Нэр дэвшигчид гарааны зурхайд ирлээ
МАХН-МҮАН нэгдлээс өндөр настнууд болон аснууд өрсөлдөнө Энэ өдрүүдэд улстөрийн 11 нам, хоёр эвслээс нэр дэвшигчдээ тодруулж, нэр дэвшигчид гарааны зурхайд ирж байна. Гарааны зурхай дээр хөгшин залуу, эрдэмтэй эрдэмгүй, мөнгөтэй мөнгөгүй олон зуун өрсөлдөгч ирлээ. Лхагва гаригийн байдлаар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлэг, ИЗНН нэр дэвшигчдээ тодруулжээ. Мөн өчигдөр МАН-ын Бага хурал, АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар нэр дэвшигчид тодрох байсан ч дугаар шилжих мөчид хурал өндөрлөөгүй байсан юм. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн намын жагсаалтыг эдүгээ батлан даалтад байгаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тэргүүлж, УИХ- ын гишүүн Ч.Улаан, УИХ-ын гишүүн асан Н.Батцэрэг, гавьяат хуульч С.Нарангэрэл, Батлан хамгаалахын сайд асан М.Сономпил, Гадаад хэргийн дэд сайд асан Ц.Цолмон, ҮТЕГ-ын дарга асан Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд асан Ж.Батбаяр гээд хэсэг аснууд удаалсан байна.
Харин Дорнодод эдийн засагч Ч.Хурц, Өвөрхангайд гавьяат тамирчин З.Ойдов, Өмнөговь аймагт их эмч н.Аварзэд, Увсад Б.Давааням, Сүхбаатарт эдийн засагч С.Авирмэд, Баянгол дүүрэгт эдийн засагч Н.Дашзэвэг, Архангайд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн дэд сайд асан Н.Удвал Орхонд ХЗДХ-ийн сайд асан Л.Цог гэх мэт хэдэн өндөр настан өрсөлдөх нь. Иймээс МАХН-МҮАН нэгдлээс ирэх сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид өндөр настнууд болон аснуудаас бүрдэж байгаа нь хамгийн гол онцлог юм. Энэ аснууд, өндөр настнууд ялах, ялагдах эсэх нь хамаагүй, УИХ- ын сонгуульд өрсөлдөж намтраа баяжуулж байгаа нь л нэн сонирхолтой. Бас нэг сонирхол татсан зүйл бол Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүү жагсаалтын наймд эрэмбэлэгдсэн байна. Гуравдагчдын орон зайд хүчтэй тоглогч болохыг мөрөөдөж байгаа уг эвслээс Ерөнхий сайд асан М.Энхсайхан Дархан-Уул аймагт нэрээ дэвшүүлж байгаа нь бас л олны сонирхлыг татна. Аливаа улс оронд гуравдагчдын хүчтэй орон зай гэж байдаггүйг мэддэг ч тэд ийнхүү тэмүүлсэн зорилгынхоо өөд эргэлт буцалтгүй тойргуудад элчээ илгээлээ.
ИЗНН-аас ТББ болон жижиг компанийн захирлууд зодоглох нь
Гуравдагчдын орон зайд мөн л цахиур хагална гэсэн бодол өвөрлөж яваа ИЗНН-ынхан ч энэ өдөр нэр дэвшигчдээ тодруулж, УИХ-ын тойрог бүрт элчээ илгээсэн юм. Энэ намынхны жагсаалтад “Бүргэд хайрхан” компанийн захирал Х.Баяддолдой, “Зэс эрдэнийн хувьцаа” компанийн захирал Д.Алтанхуяг, “Хүчит зам” компанийн захирал н.Нямцэвээн гэх мэт жижиг компанийн захирлууд багтжээ.
Түүнчлэн “Их засаг” их сургуулийн Сургалтын албаны дарга Р.Булгамаа, Орхон аймгийн ҮЭ-ийн холбооны дарга М.Батцоож гэх мэт хэн ч танихгүй нөхдийн нэр ч жагсаалтад багтсан байна. Харин тойргуудад ИЗНН-ын дарга УИХ-ын гишүүн С.Оюун, ХААҮТ-ын дарга С.Дэмбэрэл нар хүч үзэж, бусад нь бас л хэн ч мэдэхгүй нөхөд нэрээ дэвшүүлжээ. Дэндүү арга ядсан гэмээр дэвшигчид УИХ-д хүч үзэх гэж байгаа нь олон хүний гайхшралыг баржээ. “Нүүдэл трейд” компанийн захирал Ц.Энхтуяа, судлаач Б.Наранзул гэх мэт нөхөд ард түмнээ төрд төлөөлнө хэмээн нэрээ дэвшүүлжээ. Тэр ч бүү хэл Дорнод аймгийн малчин Н.Даваасүрэн гэгч хүртэл нэрээ дэвшүүлсэн байх юм. Төрийн жолоо атгалцах хүмүүст ямар ч шалгуур тавилгүй сонирхлынх нь дагуу тодруулж байгаа нь хэний ч уурыг бармаар.
“Лэди” төвийн захирал Р.Лхагвадулам, пастор Б.Дүгэрмаа гэх мэтийн хүнээр улстөр ч, ард түмэн ч дутахгүй. Ийм хүмүүс нэр дэвшлээ ч сонгогдохгүй нь тодорхой. Энэ намаас жагсаалтад 28 хүн, тойргуудад 40 орчим хүн нэрээ дэвшүүлжээ. Эдгээр нэр дэвшигч гол төлөв төрийн бус байгууллагын тэргүүнүүд, компанийн захирлууд байх аж. Түүнчлэн сэтгүүл зүйн армиас хэд хэдэн хүн байна лээ. Харин УИХ-ын гишүүн Д.Энхбат ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй хэмээн тахимаа өгсөн бөгөөд сонгуулийн ерөнхий менежерийн алба хаших гэнэ. Тус намынхан сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө “Амьдрал” хэмээн нэрлэсэн бөгөөд “Хотын амьдрал”, “Хөдөөгийн амьдрал”, “Хувь хүний амьдрал”, “Улс орны амьдрал” гэсэн бүлгүүдтэй аж.
АПУ-ийн П.Батчимэг, Э.Бат-Үүл, Д.Баттулгаас бусдыг нь хэн ч танихгүй
Нийслэлийн удирдлагыг гартаа авах туйлын хүсэлдээ хөтлөгдсөн АН-ынхан сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж ахуй үед УИХ, орон нутгийн сонгуулийг хамт явуулахаар завсарлага авч, элдэв арга хэрэглэсээр байгаад УИХ, НИТХ-ын сонгуулийг хамт явуулахаар болсон. Тийм ч учраас НИТХ-д ихээхэн ач холбогдол өгч, нийслэлийн 30 тойрогт нэр дэвшигчдээ тодруулж, жагсаалтаар орж ирэх 15 хүнээ ч нэрлэсэн юм. Нийслэлийн АН- ынхан нэр дэвшигчдийг санал авсан дарааллаар эрэмбэлэхэд улсын баатар Э.Бат-Үүл тэргүүлж, удаах байрт Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулга орсон нь яах аргагүй танил хүмүүс. Гайгүй таньдгаас “АПУ” ХК-ийн Г.Батхүүгийн дүү П.Батчимэг айргийн дөрөвт эрэмбэлэгдсэн нь олны анхаарлыг татаж байв. Мэдээж түүнийг ямар нэгэн гавьяагаар нь бус архи, пиво үйлдвэрлэдгээр нь илүү танина байх. Түүний дараагаар Н.Гантөмөр, Д.Хүрэлбаатар, А.Гантулга Г.Сүглэгмаа гэх мэт ямар алба хашдаг нь тодорхойгүй нөхдийн нэр цуварна билээ. Энэ мэтчилэн зүс үл таних “гарууд” нийслэлийн агаарын бохирдол, барилга орон сууц гэсэн хуучин зүйлсээ ярин сонгуульдах нь.
АН-ын ҮЗХ-ны хурал гишүүдийн цухлаар эхлэв
Монголын улстөрийн хоёр их хүчин өчигдөр нэр дэвшигчдээ тодруулахаар Тусгаар тогтнолын ордон, Төрийн ордонд хуралдав. АН-ын ҮЗХ-ны хурал эхлэх үеэр ҮЗХ-ны зарим гишүүд хэвлэлийнхэнд хандан уурсав. Тухайлбал, Увс аймагт нэрээ дэвшүүлж байгаа НХХ-ийн дэд сайд асан С.Нямхүү, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан нар мөнгөөр зодож мандат авлаа гэх хэрүүлийг ҮЗХ-ны гишүүн Увс нутгийн уугуул ҮЗХ-ны гишүүн Н.Тэгшбаяр гаргав. Түүнчлэн ҮЗХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ “Баянхонгорын намын үүрийн хурлаас нэр дэвшихээр шалгарсан ft энд ирсэн хойно Х.Баттулгаас эхлээд мөнгөтэй хүмүүс бидний өмнүүр орж байна” хэмээн уурсч байв. Мөн Дорноговь аймгийн Засаг дарга, ҮЗХ-ны гишүүн П.Ганхуяг “Миний хувьд аймагтаа Засаг даргаар дөрвөн жил ажилласан. Ард түмний дунд хийсэн бүтээсэн зүйлтэй хүн. Гэтэл намаас нэр дэвшүүлэхгүй гэж байна. Хэрвээ намаас мандат өгөхгүй бол бие даасан ч яахав” хэмээн бухимдлаа нууж чадахгүй явлаа. Энэ мэтчилэн гишүүдийн цухал ийнхүү сэтгүүлчдээр өртөөлөн хурлаа эхлүүлэхэд Төрийн ордноос сэтгүүлчдийг гаргасан юм. Уг нь 15 цагаас эхлэх ёстой байсан хурал 17 цагт болж хойшлоод, сүүлдээ хоёр цаг шахам хүлээлгэсний эцэст хаалттай хуралдаж эхлэв. Хурлын өмнө хуурай агсарч байгаа гишүүдийн төрхийг харахад ҮЗХ-ны хурал нэлээд ширүүн болж өндөрлөх шинжтэй байна.
С.Ууганбаяр
URL: