Намайг дагаж хохирох вий гэсэндээ Д.Балдан-Очирыг санал болгосон
УИХ-ын гишүүн Р.Раштай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
- Таныг нэр дэвшинэ гэж олон хүн хүлээж байлаа. Гэсэн ч 28, 48-ын алинд ч гарсангүй. Өөрөө нэрээ татсан гэв үү?
-Шууд саналаараа нэрээ татсан гэж хэлж болно. Уг нь намын удирдлагууд намайг Баянгол дүүрэгт нэр дэвшинэ гэж ярьсан байсан. Би чинь намынхаа удирдлагын үгэнд итгэдэг хүмүүжилтэй хүн. Тиймээс тийм л бодолтой явсан. Гэтэл Бага хурал болдог орой салхи баруунаас салхилж байснаа маргааш өглөө нь гэнэт зүүн талаасаа салхилж эхэлсэн гэмээр юм уу даа.
-Салхи яагаад тэгж гэнэт эргэсэн юм бэ. Тойргийн хуваарилалтаас болов уу?
-Сайн мэдэхгүй юм. Ямартай ч тойрогт хуваарилахгүй, жагсаалтад орж бичигдэх нь ээ л гэсэн. Тэгэхээр наймын дотор бол та нөхөдтэй өөр зүйл яриад яах вэ гэдгээ ч хэлсэн. Тэгсэн 12-т гэж байна лээ. Ний нуугүй хэлэхэд 12-т жагсаахыг нь би чамласан юм. Өөрийгөө хэт үнэлсэн хэрэг болох байх л даа. Тэр утгаараа арай урдуур орж болохгүй юу гэж нэг биш удаа асуусан л даа. Бас би чинь ярьж хэлсэн зүйл биелэх ёстой гэж ойлгож явдаг хүн. Ялангуяа удирдлагуудын үг хүүхдийг соскоор хуурч буй үйлдэл байж болохгүй. Харин намын хамт олон, танхимаас надад итгэл үзүүлсэнд баяртай байгаа.
-Уг нь танд боломж байсан л юм байна шүү дээ?
-Тийм ээ, байсан. Намын гишүүдээс дөрөвт бичих санал ч гарч байсан. Гэхдээ би бүлгийн дарга Ө.Энхтүвшинтэй өрсөлдөхийг хүсээгүй. Олон жил хамт явсан учраас хүндэтгэлтэйгээр хандаж, арцалдахыг төвдөөгүй. Мөн Дундговь аймагт нэр дэвшүүлье гэдэг санал ч гарсан.
-Хуучин тойргоосоо татгалзсаныг бодоход мөрийн хөтөлбөр тань биелээгүй болохоор зугтсан гэж ойлгож болох уу?
-Хэд, хэдэн учир шалтгаан бий. Тухайлбал, өнгөрсөн жилээс эхлээд л миний сонгогдсон тойрогт мэр сэр хүмүүс яваад байсан. Чухам албан ёсны ч юм уу, амин хувиараа ч юм уу бүү мэд. Манай намын зарим нөхөр ч дагаж, дагуулаад яваад байгаа сураг дуулдсан. Ёс зүйн хувьд өмчилсөн газар минь биш учраас би очоод миний тойрогт чи юу хийгээд явж байна гэж хэлэлтэй биш дээ. Тэр утгаараа жаахан хөндийрсөн тал бий. Мөн Улаанбаатар хотыг Дундговь аймаг, улмаар Өмнөговь аймагтай авто замаар холбох ажил улсын томоохон бүтээн байгуулалт хийгдэх ёстой байсан.
Үүнийгээ байнга л ярьж, хэлж ирсэн. Харамсалтай нь энэ маань дутуу байсан. Ингэхээр миний өөрийн бодож, хэлсэн зүйлийнхээ ард нь гарах юмсан гэсэн үзэлтэй зөрчилдсөн. Өнөө цагт над шиг бодолтой хүнийг хоцрогдсон л гэх байх даа. Гэхдээ би халтуурдах гэдгийг сураагүй хүн шүү дээ.
-Тэгвэл яагаад Д.Балдан-Очир гишүүнийг санал болгосон юм бэ. Та хоёрын дунд тохироо явагдсан юм биш биз дээ?
-Би ч яах вэ, харин энэ залуу намайг дагаж байгаад хохирчих вий дээ гэдэг утгаараа санал болгосон. Тиймдээ ч «Малчны хотонд хурга тэврээд гүйж явдаг, хөдөөгийн амьдралыг нэвтэрхий мэддэг хүн шүү. Ялангуяа баруун аймгийн иргэд Д.Балдан-Очирыг мэддэг, хүндэтгэдэг юм билээ» гэж өөрийнхөө хэмжээнд мэддэгээ хэлсэн. Түүнийг харин заалнаас дэмжээд гаргаад ирсэн байна лээ. Ер нь заалнаас дэвшсэн асуудал явц муутай байдаг. Урьд нь би төмөр замынхаа нэг нөхрийг бас санал болгосноор гаргаж ирж байснаа санаж байна. Энэ нь миний сайных биш. Асуудлыг зөв тавьсан л хэрэг.
-Хохирох гэдэг нь ямар утгатай юм бэ?
-Уг нь тойрогт нэр дэвшүүлнэ гэж байсан ч больчихсон. Тэгээд л би санал болгосон юм.
-Завханд Д.Оюунхорол гишүүн, Ш.Сайхансамбуу гишүүн хоёр нэр дэвшчихсэн байсан биз дээ. Та дундуур нь бантан хутгачихсан юм биш үү?
-Ер нь бол хоёр мандаттай гэдгийг мэдэж байсан. Гэхдээ хэн, хэн нэр дэвшиж байгааг мэдээгүй. Д.Балдан-Очир үлдчихсэн гэдгийг бол сонссон. Би яах вэ жийлгэдэг юм байж. Харин энэ залуу болохгүй гэдгийг хүн ёсны үүднээс хандсан.
-Энэ удаа МАН удирдлагуудынхаа өөдөөс сөрдөг нөхдийг үндсэндээ нэр дэвшүүлэхгүй гэсэн бодлого баримталсан хэрэг үү?
-Үгүй байх аа. Зарим хүн миний муу биеийг хорхойд хоргүй гэдэг талаас нь юм уу байж байгаасай гэсэн бодолтой байдаг бололтой. Тиймдээ ч бие дааж нэр дэвшээч гэх зэргийн санал хэлж л байна. Нөгөө хэсэг нь намыг буруутгаж байна лээ. Аль алиндаа л байгаа байх. Надад алдаанаас зугтах ёс суртахуун байхгүй л дээ. Би 1982 онд намд элссэн хүн. Зарим нэг янз бүрийн зүйл хэлж л байг. Ганц, хоёр хүн бүхэл бүтэн нам биш. Тиймээс намдаа гомдож, хошуугаа унжуулна гэж ч байхгүй.
-Намуудын нэр дэвшигчид тодорчихлоо. Улстөрийн тогоонд байгаа хүний хувьд хэр үнэлгээ өгөхөөр хүмүүс байна вэ?
-Дараагийн парламент хүсч хүлээж байсан хэмжээний бүтэц бүрэлдэхүүнтэй болж чадах эсэх нь эргэлзээтэй. Ерөнхийдөө мөнгө, хөрөнгөтэй хүмүүс л нэр дэвшиж буй сурагтай байгаа шүү дээ. Эндээс харахад улстөрийн намууд ирэх дөрвөн жилдээ төлөвшиж чадах нь уу, үгүй юу гэдэг бодол төрж л байна даа.
-Гоморхсон сэтгэлийн үгс танаас цухуйгаад байна уу даа?
-Намайг сонгоогүй, жийсэн гэдэг утгаар хэлж байгаа юм биш. Би хангалттайгаар улсын нэр хүндтэй албыг хашлаа. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг шүү дээ.
-Тэгвэл таныхаар улстөрд хийж бүтээх хүн биш хөрөнгө мөнгөтэй хүмүүс ороод байгаа хэрэг үү?
-Ганц би тэгж хэлж байгаа юм биш. Ердөө хаа сайгүй чинээлэг хүмүүс улстөрд хүч түрэх гээд байна гэж чих дэлсэж байна.
-Намууд нэр дэвшигчдээ чинээлэг хүмүүсээс сонгож байгаа нь хийж бүтээх бус хөрөнгийг нь харж сонгоод байгаатай холбоотой юу?
-Магадгүй л юм. Баян хүн таван төрд нүүртэй гэдэг хуучны үг байдаг шүү дээ.
-Нэр дэвшээгүй хүмүүстэй албан тушаалын тохироо хийж үлдээлээ гэх яриа ч байдаг. энэ талаар тантай ярьсан зүйл бий юу?
-Үгүй ээ. Тийм завдал ч болоогүй. Дарга нар маань яараад яваад өгсөн. Би жаахан бярдчихав уу даа л гэж бодсон. Уг нь сонгууль дөхсөн үед эвтэй байж, асуудлыг эвийн цавуугаар наах ёстой мэт санагдсан.
-Та ч намын удирдлагуудаа байнга шахам шүүмжлээд байх юм аа?
-Манай намын удирдлагуудад авууштай чанарууд бий. Зэгсэн боловсролтой, идэр настай залуус олон байна. Эдгээрийгээ ажилдаа хэрэгжүүлж, ашиглавал болохгүй, бүтэхгүй зүйл гарахгүй байх. Ер нь нэр дэвшигчид болон намын удирдлагуудын ажлын үр дүн сонгуулийн дүнгээр л харагдана. Хэрвээ сонгуулийн дараа хангалтгүй дүн үзүүлсэн бол тухайн хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй.
Ж.Нарангэрэл
Эх сурвалж :”Өглөөний сонин”
URL: