АТМ-аас их хэмжээний мөнгө хулгайлсан украйн иргэдийг баривчлав
Банкны бэлэн мөнгөний машин буюу АТМ-аас хуурамч карт ашиглан их хэмжээний мөнгө залилсан этгээдүүдийг Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид илрүүлжээ. Тодруулбал, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх дүүрэгт байрладаг банкны АТМ-уудаас их хэмжээний мөнгө алдагдсаныг ХААН банкны ажилтнууд мэджээ. Улмаар энэ тухай мэдээллийг цагдаагийн байгууллагад уржигдар өгсөн байна. Мэдээллийн дагуу шалгахад Украин улсын иргэн 33 настай Сергей, 24 настай Юрий нар хуурамч карт ашиглан 13 удаа АТМ-аас нийтдээ 100 сая төгрөг авсан нь тогтоогджээ. Цагдаагийнхан тэднийг “Өвөрмонгол” зочид буудалд байрлаж байхад нь шөнийн 02.00 цагт баривчилсан байна. Тэд АТМ-аас хулгайлсан мөнгөө 46 мянган евро болгосон байжээ. Мөн 700 мянган төгрөг, бэлэн мөнгөний хуурамч карт хадгалж байсныг нь хурааж авсан байна.
Сергей, Юрий нар энэ сарын 18-ны өдөр ОХУ-аас жуулчны визтэйгээр Монголд иржээ. Улмаар өчигдөр Москва руу нисэхээр билет авсан байжээ. Тэд Украйнд хувиараа бизнес эрхэлдэг байсан бололтой.
Энэ хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа аж.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: