Н.Энхбаяр хүү Э.Батшугарын хамт УИХ-ын сонгуульд нэр дэвшсэний шалтгаан тодорхой боллоо
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн нэр дэвшигчид урьдчилсан байдлаар тодорхой болсон. Уг жагсаалтад МАН-аас угшилтай олон эрхэмүүд багтжээ. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, Завхан аймгийн засаг дарга асан П.Гансүх, БОАЖ-ын сайд асан Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Чулуунбат, Д.Тэрбишдагва, гавъяат хуульч С.Нарангэрэл, Татварын Ерөнхий газрын дарга асан Ц.Оюунбаатар зэрэг улс төрчид Н.Энхбаярыг дагажээ. Эдгээрээс хамгийн хайран нь өмгөөлөгч С.Нарангэрэл юм. Тэрбээр МАН-д дургүйдээ, МАХН-д хайртайдаа элсээгүй аж. Харин Ц.Нямдоржийг үзэн яддагтаа л МАХН-д элссэн гэж эх сурвалж мэдээллээ. Монголдоо толгой цохих өмгөөлөгч гэгддэг С.Нарангэрэлийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн болгох гэхэд нь Ц.Нямдорж тэргүүтэй хүмүүс эсэргүүцээд огцруулсан юм.
Үүний зэрэгцээ МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн жагсаалтын зургаадугаарт Н.Энхбаярын хүү Э.Батшугар эрэмбэлэгдсэн нь ихээхэн анхаарал татаж байна. Н.Энхбаяр хүүгээ дэвшүүлснээрээ Монголын улс төрийн түүхэнд нэгэн этгээд, сонирхолтой хуудас нэмлээ. Учир нь аав хүү хоёр нэг намаас нэр дэвшиж байсан түүх үгүй юм. Тийм түүхийг Н.Энхбаяр эхлүүллээ.
Саяхан аавыгаа баригдах үеэр анх олны өмнө гарсан Э.Батшугар тун богино хугацаанд нийтийн анхаарлын төвд орж ирсэн. Одоо улс төрд орж ирэхээр эргэлт буцалтгүй тэмүүлж байна. Аав, хүү хоёр намынхаа листэнд зэрэг шахам орж ирснийг зарим хүмүүс эрүүл бус үзэгдэл гэж дүгнэж эхэлсэн. Гэвч учир мэдэх хүмүүс үүнийг өөрөөр тайлбарлаж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Н.Энхбаярыг зургаадугаар сарын дөрвөнд яллахгүй. Харин сонгууль дөхүүлж байгаад яллахаар бэлтгэж байгаа аж. Энэ нь хэнд ашигтай вэ? гэдгийг үндэслэлтэйгээр тайлбарлах хүн цөөн.
Юутай ч гэсэн Н.Энхбаярыг яллах хангалттай нотлох баримт байгаа гэсэн яриа сүүлийн үед эрчимтэй тарж байна. Хэрэв энэ үнэн бол түүнийг яллах нь тодорхой. Нэгэнт ял авсан бол Н.Энхбаяр УИХ-ын гишүүн болох боломж нь хаагдана. Тэр үед Э.Батшугар яах гэж нэр дэвшсэн нь тодорхой болно. Өөрөөр хэлбэл аав нь сонгогдож чадахгүй бол хүү нь гишүүн болох гэсэн зорилго агуулж байгаа бололтой. Ийм зорилгоор л Н.Энхбаяр хүүгийнхээ хамт листэнд нэрээ бичүүлжээ. Түүнийг хамтран зүтгэгч бараг бүх л нөхөд нь хулхидсан. Бас зарим нь нүүр буруулсан. Одоо түүнд цөөхөн хүн үнэнч үлджээ. Мэдээж жирийн иргэд түүнийг хүндэтгэдэг хэвээр байна. Тиймээс өөрийн хүүдээ л итгэж байгаа бололтой. Э.Батшугар гэж хэн бэ?
Тэрбээр АНУ-д дунд сургууль төгссөн. Үргэлжлүүлээд Массачусетс мужийн Бентли Их сургуулийг дүүргэжээ. Тэгээд Швейцарь-Монголын худалдааны танхимын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Одоо “Ремиф” компанийн захирлаар ажилладаг гэсэн богинохон намтартай залуу хүү Монголын улс төрийн тогоонд хөл тавихаар зүтгэж байна.
Холбоотой байя!
www.24tsag.mn
URL: