Долоон тэрбумын хэргийг 7 сар, 300 сая төгрөгийн хэргийг 3 сар шалгаж байна

Хуулийнхан сонгуулийн өмнөхөн буюу сүүлийн хэдэн сар ажлаа маш сайн хийх болов. Авлигал хээл хахуулийн хэрэгт холбогдоод буй төрийн өндөр албан тушаалтнуудыг эхнээс нь цагдан хорьж, яллаж үүрэгт ажлаа үнэнчээр биелүүлэх болсон. Тодруулбал, сүүлийн хоёр сарын хугацаанд МАН-аас гарсан хэдэн засаг дарга нарыг шалгаж байгаад Увс, Орхон, Говсүмбэр аймгийн засаг дарга нарыг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, улсын мөнгө шамшигдуулсан хэмээн 2.6-5 жилийн ял оноогоод “аавын хаалга” татуулаад амжив.
Мөн УИХ-д МАН-аас Хөвсгөл аймагт нэр дэвшихээр зэхэж байсан АМГ-ын дарга асан Д.Батхуяг, Говьсүмбэр, Дорноговь аймгаас нэр дэвшихээр болсон “Сод Монгол” группын захирал Ц.Анандбазар нарыг ч мөн цагдан хориод байгаа. Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг долоон тэрбумын хэрэгт холбогдуулан шалгаж, хэргийг нь шүүхэд шилжүүлээд байна.

Энэ бүхнээс хуулийн байгууллага хаана хаанаа ажлаа үнэхээр сайн, шуурхай хийгээд байна уу гэхээр бас үгүй юм. Нөгөө улсаас 300 сая төгрөг завшсан гэх ОБЕГ-ын дарга асан, тэргүүн комиссар П.Дашийн хэрэг юу болов, мянга гаруй хохирогчтой “Анод” банкны хэрэг юу болов гэж асуумаар. П.Дашийн хэрэг анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүх рүү, давж заалдах шүүхээс дахин анхан шат руу, анхан шатны шүүхээс мөрдөн байцаалт руу шилжих гэх мэтээр дамжсаар гурван жилийн нүүр үзэж байна.

Долоон тэрбумын хэргийг долоон сарын хугацаанд шалгаж, нотлож, шүүхэд шилжүүлчихсэн хуулийнхан 300 сая төгрөгийн хэргийг яагаад нотлож чадахгүй гурван жилийн нүүр үзэв. Уг нь бол долоон тэрбумын хэргийг долоохон сарын хугацаанд шалгаж, шүүхэд шилжүүлээд байгаа хуулийнханд 300 саяын хэргийг гуравхан сарын хугацаанд шийдчихмээр юм.
Тэгэхээр хуулийнхны эл үйлдэл ажлаа сайн, түргэн шуурхай хийхээсээ илүү сонгуулийн өмнө улс төрийн өнгө аясаар хөдлөөд байна уу гэх хардлагыг олон нийтэд төрүүлээд байгаа юм. Учир нь АТГ, прокурор, шүүхийн гацаанд очсон хэргүүдээ шийдэхээсээ илүү сонгуульд хүчээ үзэх гэсэн улс төрчдөөр оролдох болсон нь энэхүү хардлагыг төрүүлээд байна.
Улсын мөнгө шамшигдуулж, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан өндөр албан тушаалтнуудыг гэм буруутайг тогтоох нь зөв. Гэхдээ яагаад заавал сонгуулийн өмнө гэж… Өмнө нь хийж болоогүй л юм байх даа. Дээрх эрхмүүдийн хэрэг бол саяхан гэнэт гаргаад ирсэн асуудал биш.  Хэдэн жилийн өмнөөс л яригдаж байсан авилгалын хэргүүд юм.
/24tsag.mn/


URL:

Сэтгэгдэл бичих