Хүн чанар хийгээд мөнгө
Саяхан мэдээллийн хэрэгслэлүүдээр нэгэн дүрс бичлэг тавигдаж, монгол хүн бүрийн дургүйцэл, зэвүүцлийг төрүүлэв. Үнэтэй “Жееп” машин унасан халамцуу нэгэн эрхэм замын уулзвар дээр 10 настай хүүг дайрч, амь насыг нь хөнөөчихөөд “үхсэн эсэх”-ийг нь шалгах гэж хөлөөрөө өшигчиж үзэж байгаа бичлэг. Түүнээс нилээд эрт yuo tube дээр Хятадын гудамжинд нэгэн хүүхдийг машин дайрч хөнөөчихөөд явахад дэргэдүүр нь өнгөрч байгаа хятад иргэд огт тоосон шинжгүй өнгөрцгөөж байгаа бичлэгийг үзэж байснаа санаж байна.
Хятадууд хүн ам олонтой, суурин иргэншилтэй хүмүүс. Аль бага наснаасаа суурин амьдралд өөрийн “орон зайгаа” олох гэж хичээхээс бус, бусдын төлөө гэх сэтгэлгээ боломж тэдэнд үгүй. Тэр тусмаа хөдөө тосгоныхон нь хувиа хичээсэн амьдралын хэмнэлд яг л адгуус мэт араншингаар хандаж сурна. Тэдэнд зөвхөн амьд оршихуй, ямар ч аргаар хамаагүй амьд байх нь л хамгаас чухал мэт. Хүн амын хэт төвлөрөл тэднийг ийнхүү сургадаг аж.
Харин нүүдэлчин амьдралын хэмнэлтэй, цөөхөн монголчууд тэднээс огт өөр. “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэдэг хэллэг бол бидний амьдралын зарчим. Нэгэн жалгын наана цаана, нэгэн голын эрэг дагуу саахалт амьдрах тэд, бие биедээ байнга тусалж байх хэрэгтэй болдог төдийгүй энэ нь тэдний ёс зүй болон хүн чанарынх нь хэмжүүр болдог. Хүний өөрийн ялгаагүй нэгэн голын хүүхдүүдээ буруу зүйл хийснийх нь төлөө зэмлэхдээ хүртэл “хүнээ алдсан”, “хүнээ байчихсан” гэж үглэх. Хамгийн хатуу зэмлэл нь “Монголоо алдсан ” гэдэг үг
байв. Хүн, амьтан, байгалийн хүйн холбоон дунд аж төрдөг монголчууд юу юунаас илүүтэй “хүн чанар”-ыг ихэд эрхэмлэж, үнэлдэг байсан ажгуу.
ХҮН ЧАНАР гэдэг…
Хүмүүс бид энэ ертөнцөд цор ганцаар биш. Биднээс гадна маш олон амьд бодгалууд бий. “Амьд байгаль” хэмээх бидний нэршилд ургамал, цэцэгс ногоо, амьтан, хорхой шавьж, араатан жигүүртэн , хэвлээр явагчид, уснаа амьдрагсад гээд бүгд л багтдаг. Харин хүн гэдэг бодьгал тэднээс оюун ухаанаараа ялгардаг. Зарим төрлийн амьтад бидэнтэй ойролцоо мэдрэхүйтэй хэдий ч хүмүүс бидэн шиг өөрсдийгөө илэрхийлж чаддаггүй. Бас бидэн шиг ойлголцож чадахгүй. Тийм болоод л хүмүүс бид өөрсдийгөө энэ байгаль ертөнцийн “эзэн” хэмээн үзэж, өөрсөддөө
тааруулан олон зүйлийг өөрчилдөг. Бас таацуулдаг. Гэсэн хэрнээ нэгэн орчилд хамт байгаа амьд байгаль, амьтдад сайн муу олон үйлийг үйлдэнэ. Харин өдгөө цагт байгалийн аймшигт хүчин зүйлийн дэргэд бид өчүүхэн гэдгээ мэдрэх болж. Энэ нь хүмүүс бидний муу араншин болон “хүн чанар”-ын алдаанаас болж буй.
Монголчууд бид “хүн чанар”-ын тухай ихэд сургамжилж, ихэд эрхэмлэдэг. Хүн энэ ертөнцөд мэндэлж, өөрийн тавилангаараа амьдарч, эцэстээ насан элэх хүртэл өөр өөрийн мөн чанараа хадгалж явна. Чухамдаа “адгуус” биш “хүн” учраас л, адгууснаас ялгарах эрхэм чанарыг л “хүн чанар” гэдэг байх л даа. Түүнд олон ойлголтууд багтана.
-Хүмүүс бидний адгууснаас ялгарах эрхэм чанар болох ОЮУН УХААН. Нэгэнт оюун ухаан гэж аугаа боломжийг бидэнд заяасан болохоор алив зүйлийн сайн мууг эргэцүүлж бодож байх хэрэгтэй мэт. “Энэ зүйлийг ингээд хийчихвэл надад хэрэгтэй мэт” гэж нохой муур биш, зөвхөн хүн л бодож чадна. Хүн аливаа зүйлийн талаар байнга эргэцүүлэн бодож, олон боломжуудыг олж харан шийдвэр гаргаж, гаргасан шийдвэрийнхээ сайн муу үр дагаврыг өөрөө үүрч байх нь оюун ухаант хүний эрхэм чанар.
-Хүмүүс бидний адгууснаас ялгарах нэгэн гол чанар нь ХЭЛ ЯРИА. Хүмүүс бид өөр хоорондоо бүх л зүйлийг хэл яриагаар илэрхийлж ойлголцдог. Сайдалцаж муудалцахдаа ч хэл яриагаар учраа ололцдог. Бие биенийхээ хоол болон эмэгчинг нь булаахын тулд багалзуурыг нь тас хаздаг, эврээрээ нэвт сүлбэж алдаг адууснуудаас хүмүүн бид огт өөр. Бусдыг сонсож ойлгож, бусдад өөрийн санаа бодлоо ярьж ойлгуулж байх нь хүмүүс бидний нэгэн чанар.
-Хүмүүс бидний адгууснаас ялгардаг сайн чанар нь ХАЙР ЭНЭРЭЛ. Эсрэг хүйстэн нэгнээ чин сэтгэлээсээ хайрлаж, түүнд шунан дурлаж, түүний төлөө их хайр халамжийг зориулж чаддаг нь хүн. Бас өөрийн аав ээж, үр хүүхдээ хайрлан энэрч тэдэнд цаг ямагт хайр халамжаа зориулж чаддаг нь мөн л хүмүүс бид. Хэдийгээр адгуусан амьтдад эсрэг хүйстнээ хүсэмжлэн хамгаалах авир, зөн байдаг ч хүн шиг тууштай үнэнч байж, цаг ямагт илэрхийлж чаддаггүй.
-Хүмүүс бидний адгууснаас ялгардаг үнэт чанар нь БҮТЭЭЛЧ ХӨДӨЛМӨР. Адгуусан амьтад хоол тэжээл болон үржихүйн төлөө тэмцэж, хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг бол, хүмүүс бид энэ ертөнцөд өөрсдийн амьдралын төлөө хөдөлмөрлөж, их зүйлийг бүтээдэг. Үүний тулд эвлэлдэн нэгдэж, бие биенээ дэмжиж, хамтдаа их зүйлийг бүтээдэг. Өөрийн авьяас чадвар болон хичээл зүтгэлээр бий болгосон амьдралдаа сэтгэл хангалуун байж чаддаг нь адгууснаас ялгарах бидний үнэт чанар юм.
-Хүмүүс бидний адгууснаас ялгарах гайхамшигт чанар нь УХААРАЛ ГЭГЭЭРЭЛ. Хүмүүс бид энэ ертөнцөд олуулаа хамтдаа амьдардаг болохоор бие биедээ заавал тусалж байх учиртай. Өөр өөртөө учирсан олон ч сайн муу зүйлээс олж авсан туршлага ухаарлаасаа бусадтай хуваалцаж, тэдний оюун санаанд итгэл найдвар, баяр баясгалан, гэрэл гэгээг өгч байдаг. Бусдад илгээсэн сайхан сэтгэлд тань бусад хүмүүс хэрхэн баярлаж талархаж байхыг харахдаа чин сэтгэлэсээ баярлаж чаддаг нь зөвхөн хүмүүс. Бас бусдыг уучилж, өөрийгөө уучлуулж, баярлаж
бахдуулж чадна гэдэг хүмүүний гайхамшигт чанар.
Ингээд бодох дор “ХҮН ЧАНАР” гэдэг төрөхөөс үхэх хүртэлх хоромхон зайд өөрийнхөөрөө амьдарч, өөртөө сэтгэл хангалуун байх боломж аж. Залуу халуун насандаа даанч анзааргагүй явснаа хожим ойлгодог. Гэтлээ хожимдсон байх нь бий. Гэнэн тэнэг явахдаа алдаж онох нь бий. Харамсавч оройтсон байх нь бий. “Хүн” шиг бус “адгуус” шиг явсныхаа төлөө зарим хүмүүс насны эцэст зовох нь бий. Хичнээн хүсэвч юуг ч эргүүлж буцааж чадахгүй.
Мөнгөний сүүдэр дахь “ХҮН ЧАНАР”
Хэт их “Шунал”, “Тачаал” хүний мөн чанарыг эвддэг гэж монголчууд сургаж болгоомжилдог байсан. Хүн бүрийн сэтгэлийн чанадад шунал, тачаал их бага хэмжээгээр оршиж байдаг. Харин түүнийг өөрийн оюун ухаан, ухамсраар хэрхэн захирахаас л хүмүүсийн “хүн чанар” ялгардаг. Хэн нэгний эдэлж хэрэглэж байгаа үнэт зүйлсийг харахдаа ” би ийм гоё зүйлтэй болох сон” гэх далдхан мөрөөдөл нь “ямар ч аргаар хамаагүй заавал ийм зүйлтэй болно доо” гэх шазруухан бодлоор солигдох мөчид “шунал” нь аажим аамжаар” шулам” болон хувирах нь бий.
Өөрт нь
өнөөдөр байхгүй боломжоо “ямар ч аргаар хамаагүй” орлуулах гэсэн шулуудсан санаа нь тэр хүнийг муу зам руу хөтөлж байдаг аж.
Ямар нэгэн үнэт зүйлсийг бид мөнгөөр худалдаж авдаг. Гоё машин, тансаг сууц, брендийн хувцас, булга минжин өмсгөлүүд, алт мөнгөн болон алмаазан зүүлт гоёлууд гээд бүгдийг л мөнгөөр худалдаж авна. Илүү их гоёмсгийг худалдаж авах бол бүр ч их мөнгө хэрэгтэй. Мөнгийг хүмүүс хөдөлмөрлөж зүтгэж байж олж авна. Мөнгийг олж чадаж байгаа хэрэндээ хэрэгцээгээ таацуулна. Хэрэгцээнээс илүү шунал л хүмүүсийг “зовоож” хүнлэг гэхээсээ адгууслаг чанар руу аваачдаг юм даа. Бас ингэж олсон зүйлээрээ бусдад гайхуулна гэдэг бүр ч тэнэгийн
шинж болно.
…Тэр залууг зам хөндлөн гарч явахад нь согтуугаар машин жолоодож явсан нөхөр дайрч гэмтээжээ. Залуугийн нуруу нь гэмтэж, үүнээсээ болж суумгай болсон аж. Эхэндээ залууг дайрч гэмтээсэн нөхөр болон ар гэрийнхэн нь эргэж тойрч, мөнгө төгрөгөөр туслан, “гадагшаа явуулж эмчилгээ хийлгэн, эрүүл саруул болгох” -оо ч амалж байж. Тэдний тусч сайхан сэтгэлд уярсан залуугийн гэр бүлийнхэн хуулийн байгууллагад “гомдолгүй, бид өөр хоорондоо учраа олно” гэж мэдүүлснээр хэрэг хаагдсан гэдэг. Баярлаж талархсан сэтгэлээр эхэндээ эргэж
тойрч байсан мөнөөх нөхөр асуудал шийдэгдсэнээс хойш аажим аажмаар анхаарал тавих нь багасч, адаг сүүлдээ тээршаах маягтай болсон гэдэг. Эцэст нь “гадагшаа явуулж эмчлүүлэх ” нь бүү хэл уулзаж учирлах бүрд нь “харж тусалсан” аа тоочин “албатай биш” хэмээн загнаснаар тэр залуу үүрд хохирон үлдэж мөнөөх нөхөр ял шийтгэлээс мултарч үлдсэн түүхтэй. Иймэрхүү жишээ захаас аван зөндөө бий.
Бид санаатай болон санамсар болгоомжгүйгээс хэн нэгэнд хохирол учруулчихаад үүнийхээ төлөө чин сэтгэлээсээ шаналж, тус болохын оронд их хэмжээний мөнгө өгснөөр асуудлыг “шийдсэн” гэж бодож чаддаг болох дор бид хүн чанараа алдаж байна гэсэн үг.
…Тэр дажгүй сайхан бүсгүй. Хэдийгээр өөрийн боломжоор амьдардаг ч үүндээ сэтгэл хангалуун биш. Эргэн тойронд байгаа найз нөхөд дотно танилуудынхаа өмссөн зүүсэн, эдэлж хэрэглэж байгаа бүхнийг ажиглан харахдаа дотроо битүүхэндээ атаархана. Эзэмшсэн мэргэжилдээ маруухан, бас “ихийг бүтээх” чадвар хүсэл үгүй болохоор тэгтлээ их мөнгө олж, хүссэнээ худалдан авах боломж ч бас үгүй. Хааяахан хажуугаар нь сөрж өнгөрөх харчуудын “өлөн харц”, сониучирхаж, шохоорсон төлвийг мэдрэхдээ “өөртөө байгаа боломж”-оо мэдэрнэ. Бусдаас
илүү гоёж, бусдын атаархлыг төрүүлэх хүсэл нь түүнийг “мөнгөтэй” хүнтэй танилцах далд хүсэл рүү хөтлөх аж. Хааяадаа хэн нэгэн залуутай “шөнө”-ийг өнгөрөөх авч, “мөнгөгүй, тарчигхан” гэж сэтгэлдээ голно. Удалгүй “хүсэл ” нь биелж мөнгөтэй боловч “хөгшин” нэгэнтэй гэрлэжээ. Одоо тэрээр хүссэн зүйлээ дур зоргоороо худалдан авах боловч сэтгэл нь “хоосон”. Өөрийнх нь өмссөн зүүсэн бүхэнд атаархан харах бусдын “шуналт” харцанд л сэтгэл ханаж “баясах” аж. Иймэрхүү гунигтай жишээ захаас аван зөндөө бий.
Бид зөвхөн өөрсдийн материаллаг хүслээ хангахын тулд өөрийн биеийг бусдад “худалдаж”, үүнийхээ төлөө сэтгэлийн таашаал, “жаргал” гүй амьдрах дор хүн чанараа алдаж адгууслаг төрхөнд шилжинэ. Ийм хүмүүс жинхэнэ сэтгэлээс оргилох “сайхан хайр” байдаг гэдэгт огт итгэдэггүй.
…Тэрээр төрийн албанд ажиллаж байхдаа л дээд удирдлагадаа ихээхэн “зусардаж” чадваас албан тушаал ахих боломж байгааг сайн мэдэрдэг байж. Үүрэгт ажлаа сайн хийхдээ бус “сайн хийсэн ” дүр эсгэж, үргэлж л даргадаа “долигонож”, өчүүхэн боломж бүрт даргаа “магтаж” сурчээ. Одоо тэрээр “том дарга” болсон. “Дээдэст зусар, доодост дээрэлхүү ” төрх нь түүнийг ийм амжилтад хүргэжээ. Алив нэгэн зөвшөөрөл өгөх эрх мэдэл нь “авилгалаар баяжих” том боломж гэдэгт аль хэдийн суралцаж амжиж. Харин үүнийхээ “үр дүнг” өөрийг нь ямагт дэмжиж, энэ
боломжинд хүргэсэн “том дарга”-тайгаа хуваалцах ёстой гэдгээ сайн мэднэ. Хууль дүрэм зөрчих, хот төлөвлөлт алдагдах, байгаль орчны сүйтгэл тэдэнд огт “падгүй”. Зөвхөн мөнгө, их мөнгө, өөрийгөө зовоохгүйгээр олж болох их мөнгө, өөрт нь зусардан царайчлах олон хүмүүсийн дорой харц, атаархсан төрх л энэ амьдралын утга учир болон хувирчээ. Сэтгэлдээ хааяахан “баригдаж балрах вий” хэмээн айх авч, “тэр хүртэл хаа ч байсан юм бэ? мөнгө байхад бүхнийг аргалж болно” хэмээн боодож сэтгэлээ тайвшруулна. Ийм жишээ бидний эргэн тойронд бүр
их байгаа.
Хүмүүс бид нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчиж, өөрийгөө зовоохгүйгээр хууль бус аргаар баяжиж, үүндээ сэтгэл ханахгүйгээр “шунал нь шулам” болон хувирах дор хүн чанараа жинхэнээсээ алддаг. Сэтгэл, хөдөлмөр зүтгэлээр бус зөвхөн мөнгөөр л бүхнийг “шийдэж” болдог гэж бодох дор адгууснаас дор “бэрд” болон хувирна.
Хэдийгээр бидний эргэн тойронд ийм жишээ олон байх авч бид гэнэт зогтусан, “сэтгэлдээ эргэцүүлж” амждаггүй. Монголчууд бид яг одоо их мөнгө олж бусаддаа гайхуулах гэсэн “шуналт хүсэл”, “тэнэг өрсөлдөөн” дунд хүн чанар гэдэг эрхэм зүйлээ аажим аажмаар алдаж буйгаа анзаарахгүй. Амар аргаар их мөнгө олохын тулд хулгайлж завшиж, хууль зөрчиж, биеэ үнэлж, бие биенээ хууран мэхэлж байна. Тэгж олсон мөнгөөрөө булган шуба авч өмслөө ч, үнэтэй “Жееп” машин уналаа ч, тансаг сууцанд тухаллаа ч, 9911…. дугаартай гар утас барилаа ч, алмаазан
зүүлт зүүлээ ч, үнэтэй брендээр гоёлоо ч “аз жаргалтай” сайхан харагдахгүй, харин сэтгэлийн ядрал, хоосрол, цөхрөл нь дэндүү ихээр мэдрэгддэг. Энэ бол бахархал биш, бусдад “гайхуулах” гэсэн ядмагхан өрсөлдөөн юм шүү дээ.
МӨНГӨ-ХҮН ЧАНАР хоёр тэгтлээ зохицолдох нь ховор. Хүмүүс бид өөрийн өчүүхэн хэрэгцээгээ хангаж чадаад, өөртөө зорилго тавьж амжилтад хүрч чадаад, өрөөл бусдад тус болж, тэдний баярлаж талархсан царай болон сэтгэлийн чанад дахь ухаарлыг мэдрэхдээ баяртай байж чаддаг. “Сэтгэлд гал байхад зууханд гал хэзээ ч олдоно” гэдэг шиг хүн чанараа эрхэм болгож явбаас мөнгө хэзээд олдоно. Харин мөнгийг эрхэм болгож яавх дор тэр л хэмжээгээр хүн чанар тань танаас холдон одно. Алив зүйлийн байр, байршил гэдэг их чухал зүйл. АДГУУС -ХҮН
байхын ялгаа ч үүнтэй утга адил. Товчдоо ХҮН ЧАНАР-МӨНГӨ, ХҮН-АДГУУС гэж л байрших учиртай юм шүү дээ.
Төгсгөлийн оронд сэрэмжлүүлэг
Монголчууд бид өөрсдөө “хар ажил” хийж амжиргаагаа дээшлүүлэхийн оронд амар аргаар мөнгө олох гэж өрсөлдөж байх зуур, Монголын бүтээн байгуулалтад “хар ажил”-ыг нь хийхээр хятадууд олноор орж ирцгээж байна гэнэ. Бид тэднийг хичнээн харааж зүхэвч, өөрсдөө хийх дургүй болохоор яалтай билээ. Харин үүний уршгаар охид бүсгүйчүүд нь очиж биеэ үнэлээд байх аваас нэгэн гамшиг тохиож болох. Олон жилийн дараа монголчууд бид тосгоны хятадууд шиг гудамжинд “нас барсан” хүүхдийг хөлөөрөө өшиглөж үзэж байх вий гэдэг айдас л төрж байна
даа. Мөнгөний шуналд ууссан хүн чанар гэдэг хамгийн аймшигтай. Монголчууд бидний бахархал болсон ХҮН ЧАНАР үлгэр болон жаргах аваас хэн үүний төлөө шаналах бол. Жаахан ч атугай ХҮН ЧАНАР-тай байх цаг болжээ. Ядаж л зогтусан энэ их хийрхэл, солиорлоо нэг анзаарах сан.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail; gala_mn@yahoo.com
URL: