Долоо хэмжиж, нэг огтлохын учир
- Ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээг хэлхэж чадах аваас тогтвортой, хурдтай, оюунлаг төр бүрдэх учиртай -
Төрийг мэргэн жолоодох гурван үндсэн шалгуур байх аж. Ухаантан мэргэдийг өндөр тушаалд гаргахгүй бол ард түмэн мэргэн ухааныг хүндлэхээ болино. Ухаантай хүмүүст чамлалттай цалин өгөх юм бол ард түмэн тэдний хийж буй ажлын чухалд итгэхгүй. Хүмүүсийг ухаантан мэргэдийн захиргаанд оруулж өгөхгүй бол ард түмэн саруул шударга ухаанаас эмээхгүйд хүрнэ… хэмээн Хятадын гүн ухаантан До Ми хэлжээ.
Энд ухаантны дээд нь ард түмэн тэднээр шүүгдэн байгуулагдах төрийн чадамжийн тухай өгүүлжээ. УИХ-ын сонгуулийн ээлж ирсэн энэ өдрүүдэд улс төрийн намууд чухамхүү хэнийг сойж ард түмэн хэмээх ухаантнуудад шигшүүлэхээр илгээхээ ярьж хэлэлцэж үндсэндээ дуусч байна. Маргааш МАН, AH хэмээх хоёр том хүчин нэр дэвшигчдээ зарлана. Гуравдагч хүчин үгүйлэгдэж байна хэмээн ярих боловч олон ч тийм хүчин байгуулагдаж, олонхын дэмжлэгийг эс авав. Тэгэхээр тулаан хоёр том намын дунд болох нь ойлгомжтой. Энэ нь ч өөрөө сонгодог парламентын засаглал руу явж буй манай улсын нам ба улс төрийн төлөвшлийн илрэл.
Намуудын интституцчилэгдсэн байдал буюу зохион байгуулалт, туршлага, боловсон хүчний нөөц аль ч утгаар нь бодсон гол өрсөлдөөн энэ хоёр намын дунд болж, дараагийн төрийн эрхийн алтан жолоог атгуулах биз. Иймд хүссэн хүсээгүй хоёр том нам өндөр үүрэг, хариуцлагатайгаар сонгуульд орно. Улс төр хөөсөрсөн үедээ эрх баригч намууд түүний дотоод руу өнгийж, аль өнгөтэй өөдтэйг шавар шалбаагт хутгах, Засгийн газрыг шүүмжлэх нь байх ёстой ба байдаг л үзэгдэл. Энэ л ёсоор сонгуулийн өмнөх жилүүдийн улс төр өрнөдөг. Хэчнээн ч жил давтагдав. Сонгуульд өнөөх хоёр л гарч ирдэг. Энэ бол хоёр намын систем зонхилдог сонгодог парламент улам бүр хэлбэршин тогтож буйг нотолсоор байгаа хэрэг бөгөөд мөнөөх ухаант ард түмэн тэр л сонголтоо хийсээр байгаа нь онол практикийн нийлэмжийг баталж байна. Нөгөөтэйгүүр засгийг хэдий чинээ шүүмжилнэ түүний залгамж бодлогын үр дүн амьдралд гарсаар байх тул мөнөөх л засгаа ард түмэн сонгодог ажээ.
Амьдрал, онолын энэ огтолцоон дээр дахин нэгэн сонгууль болох гэж байна. Тиймээс том хэмээх намуудад хэлэх хэдэн үг байна аа. Боловсон хүчний хувьд Ардын нам яах аргагүй том. Энд уламжлал, шинэчлэл маш сайн хадгалагддаг. Яг үнэндээ 1990 оноос хойш хэд хэдэн үеийн шинэчлэл явагдсан. Залгамж халаа ч сайтай байгаа. 2000 оноос хойш төрийн эрх барьсныхаа төлөө шүүмжлэлийн бай болсон боловч энэ удаа гарч ирэх боломж нь байж л байгаа. Яагаад гэвэл монгол сэтгэхүй тогтвортой бөгөөд найдвартай бас ачааг хэн үүрч ирснийг үнэлж чаддаг. Гэхдээ түрүү түрүүчийн сонгуулиас илүү олон нөхцөлт байдал бий болсон. Намын нэр сольсон, МАХН хэмээх байгуулагдсан гэх мэт. Гэвч нэр солих бол хэзээ нэг цагт хэн нэг нь хийх байсан тул энэ асуудал биш. Сонгогчид ч хэдийнээ нэрэнд дассан. Магадгүй МАХН байгуулагдаж МАН-д эдний ялгааг маш сайн ойлгуулж тус болоогүй бол төөрөгдөл удаан үргэлжлэх байсан биз. Зоримог, зовж чичлүүлж байгааг нь тооцохоор МАН-д ялалтын туг хадгалагдсаар байгааг үгүйсгэх аргагүй үнэн. Гэхдээ мэдээж хэрэг сайн хүмүүсээ шигшин гаргаж ирж чадвал шүү дээ.
Хөгшчүүдээс салъя, эсвэл шинэ үеийн баячууд, томчуудын хүүхдүүд улс төрд орж ирэх гэж байна гэх мэт шүүмжлэлүүдийг үл тоосон нь дээр байх. Хорвоогийн жамаар наслах нь хэний буруу, хэний цээрлэл гэж. Эцэг, эх хөрөнгө мөнгөтэй байх нь хүүхдүүдийн амьдарч, хувь заяаг бас цээрлүүлэх үү. Ахмадад эрдэм, туршлага, залууст орчин үеийн боловсрол, эрч хүч байна. Иймд ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээг хэлхэж чадах аваас тогтвортой, хурдтай, оюунлаг төр бүрдэх учиртай. Нөгөөтэйгүүр залуус бүү яараасай. Сүүлийн үед залуус ахмад тэр битгий хэл дунд насныхан руугаа дайрах явдал улс төр, нийгмийн аль ч хүрээнд элбэгших болсон. Хөрөнгө мөнгө, эрх тушаалаар түрээ барих явдал ч газар авах шинжтэй. Хэдий чинээ эрт өндөрт гарах аваас түүнээс буух тун хэцүү, магадгүй чанга ойчихын ч цондон биз. Энэ мэт хөгжлийн явцад гарч буй үзэгдэл, амьдралын гүн дэх үнэн байдал, олны үг, хүн хүчний тэнцвэрт байдлыг хадгалсан чухамхүү долоо хэмжиж, нэг огтлох нарийн шүүлтүүрийг улс төрийн ууган хүчин МАН хийх бизээ.
Ардчилсан нам зарим шинэ залуу улстөрчдөө анхан шатны байгууллагаас гаргаж ирсэнгүй нь харамсалтай. Залуу үеэ гаргаж ирэх хүсэлгүй, шинэчлэл явагддаггүй нь нэр нь ардчилсан, нидэр нь хуучинсаг болохын бодит жишээ, дотоод зөрчлийг илтгэв. Гэвч үүнийг алдаа хэмээн дүгнэх нь арай эрт байна. Засах боломж, хугацаа ч байна, нөгөөтэйгүүр хэтэрхий их бүлэглэлийн тулаан хийвэл төрд та бүхнийг илгээхгүй л болов уу.
Учир нь сонгуулийн эцсийн үр дүн ба Монгол төрийн бүтэц нэг л хэв шинжийг агуулсан байх учиртай. Энэ бол шигшмэл, цуллаг буюу нэгдмэл байх эрх ашиг юм.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ
URL: