Ажил хөдөлмөрт дургүй хүн л ядуу зүдүү амьдардаг
Монгол Улсын хөдөлмөрийн баатар Л.Самбуу-Ёндон гуайнд өнжлөө. Өдгөө нас сүүдэр 90 шүргэж яваа энэ буурлынх Баянгол дүүрэгт аж төрж байна.
Гэрт нь бүтэн өдөржингөө хамт байж, тэдний гэр бүлийн нэг өдрийн амьдралыг сонирхох юм гээд урьдчилаад хэлсэн болохоор хөгшчүүл ойр зуурын ажлаа зохицуулчихаад биднийг хүлээж суув. Биднийг очиход урт хормойтой даашинз өмссөн ганган эмээ хаалга нээж өгсөн нь гэрийн эзэгтэй Ичинхорлоо аж. Тэд хуучны хоёр өрөө байрт тохьтой гэгч нь амьдардаг юм байна. Гэрийн эзэгтэй биднийг том өрөөндөө орууллаа. Хоймроос үүд хүртлээ үргэлжилсэн урт буйдангийн дээд талд гэрийн эзэн хөөрөг барьсаар тухлан сууна.
Л.Самбуу-Ёндон гуайтай мэнд ус мэдэлцэх зуур гэрийн эзэгтэйгээс гадна хоёр залуу бүсгүй хоол, цай аягалж өвгөнтэй юм яриулах завгүй ид, уу гэж эхлэх нь тэр. Гэрийн эзэн ч “Та нар өнжинө гээ биз дээ. Юундаа яарахав, ид, уу” л гэж байна. Тэр хооронд гэр доторхийг сонирхож амжив. Хөгшчүүл гэхэд их авсаархан, том өрөөнд ханын шүүгээ бүхий зурагтын тавиур, өөрийнх нь намтар түүхийг харуулсан гэрэл зургууд өлгөжээ. Харин нэлээд олон мөнгөн аягатай айл юм. Өмнөх ширээ төдийгүй ханын шүүгээнд том, жижиг мөнгөн аяга өрөөстэй байв. Гэрийн эзний цай уудаг мөнгөн аяга нь нэлээд хуучны эдлэл бололтой. Хийц загвар нь бусдаас өөр төдийгүй удаан эдэлсэн нь илт. БНМАУ-ын хөдөлмөрийн баатар маань энэ аягандаа 41 дэх жилдээ цай ууж, хооллож байгаагаа хэллээ. Аяганы тухай яриа өрнөхөд гэрийн эзэгтэй “Уг нь одоогоос хоёр жилийн өмнө үүнээс ч олон мөнгөн аяга байсныг хүүхдүүддээ тараасаар байгаад цөөрсөн нь энэ” гэв. Хоёр охин нь цай, хоол аягалах зуур аав, ээждээ тус, тусад нь хоол бэлджээ. Хэрэгт дурлан асуутал хоёр буурал зөв хооллолтын дүрмийг мөрддөг болоод удаж байгаа гэнэ. Энэ нь манайхны “Зөв хооллох клуб”-үүдэд мөрддөг ногоо, жимсээр хооллодогоос өөр. Тэд өдөр тутмын хоол хүнсэндээ цагаан идээ хэрэглэдэг бөгөөд махыг маш бага хэмжээгээр хэрэглэдэг аж. Л.Самбуу-Ёндон гуай хүүхэд байхын л цагаан идээ идэж өссөн болохоор, өөрийнх нь эрүүл мэндэд тохиромжтой гэж үздэг. Үүний ачаар эрүүл саруул амьдарч байна” гэх. Эднийх өвөл, хавар хэрэглэх айраг, цагаан идээгээ намар нь бэлддэг. Энэ намар 500 гаруй литр айраг худалдан авсан бөгөөд үүнийгээ зун болтол хэрэглэдэг гэнэ. Гэрийн эзний онолоор айраг хоол боловсруулахад сайн учраас эмчилгээний журмаар өдөрт хоёр аягыг уудаг юм байх.
ХОЁР НҮДНЭЭС НЬ ГАЛ ГАРДАГ ГАЙХАЛТАЙ ЗҮЙЛИЙГ ХАРСНААС ХОЙШ БЯЦХАН ХҮҮ ЖОЛООЧ БОЛОХЫГ МӨРӨӨДЖЭЭ
Л.Самбуу-Ёндон нь 1971 онд улсын 50 жилийн ойгоор хөдөлмөрийн баатар цол хүртжээ. Монголын автотээврийн салбараас 30 гаруй хөдөлмөрийн баатар төрсний дийлэнх нь түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан андууд нь. Харамсалтай нь өдгөө амьд сэрүүн байгаа нь тун цөөрчээ. Өдгөө 90 насны босго шүргээд байгаа Л.Самбуу-Ёндон гуай “Би тээврийн хөдөлмөрийн баатруудаас хамгийн ахмад нь болж байна” хэмээн ахмадуудынхаа тухай дурсамж хөөрч, гэрэл зургийг нь хэдэн онд, ямар үед авахуулсныг сар, өдөртэй нь хүүрнэх нь бахархмаар. Тэрбээр ардчилсан хувьсгал ялснаас гурван жилийн дараа одоогийн Архангай аймгийн Жаргалант сумын нутагт мэндэлжээ. Аав Лувсанпунцаг нь малчин ардын хүү бол ээж Мажигжалам нь хошуу ноёны ганц охин байжээ. Тэд дөрвөн хүү, гурван охин төрүүлсний тав дахь нь Л.Самбуу-Ёндон гуай. Тэрбээр өдгөө ах дүү нараа алдаж ганцаараа торойгоод үлдсэн ч өөрийн үр хүүхэд ач зээгээр хүрээлүүлэн өнөр өтгөн, насны жаргалаа эдэлж сууна.
Хөдөлмөрийн баатар жолооч маань анх 12 настайдаа машин буюу чийчаан гээчийг харсан гэдэг. Тухайн үед саахалт айл Норовын хүргэн хүү нь чийчаан хүлэглэн ирсэн нь Самбуу-Ёндонд төдийгүй тус орон нутгийнхны хувьд шинэ сонин зүйл байлаа. Шөнө болохоор хоёр нүднээс нь гал гардаг тэр сонин гайхалтай зүйлийг харснаас хойш бяцхан хүүгийн толгойноос чийчааны жолооч болох юмсан гэдэг бодол салахаа байжээ. Гэвч хүсэж мөрөөдөх гэнэн хонгор тэр насанд нь буюу 1938 онд эцгийг нь эсэргүү хэмээн баривчилж, эд хөрөнгөө хураалгасан байна. Энэ хүнд цаг үед үйлэнд урнаараа нутаг хошуундаа гайхагддаг ээж нь уран гар, ухаанаараа болон ноён эцгээс өвлөгдсөн мөнгөн хэрэглэлтэй өмсгөл зэргээ зарж саалийн үнээ, унах морьтой болж амьдралаа аргацаан үр хүүхдүүдээ хүний царай харуулаагүй өсгөжээ. Ээжийнхээ энэ ухааныг хүү нь биширч, “Хүн хүнээс илүү ухаантай ээжийнхээ хүчинд өдий зэрэгтэй явна” хэмээн залбирдаг гэсэн.
ТАВАН ЖИЛД 100 ЖИЛИЙН АЖЛЫГ АМЖУУЛСАН БААТАР
Тэрбээр 16 настайдаа Жаргалант сумын гар үйлдвэрийн артельд ажилчнаар орж, эмээлийн мод урлахаас бие даан амьдрах замдаа орсон ч 1943 онд цэргийн албанд татагджээ. Тухайн үед 55 бодоос дээш малтай айлын хүүхэд хоёр морьтой цэрэгт явдаг байж. Ээжид нь тэр хэмжээний мал сүрэг байхгүй ч хүүгээ алсын замд хөл газардуулахгүй гэж хоёр сайн морио өгч явуулсан гэдэг. Улаанбаатарт Улаанхуарангийн цэргийн ангид ирж бичиг үсэг мэддэг цэргийн тоонд багтаж жолоочийн сургуульд хуваарилагдав. Цэргийн албанд татагдаад жил ч болоогүй туслах жолооч гэгдэн Улаанбаатар-Цагаан эргийн замд бие даасан анхны тээвэрт гарч ирээдүйн их аян замын гараагаа эхэлсэн байна. Улмаар 1944 оны эхээр баруун хязгаар түгшүүртэй болж хилийн будлиан гарах болсон тул хэсэг жолоочийн хамт Ховд руу томилогджээ. 1945 оны чөлөөлөх дайн эхэлж түүнийг цэргийн хоол хүнс хэрэглэл, зэр зэвсгийг тээвэрлэхээр явуулж дайн дуустал Жанчхүүгийн даваа хүртэл хэд хэдэн удаагийн тээвэр хийсэн байдаг. Дайны дараа тэрбээр “Бид ялав” медалиар шагнуулсан нь улсаас хүртсэн анхны шагнал байлаа. 1945 онд “ЗИС-5″ маркийн машин шинээр авч барилгын тээвэрт ажиллахдаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хотод Сүхбаатарын анхны хөшөө босгоход шаардагдах материалыг тээвэрлэсэн нь түүний бас нэгэн бахархал. Ингээд 1948 онд цэргээс халагдаж нутагтаа ирэхэд аймгийн автотээврийн бааз байгуулагдаж Архангайн зургадугаар баазад жолоочоор ажиллах болов. Эр цэргийн албанаас энгийн хөдөлмөрт шилжсэн тэр он жилүүдэд улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөний онууд байлаа. Авто баазаасаа хуучин “ЗИС-5″ машин хүлээн аваад улсын төлөвлөгөөтэй аяны замд гарч жилийнхээ төлөвлөгөөг 149.7 хувиар биелүүлж уралдааны нэгдүгээр байр эзэлж, сайн ажилтан хэмээгдэн баазынхаа гараашийн дарга, ерөнхий механикчаар дэвшин ажиллах болжээ. Хоёр жил шахам удирдах алба хашиж байгаад дахин төлөвлөгөөт ажилд орж нэг жилд таван жилийн ажил хийсэн амжилт үзүүлж ёстой л мандаж өгч. Тэрбээр таван жилд нийтдээ 100 шахам жилийн ажил хийсэн гэж тухайн үедээ үнэлэгдэж байв. Л.Самбуу-Ёндон нь 1955 онд Алтангадас, 1964 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсныхаа дараа саятны бригад байгуулан ажилласан нь үр дүнгээ өгч 1971 онд хөдөлмөрийн баатар цол хүртжээ. Л.Самбуу-Ёндон гуай авто тээврийн байгууллагад 38 жил ажиллахдаа “Зис-5″-аас эхлээд “Зил-130″ маркийн зургаан шинэ машин авсан байна. Дурсгал болгож аль нэг машинаа өөртөө авч үлдэх боломж байгаагүй юу хэмээн түүнээс сонирхов. Тэрбээр “Сүүлийн машинаа аваад жил гаруй явж байтал зүрхний шигдээс өвчнөөр өвдөж машинаа хүнд шилжүүлсэн. Тэгээд жилийн дараа тэтгэвэртээ суусан даа. Уг нь бие гайгүй байсан бол сүүлчийн машинаа өөртөө авч үлдэх боломж байсан байх. Зарим жолооч нар машинаа хувьдаа авсан байдаг. Сүүлийн машин маань тэр шүү дээ” хэмээн гэрийнхээ хойморт өлгөсөн машины гэрэл зургийг заав. Энэ хүн 40 гаруй жил моторт хүлгийн жолоо залж 1983 онд Шатахуун тээврийн нэгдүгээр баазаас өндөр насны чөлөөнд гарчээ.
ҮР УДАМ НЬ 300 ХОЛ ДАВЖЭЭ
Л.Самбуу-Ёндонгийнх 1966 онд хотод ирж суурьшсанаас хойш хот дотроо хэдэнтээ нүүдэллэжээ. Зүгээр суухыг өвчин гэж боддог тэрбээр тэтгэвэртээ сууснаас хойш багадаа хийж сурсан эмээлийн модыг гэртээ урладаг болов. Нийтийн орон сууцанд ийм ур хийх амаргүй учраас Яармагт шилжин суурьшиж 1990 оны нийгмийн шилжилт хөдөлгөөний хүнд цагт гар хумхилгүй эмээл урлан түүнийгээ хөдөө аваачиж малчдад шөлний хониноор солих жишээний. Бүр машин дүүрэн хоньтой ирж байсан удаа ч бий. Багын хурдан морь, ганган эмээл, хазаар сонирхдог хүний хувьд тэрбээр хоёр хүүгээ тусдаа гарахад нь иж бүрэн эмээл засаж өгсөн нь өдгөө гэрийг нь чимдэг үнэт өв болон хадгалагдаж байгаа. Гараараа юм хийдгийнх тэтгэвэрт суусан ч нийгмийн хэцүү цагт ядраагүй хэмээх энэ буурай “Хүн хөдөлмөрч байх хэрэгтэй. Өөрт нь ямар авьяас байна, түүнийгээ сайн ашиглаж чадах юм бол ямар ч нөхцөлд сайхан амьдарч чадаж байгаа юм. Өөрийгөө удирдаж ажил хөдөлмөрт дайчилдаггүй нь ядуу зүдүү байдалд хүргэдэг” хэмээн сургамжлав.
Тэрбээр эцэг эх хоёроос шалтгаалахгүй юм гэж байдаггүй. Зөв хүмүүжилтэй, боловсролтой, амьдралаа өөрөө аваад явах чадварыг эцэг эх суулгаж өгөх хэрэгтэй гэдэг үзлийг баримталдаг. Хүүхдүүддээ ажил сур, хүнтэй эвсэг яваарай гэж үргэлж захидаг байна. Гэрийн эзэн айргаа уунгаа өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралынхаа тухай ийн яриа дэлгэв. Тэрээр “Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй” гэсэн сургаалыг хань ижлээ алдсанаас хойш ямар үнэн болохыг ухаарсан гэдэг. Анхны хань, найман хүүхдийнхээ эхийг өөд болсны дараа 1981 онд одоогийн хань Д.Ичинхорлоотой танилцан хоёр дахь амьдралаа эхлүүлжээ. Тэд хэн хэн нь хань ижлээ алдаж, адилхан зовлон амссан болохоор аль алиныхаа хүүхдүүдэд аавын оронд аав, ээжийн оронд ээж, хоёр биедээ түшиг тулгуур болж өдий хүрчээ. Одоо тэдний 11 хүүхэд тус тусдаа биеэ даасан амьдралтай, бараг л бүгдээрээ хувийн компани толгойлон, сайн сайхан амьдарч явна. Л.Самбуу-Ёндонгийн үр удам, ач, гуч, зээ нь өдгөө 300 хол давжээ. Үрээ танихгүй өнөр болсон энэ хоёр буурал өндөр насалж байгаагийн нууцаа үр хүүхдүүдийнхээ сайн сайхан амьдрал, сэтгэл зовоохгүй амьдарч байгаагийнх гэлээ. Л.Самбуу-Ёндон гуай тэтгэврээс гадна ахмад дайчин, хөдөлмөрийн баатрын тэтгэмж авдаг. Тэрбээр “Би төрийн хайр хишгийг их хүртэж байгаа хүн. Уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд нэлээд өндөр тэтгэвэр тогтоолгосон. Одоо тэтгэвэр 500 гаруй мянган төгрөг авч байна. Насны эцэст энэ зэрэгтэй амьдарч яваа нь сайхан аав ээжийн буян, төр засгийн хишиг гэж боддог.
ГЭРИЙН ЭЗНИЙ НАНДИН БҮХЭН ШИЛЭН ХОРГОНД БИЙ
Гэрийн эзэгтэй Д.Ичинхорлоо гуай өдгөө 80 насыг зооглож яваа ч ануухан. Бас ганган. Хөх өнгийн даашинз, шилэн оймс өмсч, өргөн шүрэн бүс бүсэлж, үсээ буржийлгасан энэ эмээг хэн ч харсан 80 настай гэхээргүй. Тэрбээр Монголын радиод нэвтрүүлэгчээр 30 гаруй жил ажилласан нэгэн. Хэл яриа, дууны өнгө нь одоо ч муудаагүй, өвгөндөө сонин уншиж өгөхдөө радиогоор мэдээ уншиж байгаа мэт тод, цэгцтэй сайхан уншиж өгдөг аж. Д.Ичинхорлоо гуай дуу, хөгжим сонсох дуртай бол өвгөн нь бөх, морь, малын тухай нэвтрүүлэг сонирхоно. Дуртай нэвтрүүлгээ гарахаар өвгөн зурагтын удирдлагаа чанга гэгч нь атгаад суучихдаг гэнэ лээ. Тиймээс эзэгтэй саяхнаас гал тогооны өрөөндөө өөрийн эзэмшлийн зурагттай болсон юм байх. Гал тогооны өрөөндөө гэрийн эзэгтэй өвгөнийхөө хоолыг дэс дараатай бэлтгээд тавьжээ. Өглөө айраг, дараа нь татсан махтай будаа, үдээс өмнө ааруул, үдээс хойш аарцтай хайлмаг гээд өдөрт идэх хоолыг дарааллынх нь дагуу бэлтгэж тавьсан харагдав. Тэдний унтлагын өрөө рүү орж сонирхоход буурлууд ороо тусад нь салгаж тавьчихаж. Энэ нь гэрийн эзэгтэйн эрт босдогтой холбоотой гэнэ. Тэрбээр өглөө зургаан цагт босдог учраас өвгөнөө хамт сэрээчих гээд байдаг болохоор ийн ороо салгаж тавьсан гэв.
Энэ мэт элдвийг ярих зуур, том өрөөнд буй шилэн хорго сонирхол татаад байгааг хэллээ. Тэнд гэрийн эзний хамгийн нандин гэсэн бүхэн нь хураалттай байх шиг. Энэ шилэн хоргонд баргийн хүн гар хүрдэггүй. Түлхүүр нь өвгөнд байгаа гээд, эмээ толгой дохив. Харин гэрийн эзэн хаанаас ч юм шилэн хоргоны түлхүүрийг гаргаж ирээд доторх эд зүйлсээ үзүүлэв. Энэ хоргыг хэдэн жилийн өмнө шилэн хийцийн хувийн компанитай хүүхдүүд нь хийж бэлэглэсэн байна. Тэр дотор хөдөлмөрийн баатрын тэмдэг, үнэмлэх, баярын болон жуух бичгүүд, өргөмжлөл, 1969 онд гардсан саятны диплом, Чөлөөлөх дайны ялалтын ойн дурсгалын медалиуд өрөөстэй байв. Мөн өөрийнх нь тоглох дуртай шатар, шагай, өөрийнх нь дурдатгал хоёр ч номоо тавьжээ. Нэг нь “Саятны уянга” нэртэйгээр 1988 онд хэвлэгджээ. Харин нөгөө нь 2002 онд “Мэдлэг мэргэжил сэтгэл зүтгэлийн үр шим” нэртэйгээр хэвлэгдсэн байна.
Саяын цагаан сарын өмнөхөн хоёр бууралд “Хаан аав, хатан ижий” өргөмжлөлийг “Монголын манлай ижий” холбооноос гардуулжээ. Энэ үеэр авто баазын ахмадын хорооноос тэдэнд хос хунгийн сувинер бэлэглэснийг гэрийнхээ хойморт залсан нь их гоё, бас романтик харагдав. Энэ айлын хувьд хамгийн үнэ, цэнэтэй дурсгалтай зүйл юу байдгийг асуув. Тэгтэл Л.Самбуу-Ёндон гуай буйдан дээр байгаа ухаа ягаан дээлийг заав. Нэлээд хуучны гэмээр энэ дээлийг тэрбээр анх гэр бүлийн амьдралаа зохиож, хуримлахдаа өмсч байжээ. Ингэхдээ бүр гэргийтэйгээ хосоор нь оёулж өмсч байсан гэдэг. Хүнээр бол энэ дээл 61 настай. Түүх өгүүлж, хайр шингээстэй энэ дээлээ өвгөн өмсөж зургаа авахуулахаар бэлдээд тавьсан байлаа. Оёдлын машин гээч зүйл байгаагүй тэр үед гэргий нь өөрийнхөө гараар энэ дээлийг урлажээ. Залуу байхдаа өмсч байсан болохоор дээл нь бага зэрэг уртадсан харагдав.
Хэлж ярьсан үг бүр нь нямбай бас тооцоотой хүнийг илтгэх энэ буурайгийнд өнжихөд залуу хүний хувьд амьдралдаа хэрэгжүүлмээр авууштай үг олныг сонссон юм. Оройгоор аравдугаар анги төгссөнийг эс тооцвол жолооч, механикчаас өөр боловсролгүй хэмээн өөрийгөө чамлах ч тэрбээр армид очиж жолооч болсноор өөрийнх нь сайн сайхан амьдрах зам нээгдсэн гэж үздэг.
Д.ЦОГЗОЛМАА
Ч.АННА
URL: