Шинээр тодорсон шилийн сайн эр

Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийг шалгаж буй хэрэгт Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга асан Л.Даваацогтыг холбогдуулан Авлигатай тэмцэх газрынхан баривчилсан. Гурав хоног цагдан хорих төвд хоригдсон түүнийг батлан даалтад гаргасан билээ.

Гэтэл тэрбээр мөрдөн байцаалтын шатнаас оргож, сураггүй болоод буй юм. Л.Даваацогтыг хилээр гарсан гэж үзэж байгаа бөгөөд интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байна. Хуучин цагт мал хулгайлж хошуу дамжин хөөдөг байсан эрсийг шилийн сайн эр гэдэг байв. Энэ цагт улсын хөрөнгө шамшигдуулсан “цагаан захтнууд”-ыг шилийн сайн эр гэж хэлэхээр байна.

Боломжийн эрх мэдэлтэй төрийн албанд очоод улсын өмчийг луйврын аргаар бусдад өгч эсвэл аль сайхан орд газруудын тусгай зөвшөөрлийг гадаадынханд олгож хөрөнгөждөг нэг муу жишиг Монголд тогтох шинжтэй. Тэдний хууль бус үйлдлийг хууль хяналтынхан илрүүлж, шалгаж эхлэхээр гадаад руу оргон зайлчихна. Ийм хүмүүсийн нэг нь Л.Даваацогт. Шинээр тодорсон шилийн сайн эр Ашигт малтмалын газрын гол албан тушаалыг хашиж байсан хүн. Хэнд нөөц ихтэй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өгөх, хэний эзэмшиж байсан лицензийг цуцалж, шинээр хэнд өгөх нь үндсэндээ Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын гарын үсгээр шийдэгддэг асуудал. Мэдээж газрын дарга тодорхой хэмжээний үүрэг өгдөг л байх.

Түүнийг үндсэндээ албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн гэх хэрэгт сэжиглэн шалгаж байсан юм. Нэг үгээр хэлбэл “Айвенхоу майнз” компанийн нэр дээр 50 орчим тусгай зөвшөөрөл нэг өдрийн дотор олгосон асуудал. Мөн Д.Батхуягийн тушаалаар гадаадын компаниудад болон хуулиар хориглочихоод байхад 200 гаруй лицензийг бусдад олгосон зэрэг асуудал нь түүнийг ийн хуулийн байгууллагынхан ээрэх шалтгаан болжээ. Мөн хэний зөвшөөрлөөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг олгов гэдэг асуудал Л.Даваацогтыг Монголд байж суухын аргагүй болгосон бололтой. Төрийн албан хаагчийн ямбыг нь эдэлчихээд хариуцлагыг нь хүлээдэггүйн нэг том жишээ нь түүний энэ хэрэг юм. Л.Даваацогт шиг олон сайн эр хэрэг хийчихээд эх орноосоо оргож гарч байлаа. Ойрын нэг жишээ бол Нийслэлийн ИТХ-ын дарга Т.Билэгт юм. Тэрбээр төрийн өмчит байгууллагыг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт ямар ч тендер зарлалгүйгээр өгсөн хэргийнхээ улмаас хуулийн байгууллагаар шалгагдаж байгаад гадаад руу оргон зайлсан. Хэнтий аймгийн банкны салбарын захирал Э.Уянга 110 гаруй сая төгрөг аваад бас оргон зугтсан. Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга хийж байхдаа Д.Сүрэнхор, “Анод” банкны гүйцэтгэх захирал асан Л.Уламбаяр, их хэмжээний татвар төлөхөөсөө зайлсхийж В.Паушок, О.Чулуунбатын хамсаатан, Монголбанкнаас хоёр сая гаруй ам.доллар залилаад зугтсан Ж.Чейлмерс.Тээвэр хөгжлийн банкийг хулхиддаг А.Новожилов, Либерал ардчилсан намын дарга олон хүнийг хулхидаж, их хэмжээний мөнгө аваад оргосон Л.Төрмөнх гээд Монголоос оргон зугтсан сайн эр олон бий. Гэхдээ гэмт хэрэг хийчихээд Монголоос зугтаад сайн эрс яах билээ дээ. Оргон зугтсан хүмүүсийг интерполоор эрэн сурвалжлаад бариад л ирдэг. Д.Сүрэнхорыг яалаа даа. Баривчлаад л ирсэн. “Анод” банкны гүйцэтгэх захирал асан Л.Уламбаярыг ч мөн л ялгаагүй авчирсан. Хэдий гэмт хэргээсээ болж гадаад руу “дүрвэж” байгаа ч тэд хэзээ нэгэн өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд гавлуулчихсан цагдаа нараар тосуулж л таарна. Хэзээд Монголдоо байх хүмүүс зугтаад ч яах юм билээ. Гадаадад бол тэд хэн ч биш шүү дээ. Зарим нь ч тартагтаа тулаад ирж байх нь ч бий. Хийсэн хэргээсээ болж Монголоос зугтаж хүний газар үйлээ үзэж удалгүй баригдаад л ирэхээс хойш эндээ эртхэн шиг учраа олчихвол өөрсдөд нь л хэрэгтэй баймаар юм даа.

Г.ЯЛГУУН

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих