Мино: Би өөрийгөө загвар өмсөгч гэж боддоггүй
БНСУ-ын залуу одод болон Ази тивийн шинэ уран бүтээлчдийн дунд зохиогддог “Dream team” наадамд амжилттай оролцсон дуучин Мино буюу Т.Номинтой ярилцлаа.
-Солонгост зохиогдсон Азийн шинэ дүр төрх шалгаруулах наадамд амжилттай оролцоод ирсэн. Бусад орны уран бүтээлчдээс сурах зүйл их байв уу?
-Танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Би дуучин С.Амарбаясгаланттай хамт Солонгос Улсад зохиогдсон Азийн орнуудын шинэ залуу дуучдын наадамд оролцоод ирлээ. Энэ наадамд оролцох саналыг анх “Сансар” кабелийн телевизийн хамт олон тавьсан. Азийн нэр хүндтэй наадамд шинэ залуу дуучдаас гадна Солонгосын уран бүтээлчидтэй нэг тайзнаа гарахад сайхан санагдсан. Тухайн үед Мапайз, Сингапур, Таивань, Энэтхэг, Хятад, Япон орны шинэ залуу уран бүтээлчид оролцсон. Гэхдээ ганц дуу гэлтгүй тухайн үед зохиогдсон бүхий л шалгаруулалт, тэмцээнд өрсөлдсөн. Тэр дундаа спортын төрөл их өрсөлдөөнтэй байсан шүү. Дуучин С.Амарбаясгалант эрэгтэйчүүдийн дунд зохион байгуулсан тэмцээнд амжилттай оролцсон. Харин миний хувьд эх орноо төлөөлөн оролцоод “Азийн шилдэг дүр төрх” номинацийн эзэн болсондоо баяртай байгаа.
-Таны хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь аль улсын оролцогч байсан бэ?
-Оролцогч бүр эх орноо төлөөлж байгаа болохоор байдаг л авьяас чадвараа гаргасан. Энэ утгаараа бүгд л өрсөлдөгч байсан. Гэхдээ эх орондоо байгаа учраас Солонгосын хамтлаг, дуучид илүү хүчтэй байсан шүү.
-“Sound of kiss ” хамтлагийн гишүүн байсан. Одоо хамтлагийнхантайгаа холбоотой байгаа юу?
-Манай хамтлагийн охид ээж болсон. Хамтлагийн гишүүн Номин Солонгост сурч байгаа. Харин Золоо айл гэрийн гэргий, хөөрхөн хүүхдийн ээж болсон. Манай хамтлагийн ахлагч Уянга Швейцарьт хүнтэй гэрлээд, ээж болох гэж байгаа гэж сонссон. Чэмка маань ээж болсон ч хүсэл мөрөөдлөө орхилгүй “Ноnеуmооn” хамтлагг орсон.
-Та Солонгост бага анги дүүргэсэн гэл үү?
-Би нэгдүгээр ангиа төгсөөд Солонгосын Ожимбү хотын Мудан Хакү гэдэг охидын сургуульд сурсан. Тийм болохоор “Dream team” наадамд оролцоход солонгос хэл гадарладаг маань хэрэг болсон. Ойрд Солонгос яваагүй болохоор сайхан санагдсан шүү.
-Мино гэдэг нэрийг хэн өгсөн бэ?
-Би “Эра” төвд сурдаг байсан. Тэр үед Номин гэдэг нэртэй хүн олон байсан болохоор багш маань энэ алдрыг өгсөн. Түүнээс хойш Миногоороо хүмүүст танмгдаад одоо жинхэнэ нэр юм шиг л болсон байна.
-Таныг жүжигчний мэргэжлээр сурч байгаа гэж сонссон. Аль сургуульд сурдаг вэ?
-Би “Сити” дээдсургуулийн жүжигчний хоёрдугаар ангид сурдаг. Одоогоор хичээл амарчихсан. Ер нь багаасаа л жүжигчин болно гэж мөрөөддөг байсан хүсэл минь намайг энэ мэргэжил рүү хөтөлсөн. Жүжигчний мэргэжил хэцүү ч хүнд аз жаргал бэлэглэдэг. Бүх дүрд хувирч, амьдардаг болохоор хамгийн сайхан мэргэжил. Цаашдаа жүжигчнийхээ мэргэжлээр ажиллах бодолтой байгаа.
Энэ мэргэжлийг эзэмшье гэхэд ээж маань их дургүйцсэн. СУИС-д гэрийнхэндээ хэлэлгүй нууцаар шалгалт өгсөн. Сургуульдаа тэнцсэн ч гэрийнхнийхээ зөвлөснөөр ХУИС-д орсон. Гэсэн ч дургүйд хүчгүй гэгчээр удалгүй жүжигчнээр сурахаар шийдсэн. Одоо гэр бүлийнхэн маань миний хүсэл мөрөөдлийг ойлгодог болсон.
-“New face” загварын шинэ дүр төрх шалгаруулах тэмцээнд оролцож топ модель болсон. Одоо энэ чиглэлээрээ ажиллаж байгаа юу?
-2006 оны “New face” наадмын топ моделиор шалгарч байсан. Тухайн үед би бөгтийж явдаг байсан юм. Тэгээд л ээжийнхээ зөвлөснөөр алхаа, гишгээгээ засах гэж загварын агентлагт орсноор энэ нэр алдрыг хүртэх завшаан тохиосон. Гэхдээ би өөрийгөө загвар өмсөгч гэж боддоггүй. Сурах зүйл их байна.
-“Хатариш”-ийг дуулах саналыг С.Амарбаясгалант Та хоёрын хэн нь анх гаргасан бэ?
-Би энэ дууг анх дуулна гээд төлөвлөчихсөн байсан. Тэгээд эрэгтэй дуучинтай дуулбал илүү хүнд хүрэх байх гэж бодоод С.Амарбаясгалантад хамтран дуулах санал тавьсан юм. “Хатариш” дуу хүмүүст амархан хүрсэн. Тухайн үед хүмүүс “Хоолой чинь дутуу гарч байна” гэж шүүмжилж байсан.
-Та хоёрыг үерхдэг гэж ярих болсон. Энэ үнэн үү?
-С.Амарбаясгалант бид хоёр сайн найзууд. Тэгээд ч С.Амарбаясгалант найз охинтой. Би ч гэсэн үерхдэг. Удахгүй сүй тавина.
-Таныг УГЖ Т.Ариунаатай хамтран тоглосон клипээр хүмүүс андахгүй. Тухайн үед Та өөрөө дуугаа дуулсан уу?
-Тэр дууг би дуулаагүй. Тухайн үед дуулсан охин нь Америкт сурч байсан. Би энэ клипэнд Т.Ариунаа эгчтэй тоглосондоо их баяртай байдаг.
-Цаашдын төлөвлөгөөнөөсөө сонирхуулаач?
-Хэсэг хугацаанд уран бүтээл хийхгүй. Уран бүтээлч хүн урлагаараа дагнаад явахаар ар гэрийн амьдрал орхигдох гээд байдаг. Тийм болохоор завсарлага авч хэсэг хугацаанд өөрийнхөө боловсролд анхаарах төлөвлөгөөтэй байна.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: “Монголын Үнэн”
URL: