Энэ сонгуульд ИЗНН-ын дарга Д.Энхбат дэвшихгүй байхаар болжээ

ИЗНН өчигдөр УИХ-д нэр дэвшигчдээ тодруулж батламжийг нь гардууллаа. Тус намын жагсаалтын эхний тавд намын дарга С.Оюун, С.Дэмбэрэл, Чингэлтэй дүүргийн ИЗНН-ын дарга З.Ган-Очир, “Нар мон” компанийн захирал М.Хүрэлсүх, “Газар шим” компанийн захирал Ц.Ганбат нар жагсчээ.

Харин УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Д.Энхбат энэ удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй байхаар шийдсэн байна. Түүнээс энэ тухай нь тодруулахад “Иргэн хүн УИХ-д дэвших эсэхээ өөрөө шийдэх эрхтэй. Энэ миний өөрийн шийдвэр. Намайг дэвшихгүй гэхэд намын нөхөд маань “яагаад” гээд дэвшүүлэхээр нэлээд маргалдсан. Би гаргасан шийдвэрээ хамгаалсаар өнөөдөр ийн мэдэгдэж байгаа юм” хэмээн тайлбарлалаа. Сэтгүүлчдийн “Таныг намын жагсаалтын гуравдугаарт жагсаасан болохоор ийм шийдвэр гаргасан юм уу” гэх асуултад ийн хариулсан юм. “Миний нэрийг намын жагсаалтын эхэнд оруулах гэж манайхан дайрсан. Би ч үгүй гэдгээ хэлж ийм шийдвэрт хүрээд байна. Миний ямар учраас нэр дэвшихээ больсныг та бүхэн удахгүй хийх ажлаас минь харж мэдэх болно. Тойруугаар хэлэхэд нэг намын бодлогоор улс төр хиймээргүй байна” гэлээ. Тэрээр УИХ-д нэр дэвшихгүй ч намынхаа даргын албан тушаалаас буухгүй. Намын харьяаллаа ч өөрчлөхгүй гэж мэдэгдэв.

Л.ТӨР


URL:

Сэтгэгдэл бичих