МАН, АН “найран дундаа”, МАХН-МҮАН ”тогоон дотроо зодолдож” сонгуульдахаар шийджээ

Улс төрийн намууд нэр дэв­шигчдээ зарлаж, 200 гаруй нэр дэвшигч 76 тойрогт “цусгүй тулаан” өрнүүлэхэд бэлэн боллоо.

Улс орон хөгжиж байгаа эсэх нь сонгуульд хандах иргэдийн ханд­лагаар илэрдэг гээд хэл­чихэд нэг их буруудахгүй бо­лов уу. Манай улсын хувьд жи­лээс жилд, сонгуулиас сон­гуульд туршлагажиж, хууль зүйн орч­ноо сайжруулсаар ир­лээ. Сон­гууль албан ёсоор эх­­лэх бо­лоогүй ч гэсэн энэ удаа­­гийн сонгууль их эмх цэгц­­тэй болж өнгөрөх төлөв бай­­дал ажиг­лагдаж байна. Тү­­рүү, тү­рүүчийн сонгуулиуд үнд­­сэндээ Ца­гаан сарын дараа жаг­­саал цуглаанаар эхэлчихдэг бай­сан. Дөрвөн жилийн өмнөх сонгууль гурван сар үргэлжилж, эх адаггүй амлалт хөвөрч байв. Сонгуулийн шинэ хууль баталснаар энэ замба­раагүй байдлыг арилгаж чадлаа. Өнгөрсөн сонгуулиар 395 хүн нэрээ дэвшүүлсэн бол энэ удаа бараг 50 хувиар буур­сан байна. Нэр дэвшиж байгаа мэтээр бүртгүүлээд сүүлд нь нэрээ татахыг хуулиар хориглосон нь тойрогт 6-23 хүн нэр дэвшин өрсөлддөг байсан явдлыг эцэс болголоо. 2008 онд  48 нь бие даагч өрсөлдөж байсан бол энэ удаа нийгэмд жинхэнэ хүлээн зөвшөөрөгдсөн, гарын арван ху­руунд багтахаар лидерүүд бие даахаар болж байна.

Намын нэр хүнд чухал
Сонгуулийг холимог тогтол­цоонд шилжүүлснээр намын нэр хүнд хамгийн чухал болж ху­вирлаа. Тийм ч учраас на­мууд нэр “хөөднө” гэж үз­сэн хүмүү­сээ “шаарлах” бод­лого барьж бай­на. МАН-ын жагсаалтын эх­ний 10-т гар­цаа­­гүй багтана гэж таамаглаж бай­сан С.Баяр, Т.Бадамжунай на­рын нэр жаг­саалт байтугай той­рогт байхгүй бай­гааг зарим хү­мүүс ингэж тайлбарлаж бай­гаа юм. Дорноговьд нефтийн үйлдвэр барьж сонгуулийн “хадаас”-аа бэлдсэн Ц.Анандбазарыг Ав­лига­тай тэмцэх газар шалгаж эхэлмэгц “жийсэн” нь МАН энэ асуудалд ямар эмзэг хан­даж бай­гаагийн илэрхийлэл юм. Хо­лимог тогтолцоо нь Мон­го­лын улс төрд “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэсэн зарчмыг оруулж ирлээ. АН-ын жагсаалтад би­чигд­сэн хүмүүсийг харсан ч энэ зарчмыг нягт баримталж ажил­ласан болох нь харагдана. Энэ бол холимог тогтолцооны хамгийн гол давуу тал юм байна.

“Нэг лидер нэг, сүүдэр” уриа агуулгаа өөрчилжээ
Урьд өмнө нэр дэвшигчдийн жаг­саалтыг харахад үндсэндээ дараагийн Парламентын бүрэл­дэхүүний 50 хувийг таамаглах боломжтой болдог байлаа. Ха­рин энэ удаа 48 тойрогт нэр дэв­шигчдийн жагсаалтыг хара­хад бараг 70 хувь таамаглах бо­ломж­той харагдана. Сонгууль 100 хувь мажоритар хэлбэрээр явагд­даг байхад намууд “Хүч­тэй хүний эсрэг хүчтэй хүнийг та­вих зарчмаар “Ял, ял бас да­хин ял” гэсэн уриатайгаар сон­гуульд ордог байлаа. Намууд хам­гийн нэр хүндтэй, чадалтай хүмүүсийг нэр дэвшүүлдэг байв. Энэ тактикийг баримталбал “үх­лийн хэсэг” олон гардаг. Тэр ч утгаараа таах боломж хомс байсан. 2000 оны сонгууль яг энэ жишгээр явагдаж, 49 хувийн саналтай намууд Парламентад дөрөв, 51 хувийн саналтай МАХН 72 суудал авсан түүхтэй. 2004 оны  сонгуульд “Хүчтэй хү­ний эсрэг сул хүн, сул хүний эсрэг хүчтэй хүн” гэсэн тактик барьтал тэнцүүвтэр суудал авч, өмнө гарсан сул талаа үгүй хийсэн ч ард түмэн, улс орны эрх ашигт бас л балагтай үр дүн гарсан байсан юм. Сайн муугаар ханатлаа яригдсан хамтарсан Засгийн газар байгуулагдах эх­лэлийг тавьсан болохоор тэр. 2008 оны сонгуулийн өм­нө “томсгосон тойрог”-оор сон­гуульдахаар болоход намууд “Нэг лидер, бусад нь сүүдэр” гэ­сэн уриатайгаар өрсөлдөж байв. Гэхдээ агуулга нь нэг тойрогт нэр дэвшсэн лидер бусдыгаа өөд нь татахад оршиж байв. Ха­рин энэ удаагийн сонгуулийг ажиг­лахад намууд хүчтэй өр­сөл­дөгчийн эсрэг хүчгүй хүмүү­сийг тавьж, тойрог наймаалцах байдалтай болсон нь харагдаж байна. Баянхонгорт АН-аас Х.Баттулга, МАН-аас Г.Зандан­ша­тар нар нэг, нэг сул нөхөртэй дэвшиж байх жишээтэй. Ерөнхийдөө жижиг намуудын боломжийг хуулиар нэлээд хязгаардлаж өгсөн учир үнэхээр боловсролтой, чадалтай хү­мүүсийг өрсөлдүүлье гэхээ­сээ илүү найдваргүй тойргуу­дыг “хаяж”, “60 чавганц урал­да­хад нэг нь түрүүлдэг” зарч­маар үзэл­­цэхээр шийдсэн бай­дал ха­раг­даж байна. Нэр дэвшигч­дийн чан­саа урьд өмнөх сонгуулиу­дыг бодвол мууджээ.

Хэдэн нэр дэвшигч тойргоосоо зайлсан бэ
Олон хоригтой, хатуу чанга хууль хэрэгжиж байгаа ч намууд, нэр дэвшигчид өмнө нь хийдэг байсан тактик, нүүдлээ яаж ийгээд хийж байгаа тухай шивэр авир яриа сонсогдож бай­на. Сонгуулийн хуулиар нэр дэв­шигч нэрээ татахыг хоригло­сон. Гэвч монголчууд л юм хой­но зөрчихгүй тойрох аргаа олж байгаа бололтой. Хүчтэй өрсөлдөгчөө сонгууль эхлэхээс өмнө өөр тойрог руу “зайлуулах” шинэ арга барил нэвтэрч, ийм төрлийн тохироонууд явагдаад өндөрлөсөн сурагтай. Баянзүрх дүүрэгт эрх баригч намаас нэр дэвшигчид яг ийм шалтгаанаар МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ган­баа­тарыг Дархан Уул руу явуулсан гэж эх сурвалж өгүү­лэв. Сонгуульд өрсөлдөнө гэж байсан олон алдартан нэр дэвшээгүй. Тэдний хэд нь ийм байдлаар тойргоосоо “зайлсан”-ыг хэн ч таашгүй. Дорноговьд нефть боловс­руу­лах үйлдвэрийн шав тавьж, сон­гуульд өрсөлдөх “хадаас”-аа бэлдээд байсан Ц.Анандбазар үхрийн сүүлэн дээр хутга гэгч болж, АТГ-д шалгагдаж байгаа. Энэ асуудалд илүү “дээд” төвш­ний яриа хэлэлцээр өр­нөсөн байх ч магадлалтай юм.

Н.Энхбаяр М.Энхсайханыг дэгээдсэн гэв үү
МАН, АН-ын гол өрсөлдөгч байх болно гэсэн сэтгэгдэл тө­рүүлээд байсан МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл олны таамаглаж байснаас  хавьгүй эрт гэдсэндээ хөлөө жийлцэж эхэл­жээ. МАХН-ын дарга Н.Эн­х­­баяр М.Энхсайханыгаа “хуль­хидсанаас” энэ маргаан үүдэл­тэй гэнэ. Уг нь бол эвсэлд нэгдсэн хоёр намын нэгнийх нь дарга гэдэг утгаараа М.Энх­сай­хан жагсаалтын эхний хоёрт заа­вал бичигдэх учиртай байв. М.Энхсайхан өөрөө ч үүнд бат итгэж байсан нь мэдээж. Гэ­тэл Н.Энхбаяр “Үгүй” гэжээ. Энэ байр суурин дээрээ хатуу зогс­сон учир М.Энхсайхан той­рог руу явахаар шийдсэн бай­на. Гэхдээ “М.Сономпилийг жаг­саалтын эхний гуравт эрэмбэлж өгө­хийг” хүсчээ. “Анд” нь энэ гуйл­­тыг нь ч хөсөрдүүлж, “За­луу Монгол”-ын эзэн эрх­мийг тав­дугаарт эрэм­бэлчих­сэн аж. Тий­мээс эвсэл наанаа л эвтэй хараг­даж байгаа мэт боловч удирдлагуудынхаа төвшинд маш том зөрчил үүсчихээд бай­гаа юм байна.

МАН Сонгуулийн хуулийг 50, АН 100 хувь биелүүлжээ
Энэ удаагийн сонгуульд эмэг­тэй­чүүдийн эрхийг онцгойлон зааж өгсөн хууль үйлчилж бай­гаа. Өөрөөр хэлбэл, нэр дэв­­шигч­дийн 20-иос багагүй хувь нь эмэгтэй байхаар заа­сан. Эрх баригч намуудын хувьд жагсаалтаар орох нэр дэв­­шигч­дийн эхний 10 хүн шууд УИХ-д орох боломжтой гэж тооцогдож байгаа. АН. Эх­­ний аравт хоёр бүсгүйг баг­­тааж энэ заалт хэрэгжих бо­лом­­жийг олгосон бол МАН нэг эмэгтэйг л багтаажээ.  Ин­гэхдээ нэр дэвшүүлсэн 15 бүс­гүй­чүүдийнхээ 8-ыг нь жаг­саал­тын эхний 15-аас хойш “жаг­сааж“ дөрвийг нь “барын аманд хаяж” өгчээ. Үндсэндээ Д.Са­рангэрэл, Б.Ундармаа, Ц.Га­рамжав нараас бусдыг нь “жертв”-лэсэн байна. Ардчилсан на­мын хувьд 28-д есөн эмэгтэй нэр дэвшүүлсэн ч эхний 10-т хоёр, 15 дотор дөрвөн эмэгтэй, мажоритарт долоон эмэгтэйг нэр дэвшүүлсэн байна. Сон­гуульд АН олонхийн санал ав­бал дөрвөн эмэгтэй гишүүн пар­ламентад автоматаар орж ирэх нөхцөл бүрдэх нь. Энэ бол 2008-2012 оны парламентад бай­сан эмэгтэй гишүүдээс нэ­гээр илүү гэсэн үг.

Х.Батсайхан

mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих