдохдоо тус сумынханд хаяагаараа розетка гаргаад байж бай, дор нь цахилгаантай болгочихно гэж амлажээ. Гэтэл Мандах сумынхан дөрвөн жил өнгөрчихөөд байхад өнөөх л бахь байдгаараа харанхуй хэвээр байсаар.
Хамгийн ичмээр нь Ж.Батсуурь чуулганы завсарлагаанаар сонгогчидтойгоо уулзахдаа өнөөх үлгэрээ дахиад л ярьж, “Намайг энэ удаа сонгочих, тэгвэл 2013 он гэхэд л гэрэлтэй болчихно” гэж явсан аж. Хулхин дээрээ цэцэг ургуулж хаширсан Дорноговийнхон одоо ч тэгж хошгирохоо больё доо гэлцэж байгаа гэнэ.
Түүнээс гадна мань хүн сонгогчидтойгоо хийсэн уулзалтын үеэр “Би бол танигдсан хүн” гэж сайрхсан гэж байгаа. Гэтэл Дорноговийнхон үүнийг нь юу ч хийгээгүйгээрээ л танигдана даа хэмээн егөөдөж сууна билээ. Ингээд бодохоор МАН өөрсдөдөө нэг суудлыг ногоон гэрлээр авч ирэх ёстой байсан боломжоо алдаж дээ.
МАН-ын дарга С.Батболд мэдээлэл хийхдээ “Манай нам боловсон хүчний нөөц ихтэй. Тиймээс тойргийн төлөөх өрсөлдөөн нэлээд ширүүн өрнөдөг” хэмээн хэлсэн. Ингэж хэлснээрээ тэрбээр Ж.Батсуурийн үйлдлийг зөвтгөжээ гэж олон хүний дургүйг хүргэсэн.
Ер нь монголчууд дайсан ч бай, нөхөр ч бай ялгаагүй хаяагаа хадардаг нөхдөд дургүй. Тиймдээ ч “Ханилж яваа нөхрөө, унаж яваа морио” гэдэг үг бий болсон.
Шуудхан хэлэхэд МАН нэг суудлаа АН-д алдсан гэхэд хилсдэхгүй. “Амандаа орж ирсэн шар тосыг өөрсдөө хэлээрээ түлхээд гаргасан”-д өрсөлдөгч намууд нь баярласандаа найр хийх шахаж байна.
АТГ-нхан болохоор өөрийгөө “Сод Монгол” ХХК-ийн захирал хэмээн танилцуулсан Д.Чинзориг гэгчийн хэвлэлд өгсөн ярилцлагаас болж Ц.Анандбазарыг баривчилсан гэдэг нь үнэндээ худлаа. Хэрэв хэвлэлд өгсөн ярилцлагаас болж баривчилдаг юм бол УИХын гишүүд болон нэр дэвшигчид бүгд Ц.Анандбазартай адилхан хувь заяатай байх ёстой.
Тиймээс үүнийг эрүүгийн болон авлигын гэмт хэрэгт холбогдсон явдал биш зүгээр л амбиц хөөсөн нэг нөхрийн явуулгад өртөж буй үйл явдал гэхэд болно.
Ингээд бодохоор МАН-ынхан өөрсдийгөө эв нэгдэлтэй, хамтын шийдвэрийг үгчлэн дагадаг гэж хэлдэг ч нэдэр дээрээ биесээ далдуур яаж “хийдгийг” харуулж байна. Тухайлбал, Булганд өнгөрсөн хугацаанд Ё.Отгонбаяр, Э.Мөнх-Очир нар яаж алалцсаныг амтай бүхэн л ярьж буй.
Энэ ч яах вэ. Ж.Батсуурь санасандаа хүрлээ. Ядаж дорноговьчуудад амласан амлалтынхаа тал хувийг нь биелүүлсэн бол нүүр бардам очих байсан байх. Заавал нэгийгээ шороонд илгээн байж очиж байгаа түүнийг дорноговьчууд хүлээж авахгүй л байх. Үүнээс гадна ганц Ц.Анандбазараар зогсохгүй МАН-ын нэр дэвшигчид эхнээсээ аваад АТГ-т шалгагдах болсон тухай мессеж гадуур тараад байгаа. Далдуур үгсэн хуйвалдаж, хөшигний цаана нүүрээ нуусаар нэгнээ хорлодог сонгодог арга барилтай нам гэдэг нь илт болжээ. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ч энэ жишгээр явсаар зорьсондоо хүрэв бололтой. Тэгэхээр намдаа суудал авч ирж чадахгүй хүнийг дэмжиж байхын оронд намдаа нэг суудал авч ирэх ёстой байсан хүнийхээ араас хөөцөлдөж явах хэрэгтэй болов уу.
МАН-ынхан ийнхүү хөнжилдөө хөлөө жийлцэж эхэллээ.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: