Арабчууд ялжээ

МОСКВА. /ИТАР-ТАСС/. Египетийн ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд нэр дэвшигч Мохаммед Мурси тэргүүлсэн тухай тус улсын лалын шашинтнууд мэдэгдэв. Тэдний мэдээлснээр, Мурси 31 хувийн санал авсан бол ерөнхий сайд асан Ахмед Шафик ердөө 22 хувийн санал авч чадсан байна. Сонгуулийн албан ёсны дүн өнөөдөр гарна.
“Лалын ахан дүүс” хөдөлгөөний штабаас гаргасан сонгуулийн эхний шатны урьдчилсан мэдээ нэр дэвшигч Мохаммед Мурси ялсныг нотолж байна. Тэрбээр 30,8 хувийн санал авсан бол түүний гол өрсөлдөгч, Хосни Мубаракийн үеийн сүүлчийн Ерөнхий сайд асан Ахмед Шафик 22,3 хувийн санал авчээ. Гуравдугаарт, 20 орчим хувийн санал авсан бие даан нэр дэвшигч, социалист Хамдин Саббахи оржээ.
Гэхдээ Египетэд дээр зарласан тоог бүгд хүлээн зөвшөөрөөгүй байна. Тухайлбал, Арабын улсуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга асан Амр Муссагийн штаб түүнийг 29 мужийн 13-т нь ялж, Мохаммед Мурситай сонгуулийн хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхтэй болсон тухай мэдээлжээ.
Өрнөдийнхний нэрлэж буйгаар “Египетийн 7000 жилийн түүхэн дэх анхны чөлөөт сонгууль”-ийн албан ёсны дүн өнөөдөр гарна. Сонгуулийн ирц 50 орчим хувьтай байсан тухай тус улсын эрх баригчид мэдээллээ. Сонгуулийн хоёрдугаар шат зургадугаар сарын 16, 17-нд болно.
З.Амгалан

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих