Сонгуулийн хувьсгал ба засгийн албат
Төрийг хүнээр төлөөлөн ойлгодог төөрөгдлөөс салах цаг иржээ. Төрийг ерөнхийлөгч, ерөнхий сайд, далан зургаан гишүүдийг хэлнэ хэмээн ардчилсан ёсноос гажууд зүйл ярьж яваа нь эрх баригчдын улс төрийн наад захын мэдлэг боловсролгүйг илтгэнэ. Ард түмнээсээ томилолт аван гарч ирсэн албатууд төрийн эзэн болсон ард түмнийхээ дээгүүр өөрийгөө тавина гэдэг бол тэнэглэл. Хаана албатууд өөрсдийгөө төр гэж ойлгоод эхэлнэтэнд дарангуйлал тогтож эхэлсний тэмдэг.
Төр гэж юу вэ? гэсэн асуулт бол хүн төрөлхтний хувьд эртний асуулт. Гэвч одоог хүртэл монголд төрийн тухай нэгдсэн ойлголт алга. Онолынхоо хувьд төр бол товчоор “олон хүний төлөө ажиллах зорилготой бас үүрэгтэй институц буюу байгууллага”. Гэхдээ Эртний Грекийн философич Аристотелийн хэлснээр “төр хамгийн дээд, бүгдийн дээгүүрх зорилгын төлөө тэмүүлдэг, зорьж ажилладаг байгууллага” гэсэн бөгөөд үүгээрээ бусад байгууллагуудаас ялгарна. Өөрөөр хэлбэл төрийн эрхэм зорилго бол ард түмний жаргалтай амьдралыг хангаж, баталгаажуулах явдал. Сайн төр гэдэг бол иргэддээ өөртөө итгэлтэй, бахархалтайгаар амьдрах амьдралыг бий болгож чадсан төрийг хэлдэг.
Монгол үндэстэн төрийн урт удаан түүхтэй. Өнгөрсөн жил Монголчууд төрт улсынхаа түүхийг 2220 жилээр тоолж, тэмдэглэн өнгөрөөсөн. Монголын төрийн туулж өнгөрүүлсэн хугацааг хаант төр, шашинт төр, намт төр хэмээн хуваан үзэж болно. Хаант төр бол монголын төрийн түүхэнд урт удаан хугацааг эзэлсэн бөгөөд хаант төрийн үед хаан хүн төрийг орлож, хааны зарлиг хууль адил хүчтэй үйлчилдэг байсан үе юм. Харин үүний дараа монгол төрийн түүх шашинт төрөөр үргэлжилсэн. Энэ нь товчхондоо шашин төрийг оролсон үе юм. Үүний тод жишээ бол Богд хаан. Тухайн үедээ Богд хаан төрийг орлож байсан.
1921 оноос монголын төрийн түүхэн дэхь намт-төрийн түүх эхэлдэг. Монголын төр гэвэл МАХН-ыг ойлгодог, МАХН гэвэл Монголын төрийг орлодог үе байсан.
1990 оны ардчилсан хувьсгалаар монголчууд хүн төрөлхтний адил ард түмний төртэй болох боломж ирсэн. Товчоор хэлбэл төрийн эзэн нь хаан ч биш, шашин ч биш, нам ч биш харин ард түмэн байх тэр л хүмүүнлэг төрийг байгуулах боломж гарч ирсэн юм. Гэвч тэр боломжийг ашиглаж чадалгүй алдсан. Өөрөөр хэлбэл өмнөх намт төрөө түлхэн унагасан ч ард түмний төрөө байгуулж чадаагүй юм. Нэгэнт л төргүй учраас ард түмнийхээ төлөө гэсэн жинхэнэ улс төр сүүлийн хорин хоёр жил явагдсангүй ээ.Төрийн оронд намууд дураараа дургиж, намуудын хуйвалдаан, талцалаар улс орон туйлдлаа.
Мөнгөтэй бол мундаг хүн гэх хандлагаар хандаж, мөнгөтэй хүмүүсийг төрд гаргаж, мэдлэг боловсролыг орхигдуулсан юм. Улс төрийн онол, улс төрийн боловсрол орхигдож, мэдлэггүй, боловсролгүй хүмүүс олширчээ. Үүний тод жишээ “төр гэдэг чинь би байна” гэсэн үг. Онолоороо бол төр гэдэг хүн биш харин байгууллага. Энэ л төр гэх олон түмний төлөө ажиллах зорилготой байгууллагад ажиллаж байгаа албатууд бол УИХ-ын гишүүд, ерөнхий сайд, сайд нар, мөн ерөнхийлөгч, дээд шүүхийнхэн болон бусад хүмүүс. Энэ бол ард түмнээсээ томилолт аван ажиллаж байгаа л албатууд.
Төрийн албатууд ард түмний төлөө ажиллах засаглалын байгууллагуудад хуваагддаг. Энэ бол хууль тогтоох засаглал буюу УИХ, гүйцэтгэх засаглал буюу Засгийн Газар, шүүх засаглал буюу Дээд шүүх гэсэн гол гурван багана.
Ардчилсан төр гэдэг бол ард түмний төр л гэсэн үг. Тиймээс ард түмэн төрөө хэнээр удирдуулахаа сонгодог. Тиймээс чөлөөт, тэнцүү нөхцөлтэйгөөр тогтмол сонгуулийг явуулдаг. Энэхүү сонгууль бол хэн илүү амалсан бас өөрийгөө шоудсан эсвэл бэлэг сэлт, мөнгө тараасан нь сонгогддог уралдаан биш. Харин өөрийн үндэстнийхээ хүслийг биелүүлхийн төлөө уралдаан байх ёстой. Өөрөөр хэлбэл монгол үндэстний хүслийг биелүүлхийн төлөөх уралдаан.
Тэгвэл монголчуудын хүсэл юу вэ? Монголчууд гурил будаа, мах сүү хүсдэг жижиг үндэстэн биш. Тэгвэл монгол үндэстэн юу хүсээд байна вэ? Монголчуудын хүслийг таньж байна гээд очижхүн бүрээс асуугаад байх биш харин түүх соёл, амьдралыг судлан хүслийг нь тодорхойлон таних ёстой.
Монгол үндэстний хүсэл төрийн бодлогын суурь болж, ямар бодлого хэрэгжүүлэхийг тодорхойлох учиртай юм. Төр ард түмнийхээ хүслийн эсрэг яваад байж болохгүй. Тиймээс л юун түрүүнд монгол үндэстний хүслийг таньж, мэдэх ёстой. Хэрэв хүслийг нь таниагүй, мэдээгүй гэвэл монголчуудаа таниагүй л гэсэн үг. Нэгэнт монголчуудаа таниагүй, юу хүсээд, хүлээгээд байгааг мэдээгүй бол юу ч хийж чадахгүй. Хийсэн зүйлс нь үр дүнгүй болно. Яагаад гэвэл хүсээгүй зүйл нь учраас.
Монгол үндэстэн яг юу хүсээд байна вэ гэдгийг мэдсэн цагт жинхэнэ ард түмний улс төр эхэлнэ. Улс төр гэдэг бол хор найруулах, нэгнийгээ шантаачлах биш. Бас хоорондоо хуйвалдах, хувааж идэх биш. Харин олон түмний төлөө үйлдвэр байгуулах, бүтээн босгох, мэдлэг боловсролыг хөгжүүлэх. Товчоор монголчуудын амьдралыг сайжруулж баталгаажуулаад зогсохгүй монголчуудын ирээдүйг баталгаатай болгох. Энэ бол жинхэнэ ард түмний улс төр.
Энэ л улс төрийг хийж, ард түмнийхээ хувь тавиланг нуруундаа үүрч чадах тэр л хүмүүсийг ард түмэн сонгуулиар сонгодог. Ард түмэн өөрийн амьдралаа даатгах тийм л албатуудыг хүлээж байдаг. Ард түмэн ийм л хүмүүсийг гаргаж ирж, амьдралаа өөрчлөх гэсэн хувьсгалын шинжтэй сонголтуудыг хийдэг. Энэ сонголт сонгуулиар биелэгддэг.
“Ардчилал гэдэг ард түмэн увайгүй удирдагчаасаа цус гаргалгүйгээр салж чадахыг хэлнэ” хэмээн K.Поппер хэлсэн байдаг. Үнэхээр ч ард түмэн амин хувиа бодож, алдхан биеийн төлөө ажилладаг мэдлэг, боловсролгүй удирдагчдаасаа хүч хэрэглэхгүйгээр сонгуулиар салахыг товчхондоо “сонгуулийн хувьсгал” гэж нэрлэдэг.
Ардчилсан сонгууль гэдэг бол нэг хүнийг, нэг улс төрийн хүчнийг дахин дахин сонгох биш. Харин ард түмнийхээ төлөө ажиллаж чадахгүй нөхдүүдийг буулгаж түүний оронд мэдлэгтэй, боловсролтой хүмүүст итгэл хүлээлгэж амьдралаа даатган сонгох үндэстний хүслийн (ард түмний хүсэл)илэрхийлэл.
Б.Гансүх
URL: