Хакухо: “Бид хожигдчихгүй байх аа”, Г.Өсөхбаяр: “Манай баг хүчтэй”
Их аварга Хакухо тэргүүтэй Монголын сумочид өчигдөр орой эх орондоо ирлээ. Тэд маргааш Бөхийн өргөөнд болох “Их Монголын алтан одод-2″ сагсан бөмбөгийн шоу тоглолтод оролцохоор ирсэн нь энэ. Уг шоуг зохион байгуулагчид сумочдыг онгоцноос буусан даруйд нь тэмцээний талаар хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. Хакухо, Какирю, Асасекирю, Риюү нарын сумочдоос гадна аварга Г.Өсөхбаяр, С.Мөнхбат, арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн юм. Өнөөдөр Кёкүтэнхо, Токитэнкү, Харумафүжи нар Японоос ирэх юм байна.
Хакухо “Үндэсний бөхчүүдийн багийг бэлтгэл сайн хийж байгаа, чанга байгаа гэж дуулсан. С.Мөнхбат аваргыг сайн тоглодог гэж сонссон юм байна. Гэхдээ манай сумочдын баг хожигдчихгүй байх аа. Манай гарааны тав бол үнэн сайн. М.Ананд маань сагсан бөмбөг сайн тоглодог. Манай баг нэг нууц тоглогчтой. Одоогоор тэрийг хэн гэдгийг нь нууцалъя”.
Г.Өсөхбаяр “Манай багт сайн сагсан бөмбөгчид бий. Ер нь манай баг хүчтэй. Сагсан бөмбөг бол багийн спорт. Тийм болохоор манайх багаараа сайн”.
С.Мөнхбат “Тэмцээн дээр бөхчүүд, сумочид зөвхөн сагсан бөмбөгөөр өрсөлдөхөөс гадна өөр олон сонирхолтой тэмцээн уралдаан болох юм гэсэн”.
Хоёр багийн ахлагчид болох Г.Өсөхбаяр, Хакухо нар хэвлэлийн хурлын төгсгөлд “Ямар нэгэн маргаангүй, нөхөрсөг сайхан тоглоцгооё” гээд гар барилцлаа.
Бөхийн өргөөнд болох уг тоглолтын тасалбарын үнэ 15 мянган төгрөг бөгөөд шоунаас олсон орлогыг бүгдийг буяны үйлсэд зориулах юм байна. Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд 20 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж бэлэглэж, хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн 1200 хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардуулах тухайгаа бөхчүүд, сумочид нэгэн дуугаар хэлсэн юм.
Д.САРУУЛ Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН
URL: