“Made in mongolia” шошготой эдийн засгийн алуурчид-3

«Молекул» гэх тодотгол нь улстөр, бизнесийн нөлөөг нь тодорхойлж, суусан газраасаа шороо атгах эрдэм чадалтайг нь илтгэх Батжаргалын Батбаяр гишүүний тухай бичих,

ярих зүйл дэндүү олон. Энэ нь мэдээж «но»-той, «ноц»-той мэдээллийг дагуулах нь их. Гэхдээ Сүхбаатарын талбайн хажуугийн тамхи ширхэглэж зардаг эмээгээс ширхгийн тамхи авдаг, үнэтэй машин унах нь бүү хэл гутлаа тоос татуулан алхдаг гэх мэт зуршил нь түүнийг энгийнээс энгийн нэгэн мэт харагдуулах нь бий. Гэвч энэ бол жүжиг. Өнгөрсөн 2004-2008 оны УИХ-д сууж байхдаа тэрбээр дөрвөн хүүдээ бүх хөрөнгөө хувааж өгсөн. Өөртөө бол өнөөдөр олигтой хөрөнгө байхгүй. Гэсэн ч «Миний дөрвөн хүү Монголын толгой 20 баяны тоонд дөрвүүлээ орно» хэмээн онгирдог тэр­бээр өөрийгөө бол «Надад хө­рөнгө байхгүй ээ. Би ядуу» гэж толгой сэгсрэх нь бий.

Тийм ч учраас түүний энэ бүх заль мэхийн цаана асар их лобби, арга ухаан нуугдаж байдаг гэдгийг нь «Хэрэв миний хүүг Ардчилсан нам УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэвэл би дэвшинэ» гэх хатуу мэдэгдлээс нь харж болно. Түүний энэ үг нь Ардчилсан намаас нэр дэвших эрхийг өөртөө битгий хэл хүүдээ ч худалдан авч чадна гэдгийг нь нотлох бөгөөд сүүлийн үед гэр бүлээрээ Монголын уул уурхайг зүсэлж, нүхлэх бизнест амтшиж эхэлснийг нь дараах баримтууд гэрчлэх биз ээ.

1. Уул уурхайн салбарт гадаадынхнаас дутахгүй өмчлөлтэй дотоодын хөрөнгөтөн бол УИХ-ын гишүүн Батж.Батбаяр. Түүний хүү Б. Батхишигийнх нь нэр дээр байдаг «Талсмаргад» компани улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь баталсан Хөвсгөл далайн эрэгт орших Бүрэнхааны фосфоритын орд дээр 14 ашиглалтын лицензийг эзэмшдэг.

Хэдийгээр Батж.Батбаяр гишүүн «Надад нэг ч бизнес байхгүй. Би хүүхдүүдийнхээ ажилд оролцдоггүй» гэж олонд танилцуулдаг ч улстөрчдөд бол удаа дараа «Бүрэнхааны фосфоритын ордын лицензийг намайг үхсэний дараа та нар хураагаарай» хэмээн пээдэлзсэн нь нэг биш гэх юм билээ. Ямар ч л байсан «Гадаадын эдийн засгийн алуурчид Монголыг сүйтгэх нь» гэж чангахан шиг хашгирах болсон түүний хувьд Бүрэнхааны фосфоритын ордоос олз, ашиг олох замаар монголчуудын цэвэр усны эх үүсвэрийг үгүй хийх нь хайран биш санагдаж буй бололтой.

2. Түүнчлэн Б.Батбаяр гишүүний хүүхдүүд удаа дараа уг ордод эзэмшиж буй ашиглалтын лицензээ Хятадын компанид зарахаар ярилцсан баримт байдаг.

3. Түүний хүү Б.Баттулгын нэр дээр улсаас тендер нэрээр тэрбум төгрөг завшсан баримт ч бас бий. Тодруулбал, Байгаль орчин, аялал Жуулчлалын яам, Ус, цаг уур, эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн 2010 онд Улаанбаатар хотын утааг хэмжих багаж нийлүүлэх тендер зарласанд Батж.Батбаяр гишүүний хүүгийн «Спейшл» шалгарсан байдаг. Гэсэн ч уг компани утааг хэмжих багажийг нийлүүлэхгүй байсаар чамгүй хугацаа алдсан нь бий. Улмаар арайхийж нийлүүлсэн багаж нь ашиглах ямар ч боломжгүй эвдэрхий эд байж. Иймд Ус, цаг уур, эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн «Хүлээж авах боломжгүй» гэснээр тэрбум төгрөгийг утааг бууруулах бус харин утаагаар далимдуулж луйвар хийдэг бизнес эрхлэгчид зүгээр л тавьж туусан байна. Харин Батж.Батбаяр гишүүний хүүгийн энэ булхайн хариуцлагыг «Спейшл майнз» компани бус, тус компанийг хууль бусаар тэрбум төгрөгийн тендерт ялалт байгуулах боломжийг нээсэн Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Д.Бямбаа хүлээсэн байдаг. Тэрбум төгрөгийн төлөө ажлаасаа халагдах хүртлээ төрийн албыг завхруулсан Д.Бямбаа дарга хийгээд Батж.Батбаяр гишүүний хүү хоёрын дунд ямар тохироо болсон нь тодорхой бус.

4. Мөн л түүний хүүгийн нэр дээр байдаг «Спейшл майнз» компанийг тойрсон дуулиан, шуугиан нэг хэсэгтээ л хэвлэлээр өрнөсөн. Аав нь Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон байтал хүү нь аавынхаа тойргийн сонгогчдын хоолыг булаагаад эхэлсэн болохоор арга ч үгүй биз. Учрыг тайлбарлавал Б.Баттулгын «Спейшл майнз» компани нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт алт олборлох нэрийн дор их хэмжээний газар хууль бусаар авсан аж. Тэрхүү газар нь 1052 га газрыг хамрах бөгөөд Б.Батбаяр гишүүний хүү уг газрыг тойруулан хашаа барьж, тухайн газар хувиараа алт олборлож байсан нутгийн иргэдийг хөөжээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар тэрхүү газраас амьдралаа залгуулж байсан 2100 гаруй хүн яахаа мэдэхгүй болчхоод байгаа. Тэдний төлөөлөл болсон 60 гаруй хүн удаа дараа аавтай нь буюу Б.Батбаяр гишүүнтэй уулзах хүсэлт гаргахад «Би ч тэр, манай хүү ч тэр та нартай уулзах шаардлагагүй» гэдэг хариулт өгсөн байдаг.

5. Том хүү Б.Батбилэг нь Иргэний зориг намын гишүүн байсан бөгөөд удаа дараа УИХ- д нэр дэвшиж байсан нэгэн. Гэвч Чингэлтэй дүүргийн сонгогчид түүнд итгэл үзүүлсэн нь үгүй. Иймд тэрбээр намаа сольж, Ардчилсан намд элссэн. Улмаар Б.Батбаяр гишүүн хүүгээ Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшүүлэхээр арга заль хэрэглэх болсон. Мөн хүү нь Чингэлтэй дүүргийн Ардчилсан намыг хоёр хуваах ажлыг гардан зохион байгуулсан гэдэг.

УИХ-ын хамгийн энгийн атлаа хамгийн баян гишүүний бизнесийн булхайг дэлгэхэд нэг ийм. Үүнээс цааш үнэ цэнэтэй обьектийг өөрийн болгосон адармаатай түүх ч бас энэ гэр бүлийг тойрохгүй. Ямар ч байсан Хөвсгөл далайг цаазын тавцанд аваачин барин монголчуудынхаа ундны эх үүсвэрт заналхийлж буй Батж.Батбаяр гишүүнийг тойрсон дээрх мэдээлэл бүгд үнэн гэдэг нь баталгаатай. Тиймээс ч ардчилсан хувьсгалын олз ашгийг хэдүүлхнээ хуваагаад авчихсан «Made in mon­golia» шошготой эдийн засгийн алуурчдын нэг биш гэвэл дэндүү өмгөөлсөн хэрэг болох болов уу.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих