Эдийн засгийн хямрал ч яахав, Экологийн сүйрэл нүүрлэх нь
Улс төрийн бужигнаан, баялгийн төлөөх тэмцэл, хөгжлийн тулд хүн амынхаа хэт их хэрэгцээг хангахын төлөө бусдын “авдар” руу шунамхайран дайтах хүн төрөлхтөн байдгаа бараад балрахын даваан дээр байгаа гэдгээ ухаарч байгаа болов уу? Үе үе томоохон эрдэмтэд байгалийн нөөц шавхагдаж байгааг, экологийн сүйрэл нүүрлээд эхэлснийг сануулж байгаа ч үнэн хэрэгтээ үүнд анхаарах хүн тун хомс. Өнөөх л энд тэндхийн улс төрийн бужигнаан, оддыг тойрсон хов жив, өнөө маргаашийн зугаа цэнгэл шимтэн, ихэдлээ гэхэд хоосон цэцэрхэж бэлэн сайрхана. Байгаль эхийн хүүхдүүд гэж цээж дэлдэн хашгирлаа ч бүтээж байгаа, байгалиа багахан ч гэсэн сэргээхийг оролдож байгаа цөөн хэдийн үйлсийг башир аргаар өнөө маргаашаа аргалах гэсэн нь устгана. Экологийн сүйрэл нүүрлэлээ гэхэд үй олноороо сансарт гараад амьдарчхаж чадахгүйгээс хойш одооноос л дор бүрнээ анхаарч, хэт хөгжлийн төлөө улайран зүтгэхгүй байхыг эрдэмтэд анхааруулж байна. Та бод доо, зөвхөн өөрийгөө гоёх гэж хамаг мөнгөө зарцуулаад, гэрийнхээ хамаг тавилгыг зарж, идэж, ууж өмсөж хэрэглээд адаг сүүлд нь дулаацаж хоол ундаа болгох гэж байшингаа эвдэн, банз банзаар нь түлээд байвал таны хүүхэд юунд амьдрах вэ? Яг л үүнтэй утга дүйхүйц асуултыг судлаачид асууж байна.
Энэ онд дэлхийн төгсгөл ирнэ гэж бичигдсэн Нибиру ч юм уу эсвэл майяагийн хуанли зэрэг нь гагцхүү одон орон, түүхийг мэдэхгүй хүмүүсийг л түгшээж байгаа. Харин эрдэмтэд XXI зууны нийгэм эдийн засгийн сүйрэл, хүн төрөлхтний үй олон мөхлийн талаар урьдчилан хэлсэн дөчин жилийн өмнөх компьютерийн нэгэн программ алдаатай байсан эсэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.
Дөчин жилийн өмнө АНУ-ын Массачусетсын технологийн институтэд World 3 компью¬терийн загвар бүтээсэн бөгөөд энэхүү программ тун гайхмаар үр дүнг тооцоолон гаргаж байжээ. Тооцооллын дүнгээс харахад амин чухал /жишээлэхэд төмрийн хүдэр/ нөөцүүдээс нэг нь ч хүн төрөлхтнийг XXI зууныг даван туулахад хүрэлцэхгүй нь тогтоогдсон байна. 1972 онд гарч, ихээхэн алдаршсан “Өсөлтийн хязгаарууд” судалгаа мөн л энэхүү загварын үр дүнг агуулж байсны зэрэгцээ аймшигт төгсгөлөөс зайлах боломж олгох байсан дэлхийн аж үйлдвэрийн тогтолцооны өөрчлөлтийн судалгаанаас харахад энэхүү үйлдвэрлэлийн системийн хуримтлуулсан инерци нь үйл явдалд шуурхай нөлөөлөхөд дэндүү ахадсан нь тодорхой болжээ.
Цаашдын хэрэгцээг хангахын тулд өнөөгийн нөөцийг хэмжээнд нь тааруулан удаан хугацаанд барих цорын ганц арга нь эдийн засгийн өсөлтийг нэн даруй зогсоох явдал гэж судлаачид үзэж байна. Хэрэв эрчимтэй хөгжиж буй эдийн засгийн өсөлтийг зогсоохгүй бол өөрсдийгөө сүйтгэж, өлсгөлөнгөөс болж үй олноороо мөхөж, өнөөдөр амьдралыг тэтгэж буй эдийн засгийн институтээ сүйрүүлэхээс зайлсхийхэд хэтэрхий оройтсон байх болно гэж судлаачид онцолж байгаа юм. Судлаачдын үзэж байгаагаар дэлхийн хөгжилд аюул заналхийлж байгаа хамгийн гол зүйл нь гуравдагч ертөнцийн олон орнууд / тухайн үед энэ нэр томьёонд Солонгос, Япон зэрэг орнууд багтаж байлаа/-ын хүн амын хэрэглээний түвшнээрээ дэлхийд нэгдүгээрт орохуйц түвшинд хүргэх гэсэн эрмэлзэл аж. Нөөц хангалтгүй байхад л үзүүлэлтээ нэмэгдүүлэх гэж зүтгэцгээгээд байдаг.
Энэ төрлийн судалгаа бусад эрдэмтдийн сонирхлыг зүй ёсоор татах нэгэн төрөл болж хувирав. World 3 анхдагч судалгаа бүтээгчдийн нэг, Норвегийн Осло дахь судалгааны бизнес сургуулийн судлаач эрдэмтэн Йорген Рандерсын гаргасан “2052 он: Дараачийн 40 жилийн зөгнөл” хэмээх зөгнөлд өгүүлснээр XXI зууны хоёрдугаар хагаст даяаршлын сүйрэл нүүрлэх нь тодорхой бөгөөд 1972 онд гаргасан загварын зөгнөлтэй харьцуулбал далайц ихтэй байх гэнэ. Энэ нь мэдээж дэлхийн дулаарлаас үүдэлтэй гэж эрдэмтэд өгүүлж байна. World 2 МТИ төслийн багийг ахалж байсан Деннис Медоуз түүний хуучин хамт олон нь ихэд өөдрөг хүмүүс байсан хэмээн үздэг гэнэ.
Учир нь судалгааны үр дүн түүний үзэж байгаагаар “тун гайгүй” гарсан байсан аж. Гэтэл үнэн хэрэгтээ нөхцөл байдал хамаагүй дор байгаа юм байна. Хүн төрөлхтний авч хэрэгжүүлж буй алхмууд нь хоорондоо тун авцалдаагүй, жишээлэхэд л Европ нүүрс хүчлийн хийтэй тэмцэж байхад БНХАУ дотоодын нийт бүтээгдэхүүнээ наймхан жилийн дотор хоёр дахин өсгөчих жишээний. Энэ байдлаар уялдаа холбоогүй зүтгэцгээгээд байвал хүлэмжийн хийн хаягдал урьдын түвшингээ ч хадгалж чадахгүй гэж эрдэмтэд онцолж байна. Гэхдээ энд Хятадын нөөцийн хэрэглээ асар хурдацтай өсч байгааг харгалзаагүй байхад гаргасан үзүүлэлт шүү дээ.
1994 болон 2004 онуудад сайжруулан хийгдсэн World 3 хөтөлбөрийн үр дүн ирээдүй гэлтгүй өнөө үед дэлхийд томоохон аюул нүүрлэж байгааг харуулж байгаа юм.
“Сүйрэл нүүр тулсан гэдгийг би олж харсан. Дэлхийн нэг хүн амд ноогдох хүнсний хэмжээ буурч, эрчим хүчний нөөц хомсдож ус шавхагдаж байна” хэмээн профессор Медоуз өгүүлжээ. 1972 онд хүн төрөлхтөн загвар ёсоор бол дэлхий биомандалын хэрэглээний 85 хувьтай тэнцэх хэмжээний нүүрс хүчлийн хийг хэдийнэ боловсруулаад гаргачихсан байжээ. Гэтэл одоо энэ үзүүлэлт 150 хувьд хүрчихсэн, цаашид улам өссөөр байх гэнэ. Энэ эрчээрээ давхиад байвал олон сөрөг үр дагавар, сөрөг гэж хэлэхэд ч зөөлдмөөр сүйрлүүдийг араасаа дагуулах дэлхийн дулаарал хурдацтай явагдах нь хэний ч мэдээжийн асуудал. Харин Йорген Рандерс хэмээх судлаач хүн төрөлхтний ирээдүйг таамагласан номондоо арай өөдрөг үзлээр ханджээ. Ойрын арван жилд өнөөгийн ажил амьдрал үргэлжилж, баялаг эдийн засгууд өссөн хэвээр байж, хүнсний үйлдвэрлэл нэмэгдэх гэнэ. Учир нь дэлхийн дулаарал болон нүүрсхүчлийн хийн илүүдэл нь ургамлын өсөлтийг дэмжин, шинэ газруудыг хөдөө аж ахуйд зориулан “бэлтгэж” өгөх аж.
Хүн ам болон эдийн засаг удаан ч гэсэн өссөөр байх ч улам л багасч буй ашигт малтмал олборлоход асар их хөрөнгө шаардагдах аж. Харин 2040 он гэхэд хүн төрөлхтөн найман тэрбумд хүрнэ гэж эрдэмтэд тооцоолж байна. Үүгээр л өөдрөг таамаглалууд дуусч байх шиг. Ийнхүү эдийн засаг, хүн ам, үйлдвэрлэл өсөн хэдэн жилийг үдсэний дараагаар үер усны гамшиг нүүрлэн, цөлжилт асар ихээр явагдан хөдөө аж ахуйн үржил шимт газруудын хэмжээг эрс бууруулах гэнэ. Дулаарлын үр дагаврыг бууруулах гэсэн, өдгөө ч нэг их амжилтанд хүрэхгүй байгаа хүн төрөлхтний оролдлогууд ямар ч үр дүнгүй болж дэлхийн дулаарал улам хурдацтай явагдана гэж эрдэмтэд сануулж байна. Жишээлэхэд ойн түймэр ихэсч, нүүрс төрөгчийн давхар ислийн хэрэглэгч байсан ой энэ ислийг үйлдвэрлэгч болон хувирах нь. Түүнээс гадна энэ зууны дунд үе гэхэд л дайн дэгдэнэ гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Мэдээж энэ нь газар нутаг, баялгийн төлөөх тэмцлээс үүдэлтэй байх нь тодорхой. Эргээд нэг санаарай, Ливид өдөөсөн дайн юунаас болов, хоёр тусгаар улс болсон Судан өөр хоорондоо байлдахын учир юу вэ, далайн тэнгисийн асар их нөөцтэй хэд хэдэн арлыг Япон Хятад, Орос Япон булаацалдан наанаа мишээвч цаанаа шазуурлах нь дор бүрнээ л учиртай. Учиртай ч юу байхав, нөөц баялгийн төлөөх тэмцэлдээн. Эрдэмтдийн үзэж байгаагаар гагцхүү энэ шалтгаанаас асар олон тооны дайн гарч. 2100 он гэхэд дэлхийн хүн ам дөрвөн тэрбум болтлоо буурах гэнэ. Ердөө жархан жилийн дотор хоёр дахин буурах нь.
Яг л World 3 таамаглан хэлж байсан шиг үл сэргээгдэх нөөцийн хэрэглээ болон бохирдлын өсөлтийг бууруулснаар дэлхий дээрх нөхцөл байдлыг тогтворжуулах гэсэн оролдлого амжилтгүй болсныг дээрх загвараас харж болох юм. Энэ загварыг хэдэн мянган километрийн цаана худалдаалж байсан чулуун зэвсгийн үеийнх шиг бүдүүлэг хэмээн шүүмжлэх нэгэн нь байдаг ч тухайн үед хүний популяц, цахиурын нөөцийн графикийг гаргаж, эртний хүмүүс мөхөж, цахиур нь хомсдохоос үүдэлтэй зайлшгүй сүйрлийн талаар дүгнэлт хийж чадахгүй л байсан болов уу. Гэхдээ сүүлийн мөстлөгийн төгсгөл үеэр цаг уур дулаарсан нь олон үр дагавар авчирч, Европт гэхэд л аймшигт сүйрэл, хүнсний хямрал гарснаар хүний популяцыг ноцтойгоор өөрчилж байсан нь тухайн үеийн хомосапиенсийн хөгжил цэцэглэл, дутагдлыг гэрчилдэг археологийн олдворуудаас тодорхой харагдана.
Б.Мөнхцэцэг
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: