Хосууд хаана болздог вэ?
Зугаатай зун цаг айсуй. Агаар салхинд гарч, амарч зугаалах боломж бүрддэг сайхан улирал ирж байна. Гэвч Улаанбаатар хотод хүүхэд, залууст амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх газар ховор. Энд ч овоолсон шороо, тэнд ч ухсан нүх, хаа сайгүй хашаа барьж, барилга барих хотын гудамжаар алхах ч газар олдохгүй болж. Баар, кафед суухаас өөр сонголтгүй болчихоод байгаа залуусыг архи, тамхинд орлоо гэж буруутгаад ч яах билээ.
Хонхны баяраа хийж буй дээд курсын ах, эгч нартаа баяр хүргээд буцаж байгаа МУБИС-ийн гуравдугаар курсын хэсэг оюутантай уулзлаа. Тэднээс чөлөөт цагаа хаана өнгөрүүлдэг талаар асуухад “Хотод өндөр байшин олноор барьж байгаа нь сайшаалтай ч эргэн тойрны мод бут, цэцэг ногоог үгүй болгож байгаад харамсдаг. Явган хүний зам ч байхгүй болчихоод, бидэнд хөтлөлцөөд алхах ч газар алга. Залуучууд уулзахдаа, хосууд болзохдоо кафе, pub, бааранд л ордог. Ядаж спорт зааланд тоглоё гэхээр олддоггүй.
Сургуулийн заалуудыг байгууллагууд нь гэрээ хийгээд авчихсан байдаг. Чөлөөт цагаа өнгөрөөх газар үнэхээр ховор байна. Кино театрууд, “Зайсан толгой”, “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн”, “Б.Явуухулангийн цэцэрлэг”, “Асашёрюүгийн цэцэрлэг” гээд дуусчих юм. Зуны сайхан үдэш архи, тамхины үнэр шингэсэн битүү орчинд бус гадаа суух цэцэрлэгтэй болохыг хүсч байна. Ядаж л байрны үүдэнд байдаг бичил цэцэрлэгүүдийг битгий устгаа гэж хүсмээр байна” гэсэн юм. Ингээд залуусын нэрлэсэн болон чөлөөт цаг өнгөрөөж болох газруудаар явж үзлээ.
СҮХБААТАРЫН ТАЛБАЙ
Улаанбаатар хотын маань төв талбайд залуусын зугааг гаргачих бүү хэл тайван яриад суух зүлэг мод, сандал суудал алга. Гэхдээ л Сүхбаатар жанжны хөшөөний гинж, шат нь байнгын эзэнтэй. Энд үр хүүхдээ тоглуулж салхилах гэсэн хүмүүс илүү ирнэ. Хөлдөө скит углаж, машин жолоодож, унадаг дугуйгаа унах жаалууд машин тэрэгний аюулаас хол энд л санаа амар тоглох юм.
КИНО ТЕАТР
Залуус архи, дарсгүй орчинд очихыг хүсвэл “Тэнгис”, “Өргөө” сүлжээ, “Соёмбо” кинотеатруудыг зорино. Монголын төдийгүй гадаадын шинэ кино шил, шилээ даран гарч байгаа нь залуусыг уях шалтаг болдог. Ядаж л тэднийг уйдаахгүй шинэ кино хийж байгаа уран бүтээлчдэд талархмаар. Кино театруудад зөвхөн кино үзээд зогсохгүй интернэтээр аялж, автомат тоглоомын газарт нь цагийг өнгөрүүлэх боломжтой.
Гэхдээ л цөөн хэдхэн тоглоомоор хэчнээн цаг тоглох билээ дээ. Кино театр болгон гаднах талбайгаа тохижуулж бага хэмжээний цэцэрлэгт хүрээлэн байгуулж чадвал залуусын цагаа өнгөрүүлэх газар нэмэгдэнэ. Энэхүү санаачлагыг “Соёмбо” кино театрын хамт олон хэрэгжүүлжээ. Тэд “Оскар”-ын хөшөөг гаднаа сүндэрлүүлж, ойр орчмоо хөөрхөн гэгч нь цэцэрлэгжүүлсэн байналээ.
ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛБАЙ
Энэ талбайн зүүн талд “Тэнгис” кино театр байдаг учраас хөл хөдөлгөөн ихтэй. Эрх чөлөөний талбайд Хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн зарим тоглоомууд нүүж ирнэ. 3-4 метрийн өндөрт чөлөөт үсрэлт хийлгэдэг, бөмбөлөгт сууж усан дээр хөвөн тоглох зэргээр зугаацах боломжийг олгодог учраас зундаа “Мини парк” болчихно. Мөн нийслэл хотод маань байдаг цөөхөн хэдэн усан оргилуурын нэг нь энд бий. Зуны халуунд усан оргилуурын дэргэд болзох залуус олон байдаг.
Б.ЯВУУХУЛАНГИЙН ЦЭЦЭРЛЭГ
Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэн хаа очиж залууст ээлтэй газар. Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийн. өмнөхөн байдаг энэ хүрээлэн үзэмжит усан оргилууртай. Олон мянган мод бут тариалсан нь цэцэглэж, өнгөрсөн, одоо, ирээдүйг бэлгэдсэн гурван мөнгөн аяга бүхий усан оргилуур оргилж, “Би хаана төрөө вэ?” хэмээх нэрт найрагчийн шүлгийн мөрөөс хуучин монгол үсгээр сийлсэн нь сонирхолтой.
ЗАЙСАН ТОЛГОЙ
Залуусын төдийгүй Улаанбаатар хотынхны очих дуртай газар бол Зайсан толгой. Өдрийн, үдшийн, шөнийн хэдэн ч цагт энд зам бөглөрөөстэй, машин пиг чихээстэй байдаг. Үр хүүхдээ агаарт гаргах, гэр бүлээрээ салхилах, найзууд уулзах, хосууд болзох цорын ганц газар гээд хэлчихэд хилсдэхгүй. Хүний бөөгнөрөл дагаад худалдаа үйлчилгээ гардаг нь жам. Хорхог, шорлогийн үнэр энд ханхийнэ.
Хэсэг хэсгээрээ дуу дуулж бөөгнөрөн зогсох, хос хосоороо тэврэлдэн суух, зургаа даруулан гүйлдэх гээд залуус энд л ирэх дуртай. Хадтай уулын хэсэгт ихэвчлэн хосууд “хоргоддог”. Уулын нөмөр бараадсан охид залуус яг л хясаан дотор байгаа сувд адил хадтай чулууны бөөрөнд торойж харагдана.
БУРХАН БАГШИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН
Зайсан толгойн баруун талд байрлах Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд залуус тухлах дуртай. Харамсалтай нь дуу чимээ багатай, цэвэр агаарт байх гэсэн хүмүүсийн хүслийг гүйцээх олон сандал энд үгүй. Бурхнаа тойрч алхаад хоёр талд нь байх хонхыг цохиж, хүрдийг эргүүлээд л болчихно. Энд гэрэлтүүлэг сайтай учраас шөнө ч ирэх боломжтой. Гэхдээ 00:00 цагт хашааны хаалгыг хаачихдаг учир шөнийн бурхныг холоос л харж болно.
ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН
Нэгэн цагт залуусыг цуглуулдаг хамгийн том цэцэрлэгт хүрээлэн байсан Парк маань одоо маш жижигхэн талбайтай болсон. Гэхдээ машины зам, хөл хөдөлгөөнөөс хол алхах, зугаалах боломжтой хиймэл нуур, усан онгоцон ресторан нь хосуудад романтик харилцаа үүсгэдэг. Цагных нь хонх дуугарна зөөлөн салхитай нуурынх нь усны намуун давлагаа зуны үдшийг зугаатай болгох нь мэдээж. Хайрттайгаа дэггүйтье гэвэл тоглоомын талбай дахь гулсуураар гулсах зэргээр тоглож ч болно.
ХЯЗГААРЛАГДМАЛ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН
“Шангрилла”-гийн өмнөх усан оргилуур. Хотын төвд байх энэ өндөр барилгын өмнөх цэцэрлэгт
хүрээлэн ашиглалтад орсон цагаасаа л хүний хөлд дарагдсан. Усан оргилууртай учраас зуны халуунд тэр хавиар салхилах гэсэн нийслэлчүүд “Шангрила”-г зүглэнэ. Гэвч машины дуу чимээ, харуул хамгаалалт амар тайван суулгахгүй нь харамсалтай.
БИТЛЗИЙН ХӨШӨӨТЭЙ ГУДАМЖ
УИД-ийн замын урд Б.Цэрэндоржийн гудамж залуусын очих дуртай газрын нэг Эндэх явган зам талбайг байгалийн чулуугаар шинэчилж, хуучин усан оргилуурын оронд 7.5×26 хэмжээтэй аялгуут усан оргилуур хийжээ. Мөн сандал, хогийн сав байрлуулж, ногоон байгууламжийн зүлэгг талбайг шинэчлэн, Битлзийн хөшөөний хэсгийг сэргээж, гэрэлтүүлэг хийсэн нь гоёл чимэглэлээ зүүсэн бүсгүй шиг харагдана.
Уг талбайг түүх дурсгалын, залуучуудын хосын хэсэг гэсэн гурван хэсэгтэй. Түүх дурсгалын хэсэгт үндэсний бахархал болох гурван метр өндөр морин хуур, Ардын засгийн зургаа дахь Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн хөшөөг сэргээн засварласан нь өнгө нэмнэ.
Өнөөдөр Улаанбаатарын залуус эдгээр газраар л зугаалж, болзож байна. Уг нь дүүрэг бүр өнгө үзэмжтэй усан оргилуур, бичил цэцэрлэгт Хүрээлэн байгуулдаг бол залуус гэлтгүй нийслэлчүүдийн магнай тэнийх биз.
Х.Монголхатан
URL: