Гадаадад сурч буй залуучууд Монголдоо ажиллах хүсэлтэй байна

Монгол Улсын Засгийн газраас “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хүрээнд “Ногоон хөгжлийн бодлого ажлын байр” сэдэвт гадаадад сургууль төгсөгчдийн уулзалт ярилцлагыг уржигдар орой зохион байгуулсан юм.

Энэ удаагийн уулзалтыг хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл, Байгаль орчин, Аялал жуулчлалын яам, Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Байгалийн ухааны салбарын залуу эрдэмтдийн холбоо хамтран зохион байгууллаа. Уулзалтад дотоодын их, дээд сургуулийн шилдэг оюутнууд урилгаар оролцсоноос гадна гадаадын их дээд сургуулийг төгссөн болон төгсөх гэж буй оюутнууд ирсэн байсан юм.

“Зөгийн үүр” хөтөлбөрийн гол зорилго нь гадаадад сургууль төгсөөд эх орондоо эргэн ирж ажиллаж буй, ажил хайж буй залуусын дунд ажил хэрэг, анд нөхдийн харилцаа холбоо үүсгэх, тэднийг ажил, олгогчидтой уулзуулах, санал бодлоо солилцох, нэгдсэн нэг ойлголцолд хүрэх боломжийг бүрдүүлэхэд чиглэдэг. Мөн гадаадад сурч, ажиллаж буй монголчуудын эх орондоо ажиллах боломжоор хангахад төр, хувийн хэвшил, иргэний түншлэл, оролцоог нэмэгдүүлэх нь уг хөтөлбөрийн үндсэн зорилгын нэг билээ.

Уулзалтын үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан улс орны хөгжлийн ногоон загвар, бодлого, дотоодын хөдөлмөрийн зах зээлээс нөхөгдөхгүй байгаа салбарын боловсон хүчний эрэлт хэрэгцээний талаар танилцуулсан юм.

“Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Хилийн чанадад амьдарч буй иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн албаны дарга Ч.Энх-Эрдэнээс хөтөлбөрийн талаар тодруулсан. Тэрбээр “Засгийн газраас хилийн чанадад сурч буй залуусыг эх орныхоо бүтээн байгуулалтад урин дуудах, түүнд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийг Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй иргэдтэй хамтран ажиллах зөвлөлөөс хариуцаж байгаа.

Мөн хөтөлбөрийг холбогдох төр болон төрийн бус байгууллагууд хамтраад хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд харьцангуй бага буюу жил гаруйн хугацаа өнгөрч буй гэдгийг хэлсэн. Гэсэн хэдий ч гадаадад байгаа иргэдээс эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцъё гэсэн хүсэлт маш их ирдэг. Тийм учраас гадаадад буй иргэдтэй холбоо тогтоох, хэрэгцээт мэдээллээр хангах тал дээр анхаарч ажиллаж байна. Бид 2010 оны долоодугаар сард “Эх орны хөгжилд бидний оролцоо” нэртэй гадаадад сургууль төгсөгчдийн анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулсан юм.

Уулзалтад 26 оронд амьдарч буй 300 гаруй хүн оролцож өөрсдийн санаа бодлыг хэлсэн. Тэр үед залуучууд маань “Эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцмоор байна” гэсэн саналыг тавьсан нь “Зөгийн үүр” хөтөлбөр хэрэгжих үндэс болж өгсөн юм. Үүнээс хойш маш олон уулзалт арга хэмжээ зохион байгуулсан. Өнөөдрийн байдлаар “Зөгийн үүр” хөтөлбөр 1500 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн дэргэдээ “Өндөр боловсрол нарийн мэргэжлийн мэдээллийн сан”-тай болсон” гэж ярилаа.

ХБНГУ-д магистрийн зэрэг хамгаалаад Монголдоо ажиллаж буй В.Октябр хэмээх залуутай ярилцсан юм.

-Та хаана сургууль төгссөн бэ. Одоогоор хаан ажил хийж байна?

-Би 2006 онд ХБНГУ-ын Баверн мужийн Мьюнхен хотын техникийн их сургуульд Газрын харилцаа мэргэжлээр олон улсын магистрийн зэрэг хамгаалахаар явсан. Гадаадад сурахад тэтгэлэггүй бол маш хэцүү. Германы Мьюнхен нэлээд өртөг өндөртэй хот. Иймд би тэтгэлэг олох хэрэгтэй болсон. Энэ асуудлыг шийдэхэд сурч байсан сургуулийн маань профессор маш их тусалсан. Ингээд газрын чиглэлээрээ зэргээ хамгаалаад, тэндээ дадлага хийх маягаар ажиллаж байсан.

Дараа нь Засгийн газраас хэрэгжүүлсэн “Зөгийн үүр” хөтөлбөрт 2011 онд оролцож ажлын байрны санал авсан юм. Монголд үйл ажиллагаа явуулж буй Германы компанид ажилд ороод гурван cap болж байна. “Зөгийн үүр” хөтөлбөр гадаадын орнуудад суралцаж буй шилдэг боловсон хүчнүүдийг эх оронд нь ажлын байраар хангах зэрэг маш олон хэрэгтэй зүйлийг хийж байгаа. Ер нь гадаадад сургууль төгсөөд эх орондоо ирээд аав ээж, ах дүү, найз нөхдийнхөө дэргэд ажиллаж амьдарна гэдэг сайхан зүйл.

-Таныг сурч байх хугацаанд “Сургуулиа төгсөөд эндээ ажиллаач” гэсэн санал хэр их ирж байв. Цалин мөнгөний зөрүү маш их байдаг учраас гадаадад сурч буй залуусын олонхи нь тухайн улсдаа үлдэх сонирхолтой байдаг шүү дээ?

-”Сургуулиа төгсчихлөө. Хаана ажиллах вэ. Хэр цалин авах бол” гэж бүх оюутан боддог. Гадаадын орнуудад сураад тэндээ ажиллавал хамаагүй өндөр цалин авна. Монголд гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд ороод ирчихсэн. Тэрхүү компаниудад ажиллавал цалин нь ялгаагүй өндөр л байна. Гэхдээ гадаадад ажиллаад авах цалингийн хэмжээг гүйцэхгүй нь мэдээж. Монголд төрийн байгууллагын цалин харьцангуй бага. Гэсэн ч гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн хүмүүсийн олонхи нь эх орон, аав ээжээ гэсэн сэтгэлтэй хүмүүс байдаг.

-Та түрүүн “Зөгийн үүр” хөтөлбөрөөр дамжуулж ажлын байртай болсон гэлээ. Хэдэн төгрөгийн цалинтай, ямар албан тушаалд очих бол гэж бодож байв уу. Манай залуучууд шууд л өндөр цалинтай ажилд орохыг хүсдэг юм шиг санагддаг?

-Монголын 50 томоохон компанийг хамарсан 10 том групп ажил санал болгосон. Бүгдэд нь анкет бөглөж өгөөд одоо хийж буй ажлаа сонгосон. Цалингийн хувьд Монгол компаниудын өгч буй цалинг бодвол харьцангуй өндөр.

Тэрбээр ийн ярилаа. Мөн Австри улсад суралцаж буй Р.Өлзийнням “Би Австри улсын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр тус улсын Венн хотод Молекул биологи болон микробиологи чиглэлээр сурч байгаа. Эх орондоо ирэх тун дөхөж байна. Намайг сурч байх таван жилийн хугацаанд Монгол Улс хэр их өөрчлөгдсөн. Ажлын байр хэр их байгаа. Цалин хөлс хэд байдаг талаар мэдэх санаатай ирчихээд байж байна. Австри улсад ажиллах боломж байгаа. Гэхдээ гэр бүлийнхэн маань энд байгаа учраас Монголдоо ажиллах боломж хэр байгааг мэдэхийг хүсэж байна” гэсэн юм. Ерөнхийдөө гадаадад ажиллаж, сурч байгаа залуучуудад Монголдоо ажиллах хүсэл их байгаа ажээ.

Ж.Баттуул


URL:

Сэтгэгдэл бичих