Хөшөөтөөс Хятад руу зөөж байгаа түүхий нүүрсэнд цайр, мөнгө, хөнгөн цагаан бүгд бий

Хөшөөтийн уурхайд 17 жил ажиллаж амьдарч, уурхайн дарга хийж явсан Н.Бүргэдтэй уулзаж уурхайн талаар амьдрал ямар байгааг тодрууллаа. Тэр Хөшөөтөд өвөлжөөд иржээ. «Сайхан хар замтай боллоо гээд замаа магтаад байдаг. Энэ замаар бүх баялаг гадагшаа урсч байна» гэж тэр харамсч халагласнаа нуусангүй.

-Уурхайн нөөцийн талаар их маргадаг. Та хэдэн сая тоннын нөөцтэй гэж бодож байна?

-Хөшөөтийг уурхай, орд гэж хоёр янзаар ярьж байна. Орд гэдэг нь доод хэмжээгээр ярихад 260 сая тн нөөцтэй. Бас уурхайд хамрагдана. Үүнээс дээш бол ордод хамрагдана. Дэлхийн зах зээл дээр одоо 460 сая тн нөөцтэй гэж зарлаад «Лейтон» компани ажиллаж байна. Дөрвөн жилийн өмнө АМХЭГ -т 87,5 сая тн нөөцтэй гэж тодорхойлж байсан. Энэ нь таван сар ачаад дуусчих юмыг 16 жилээр гэрээ хийсэн. Харин 460 сая тн гэдэг нь үнэн тоо.

-Уурхайн нүүрс кокстой юу?

-Энэ ордын асуудлаар коксжих уу үгүй юу гээд маргаад байна. Үүний хариу нь тэртээ 1940 онд гарчихсан. Ховд аймгийн Мөст суманд 1947 оны үед Зайран гэдэг газар хятадууд мөнгө ухсан юм. 20-30 метр цооногоор ухдаг гар ажиллагаатай, хар тугалга, мөнгө, цайр, холимог металлын орд байсан. 1991 онд Зайрангийн мөнгө ухсан цооногийн хажууд талбай татаж хар тугалга, цайр хоёрыг ялган, кокс шатаасныг би мэдэх юм. Ингэхээр Хөшөөтийн нүүрснээс кокс гаргасан, коксжилттой гэдэг нь батлагдсан.

-Тэнд амьдарч байгаа иргэдийн ирээдүйг та яаж харж байна?

-Хэрвээ яг өнөөдрийн байгаа нөхцөл байдлаар харвал шинэ төрсөн өлгийтэй хүүхэд 18 жилийн дараа уушигны селекозтой, мэргэж­лээс шалтгаалах өвчинтэй болох магадлалтай өсвөр үе амьдарч байна. Одоо 100 гаруй айл өрх тэнд амьдардаг. Нэг айл 1-3 хүүхэдтэй гэж бодоход 200 гаруй хүүхэд байна. Энд Цэцэг, Дарви, Мөст сумаас ирсэн иргэд амьдардаг.

-Стратегийн ордод оруулна, оруулахгүй гээд л маргаад байна?

-Хайрлаж хямгадаад ашиглавал Ховдчуудыг тэжээх орд. Стратегийн ордод оруулбал ашиг нь Ховдчуудад хүртээмжтэй ирнэ. Энэ чигээрээ гадны хувьцаат компани байвал хэн ч ашиг хүртэхгүй.

-Ухаж түнхсэн газраа нөхөн сэргээх нь үү?

-Хар, бор шороотой хөрс багадаж байна. Өвс тоос ургадаг бор шороо Хөндлөнгийн голыг, Хөшөөтийн голтой нь хааж салхилж байна. Тэгшлээд заслаа гэхэд тэр шорооноос юм ургахгүй. Лав л 100 жил болно.

-Баяжуулах үйлдвэр барина гэж амласан байдаггүй ээ?

-Баяжуулах үйлдвэр барьж, дэд станцтай болгон Зэрэг, Цэцэг суманд өндөр хүчдэлийн шугам тавина гэсэн. Баяжуулах үйлдвэр барих ажлаа хойш тавих тусам гадаадынханд ашигтай. Яагаад гэвэл Хөшөөтөөс одоо зөөж байгаа түүхий нүүрсэнд цайр, мөнгө, хөнгөн цагаан бүгд агуулагдаж байгаа. Сутай хайрхан далайн түвшнээс дээш 2100 м өндөр, Хөндлөнгийн гол түүний бэлээс 1600 м-т байдаг. Энэ Хөндлөнгийн голоос 100 метрийн цаана бас далд уурхай ухсан байна лээ.

-Олон жил даргаар ажиллаж байсны хувьд ямар сэтгэгдэлтэй явна?

-Гадаадынханд төр баялгаа мэдээд зарчихдаг. Ховд аймаг нутгийг нь заагаад буух буудлыг нь заачих юм. Хөшөөтийн иргэд дүүгүүрийн чулуу биш. Г.Нямдаваа дарга Цэцэгийн урьд хоолойд буу гэж газар зааж өгсөн байна лээ. 40-50 жил амьдарсан уугуул иргэдэд ингэж хандаж болохгүй. Аймгийн Намын хороо гэж байх үед уурхайн даргаар би ажиллаж байсан. 1983 онд 30 жилийн өмнө би тэнд ажиллагсдыг аав нь гэж очиж удирдан, итгэл дааж ажиллаж явсны хувьд тэмцэх ёстой хүний нэг. Тэмцэх ч болно.

А.Бямбасүрэн (Ховд)

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих