Х.Клинтон Өвөр Кавказад айлчилна

ВАШИНГТОН. /РОЙТЕР/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон зургадугаар сарын 4-7-нд Армян, Гүрж, Азербайжанд айлчилж, эдгээр улсын Ерөнхийлөгч нар болон албаны бусад хүнтэй уулзаж, бүс нутгийн аюулгүй байдал, ардчилал, эдийн засгийн хөгжил, терроризмтэй хийх тэмцлийн талаарх чухал асуудлуудыг хэлэлцэнэ. Төрийн департаментын мэдээлснээр, Хиллари Клинтон эдгээр улсад айлчлах үеэрээ “иргэний нийгмийн удирдагчид”-тай, харин Гүржид улс төрийн зүтгэлтнүүдтэй уулзаж ярилцана.
Гүржид зочлох үеэрээ, Клинтон Стратегийн түншлэлийн комиссын хуралдаанд оролцох юм.
Х.Клинтон тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 7-ны хооронд Европын орнуудаар айлчлах үеэрээ Өвөр Кавказад айлчлах аж. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Дани, Норвегид айлчилж, Шведэд буугаад мордоно. Тэрбээр Скандинавийн орнуудаас Өвөр Кавказад, тэднээсээ Туркт айлчилна. Истанбулд тэрбээр Терроризмтэй тэмцэх дэлхийн чуулга уулзалтыг хамтран даргалж, Туркийн эрх баригчидтай олон улсын асуудлууд, тухайлбал, Иран, Сирийн байдлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
З.Амгалан

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих