Дорноговьчуудаа Б.Хурцын суллагдсан шалтгааныг асууж, Германы элчингийн гадаа жагс
УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг эцэслэх цаг хугацаа шинийн гуравны билэгт сайн өдөр тохиосон билээ.
Өмнөх сонгуулийн дараа үймээн самуун, үхэл хагацал үзсэн, одоо ч шорон гяндан, баривчилгаа тойрсон үйл явдлууд өрнөөд байгаа болохоор аргаа барахдаа шинийн гуравны билэгт сайн өдрийн тухай яриад байгаа хэрэг. Ирэх дөрвөн жилийн төрийн түшээдийг сонгох их хэргийн гараа билэгтэй сайн өдөр эхэлсэн шигээ билэгтэй сайн дуусаасай гэж л хүсээд байгаа юм.
Сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан өдрөө л Спортын шинэ цогцолборт дуу хуур үүсгэн урлагийн тоглолт ч зохион байгуулж, сонгуулийн хууль зөрчсөн Ардчилсан нам гэх улстөрийн хүчний дотоод бүтцийн байгууллага мэт болсон Авлигатай тэмцэх газар Ц.Анандбазарыг баривчлав. МАН өнгөрсөн 25-ны өглөөний 5:30 цаг хүртэл хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулсан. Гэтэл Дорноговийн тойрогт сойсон Ц.Анандбазарыг мөн өглөөнийх нь 8:00 цагийн үед баривчилж байгаа нь Авлигатай тэмцэх газар улстөрийн байгууллага болсныг батална. Зүгээр ч үгүй “Мон-Уран”- ы Б.Наранхүүгийн нэрийг хавчуулж, Ардчилсан намынхыг ч, Ардын намынхыг ч адилхан л баривчилсан гэсэн ойлголтыг нийтийн дунд төрүүлэхээр зохион байгуулсан нь ч дээрхийг илчилнэ.
Эцэстээ бол Авлигатай тэмцэх газрын орлогч дарга Б.Хурц “Танай намаас таван хүн бариад шоронд хийсэн байхад сонгуульд ялахыг чинь харна…” гэсэн амлалт гүйцэт биелж байна. Ийм улстөрийн зорилготой “ан хийж” яваа ноён Б.Хурц өөрөө хэн билээ, яагаад түүнд ийн баривчилгаа явуулах боломж бүрдсэнийг магадгүй Б.Хурцыг сулласан Германы талаас асуу гэж Ц.Анандбазарын нэр дэвшсэн тойрог дорноговьчуудад уриалъя. Германчууд анх Европын холбоонд хүсэлт тавьж Б.Хурцыг баривчлуулчихаад, атганд нь хийгээд өгөхөөр суллаад явуулчихсан. Ингэж суллагдсан хүн өнөөдөр Авлигатай тэмцэх газрыг улстөрийн өшөө авах байгууллага, өөрийгөө захиалга хүлээн авах дэвтэр болгочихоод УИХын сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тодорсон өглөө хүртэл баривчилгаа зохион байгуулж байна.
Түүний гараар Д.Энхбатынх гэдэг айл голомтоо самруулсан. Одоо улстөрийн хүрээний баривчилгаа, залхаан цээрлүүлэлтээр Монголын нийгэм бас Б.Хурцын гарт хорлогдож байна. Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдохдоо “Би Монгол Улсын хуулийн дагуу хэнийг ч хэлмэгдүүлэхгүй ажиллана” гэж байсан хүн өөрийг нь “ялтан” гэж бичсэн сониноос хэдэн зуун сая төгрөг нэхэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх юм билээ.
“Ялтан” гэсэн ганцхан үгнээс болж олон зуун саяын өрөнд орсон сонин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ихээхэн хамааралтайг Б.Хурц мэддэггүй юу, мэдрэмжгүй юу.
Эсвэл бүр манай Ерөнхийлөгч Б.Хурцаараа дамжуулж хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байна уу гэдэгт ч хариулт хэрэгтэй байж мэдэх. Ямар ч л байсан нэхэмжлэлийнх нь хариуд “Яагаад учир битүүлгээр Германаас суллагдаж ирснийг чинь Элчингээс асууж, Монголын бүх хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчдийг дагуулан жагсаал цуглаан зохион байгуулна…” гэсэн хэвлэлийн байгууллагын үгнээс үнхэлцгээ хагартал айсан Б.Хурц одоо нэхэмжлэлээ татах сурагтай.
Тэгэхээр хэн нэгэн хүн Германы Элчингийн үүдэнд очоод, түүнийг шударга бусаар суллагдсан тухай шаардлага тавьбал Х.Хурцад таатай биш байх нь. Тэр энэ талаар хэнийг ч дуугаргахгүй байх сонирхолтой байна. Тийм хүн ийм улстөржсөн ажиллагаа явуулж байгаад нь хэвлэл мэдээллийн байгууллага биш, Монголын сэтгүүлчид биш Дорноговьчууд өнөөдөр тэмцэх хэрэгтэй. Нутаг усандаа нэр хүндтэй, ялах магадлал өндөртэй хүнийг хэн, ямар зорилгоор баривчлаад явчихаж байгаа талаар асуух хэрэгтэй.
Үнэхээр бусдын нутгаас шударга бусаар суллагдаж ирсэн, өнөөдөр эх орондоо улстөрийн залхаан цээрлүүлэлт явуулж байгаа гэмт хэрэгтэнд ардчилсан нийгмийн төлөө яваа монголчууд ямар буруутай вэ. Сэтгүүлчид, хэвлэлийн байгууллага бол яахав, хэн бүхэнд ад болж, хэвлэн нийтлэх эрхээ зөрчүүлж, дарамтлуулсан ч хэзээд ч, хэнийг ч эрх чөлөөний төлөө л явна. Ц.Анандбазар 2003 онд “Дугтуйд мөнгө хийгээд хадгалсан байна, хэн нэгнийг авлигадах гэж байсан…” гэсэн шалтгаанаар баривчлагдаж, дараахан нь хэрэг хэрэгсэхгүй болж байв.
Тэр хэргийг нь есөн жилийн дараа сэргээн шалгаж, Н.Энхбаяртай холбон хуурмагхан тайлбар хийж буй эзэн нь Б.Хурц, Д.Дорлигжав. Тэдний улстөржсөн баривчилгаа, залхаан цээрлүүлэлтүүдээс Монголын ард түмэн залхаж байна.
Намдаа тусалж байгаа гэх дүрдээ итгэсэн тоглолт нь цаанаа Ардчилсан намыг ч бас хорлож байна. Үүнийг тооцож, мэдэрдэггүй хүмүүс Монголын төрд байна. Тэр төрийг самарч байна. Авлигачдыг цээрлүүлэхэд өнөөдөр хэн ч талархана. Гэхдээ сонгуулийн өмнө, сонгуульд нэр дэвших эрхээ аваад гарч байгаа хүнийг баривчлах өдөр ганцхан тавдугаар сарын 25-ны өглөөний 8:00 цаг байсан гэхээр, тэгэж улайрч байгаагаас айдас төрөх юм.
Тэр өдөр, тэр цагт баривчлаагүй бол, ядаж урд өдөр нь баривчилсан бол Авлигатай тэмцэх газар улстөрийн байгууллага шиг харагдахгүй л байлаа.
Б.ЭСЭН
www.UNEN.mn
URL: